УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн Бага хурлын хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болж буй Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын хүрээнд энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ нь олон талт хамтын ажиллагааны механизм бүх нийтийн төлөө үр дүн гаргах эсэх чадавхыг сорьж буй нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.

Тэрбээр “КОВИД-19-ийн шинжилгээ, эмчилгээ, вакцины хөгжил, үйлдвэрлэл, тэгш хүртээмжийг бий болгоход КОВАКС механизм чухал хувь нэмэр оруулж байгаа нь олон талт хамтын ажиллагаа үр дүнгээ өгч буйн тод жишээ гэдгийг онцлов. Тиймээс КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл ужиграх тусам эдгээр сорилтыг улс орнууд дан ганцаар даван туулах боломжгүй тул олон талт механизмаар дамжуулан нэгдсэн шийдэл олохын төлөө нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. 

Бага хуралд 110 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд дээрх хэлэлцүүлэгт ОХУ, БНСУ, Япон, Энэтхэг, Афганистан, Монтенегро зэрэг 15 орны парламентын төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. 

Мөн өдөр болсон “Цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэхэд цогц зохицуулалт хийх шаардлага” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат нар оролцлоо. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)