Төрийн гурван өндөрлөг хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

 

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газар, нийслэлийн төр, захиргаа, Зэвсэгт хүчин, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх үед Төрийн хүндэт харуул жагсаж, хөгжимд гашуудлын ая эгшиглэв.

Монгол Улсын Их Хурал жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгохоор 1996 онд шийдвэрлэсэн юм.

Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн гэх иргэдээс өнөөдрийн байдлаар 31,357 иргэнийг цагаатгаад байна. 1998 оноос хойш нийт 19,434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор жил бүр ном, бүтээл хэвлүүлдэг бөгөөд 2021 онд “Дилов хутагт Жамсранжавын дуртгал” ном, “Завхан аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан хүмүүс” эмхэтгэл гаргаж олон нийтийн хүртээл болгосон байна.

Улсын хэмжээнд дээрх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай 31, хөшөө 79, суварга 47, самбар 29, дурсгалын багана 27, музейн булан 16, нийт 229 объект байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)