Э.Цэндбаатарыг ёс суртахууны алдаа гаргасан тул шигшээ багаас хасчээ

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан гэв.

Өнгөрсөн долоо хоногт холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон боксчид "Наран" плазагийн зургадугаарт давхарт байрлах "New York Liberty" ресторанд зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгт Э.Цэндбаатар мөн л оролцож, өөрийгөө зодуулсан гэж олон нийтийн сүлжээгээр зарласан. Гэхдээ энэ нь түүний орооцолдож буй анхны асуудал биш. Анх 2017 онд хэсэг боксчид Хандгайт дахь бэлтгэлийн баазаасаа оргож, хотод шөнийн цэнгээний газар явж байгаад Э.Цэндбаатар бусдад зодуулж, машинаар мөргүүлэн биедээ хүнд гэмтэл авч байсан. Үүний дараа 2020 онд тэрбээр Орхон аймагт тэмцээнээр явж байх үеэр дасгалжуулагч, багшдаа зодуулсан хэрэг гарсан. Өнгөрсөн оны сүүлчээр гудамжаар нүцгэн алхаж, орилсон гээд үе үе олон нийтийн анхааралд өртөх болсон.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)