Д.Бумдарь: Хууль тогтоогчийг сонгох ёстой юу, эсвэл тухайн тойрогтоо ажилладаг хүнийг сонгох ёстой юу гэдэг нь мажоритор системийн том асуудал

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Манай улсад сонгуулийн ямар тогтолцоо тохирох вэ?

-Тухайн улсынхаа онцлог байдал, газар зүйн байршил, засаг захиргааны нэгжийн хуваарилалт болон Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалттай холбоотойгоор сонгуулийн системийг сонгодог. Манай улс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр мажоритор системтэй байхаар тогтсон. Тэгэхээр бид 50%+1, эсвэл тухайн санал өгсөн саналын олонх гэдэг системээр явах нь тодорхой. Тухайлбал, 50+1 тохиолдолд мажоритор системийн дутагдалтай талуудыг бид анзаарч байгаа байх. Өөрөөр хэлбэл, 50 хувь дээр нэмэх нь нэг хүний саналаар ялж байна гэдэг нь үлдсэн 49 хувийн санал, хүсэл сонирхол, итгэл үнэмшил гээгдэж байна гэсэн үг. Тиймээс энэ нь манайд хамгийн том дутагдалтай тал болчихоод байна. Нөгөө талаар манай улсад тойргийн асуудал хэцүү болчихдог.

Можиратор систем бол тухайн тойрог томрох тусмаа санхүүгийн хувьд боломжтой, танигдсан, өөрийн гэсэн багтай, улс төрийн нам нь нэр хүндтэй, үндэсний хэмжээнд байх гэсэн олон нэмэлт хүчин зүйлийг шаарддаг. Тиймээс энэхүү шаардлагууд нь бүрдсэн нэр дэвшигчид давуу байдал үүсдэг. Нөгөө талаас төлөөлөгч болж буй гишүүн УИХ-д суухдаа Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийн төлөө хууль батлах ёстой байдаг. Гэтэл “Тойрогтоо ийм юм хийлээ, ийм хандив өглөө..” зэрэг тойрогтоо ажиллаж буй мэдээллийг ихээр анзаардаг байх. Энэ нь мажоритор систем бидэнд төлөөлөгч болсон гишүүн орон нутгийн, тойргийн шинжтэй ажил хийх, сонгогчдын санал авахын тулд тойргоо сайн “тордох” гэсэн соёлыг бий болгосон нь харамсалтай.

-Манайхан сонгуулийн тогтолцоогоо эсэргүүцдэг ч цагаа тулахаар сольж чаддаггүй...

-Тойргоо хадгалж явах гэдэг том соёл нь өнөөг хүртэл явчихсан. Ер нь салбарын судлаачид сонгуулийн системийг солиход “Улс төрийн эр зориг хэрэгтэй” гэж ярьдаг л даа. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ярихад сонгуулийн санал хураах аргачлалыг өөрчилж чаддаггүй. Энэ нь өөрийн сонгогддог тойрог, сонгуульд оролцдог арга барилаа солихгүй байх улстөрчдийн хүсэл юм даа.

Уг нь 21 засаг захиргааны нэгжээс 21 гишүүн мажоритар системээр сонгогдох, үлдсэн нь пропорциональ системээр гарч ирэх гэдэг ч юмуу сонгуулийн системийг өөрчлөх боломжууд байх боломжтой. Манай улсад мажоритор системтэй байх шалтгаанаа засаг захиргааны нэгжийн аюулгүй байдал буюу газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбож тайлбарладаг. Тиймээс тухайн тойрогт нэг төлөөлөгч байна гэдэг байдлаар тайлбарладаг. Гэхдээ хүн амын төвлөрөл, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг аваад үзэхээр нийслэлд тойргийн тоо их байх зайлшгүй шаардлагатай. Мажоритар байсан ч гэсэн тойргоо хэрхэн хуваах, сонгогчийн тооны харьцаа зэрэг тодорхой байх ёстой. Орон нутгийн нэг сонгогчийн саналын жин нийслэлийн сонгогчдын саналын жинтэй тэнцүү байх ёстой. Ингэж байж сонгууль эрх тэгш шударга боллоо гэж хэлмээр байдаг.

-Франц улс яг манайх шиг мажоритор тогтолцоотой. Гэхдээ хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг хооронд нь дахиж өрсөлдүүлдэг гэж сонссон. Энэ ямар учиртай юм бол?

-Мажоритор систем нь дотроо нэлээд хэдэн аргачлалтай. Ялагч бүхнийг авах, эсвэл үнэмлэхүй олонхын санал авсан байх, эсвэл намд өгсөн саналын үзүүлэлтүүр бүх тойрогт ялсан гэж үзэх зэрэг санал өгөх аргачлал, тооцох нь өөр байх хувилбарууд байдаг. Франц улсын хувьд хоёр шатлалтай мажоритор системээр явдаг. Таван хүн нэр дэвшлээ гэхэд хоёрдугаар шатанд нь эхний хоёрт орсон хүмүүсийг өрсөлдүүлдэг гэж ойлгож болно. Энэ бол санал гээгдүүлэхгүй байхын тулд авч байгаа арга хэлбэр, нөгөө талаар бүх нийтээр хүлээн зөвшөөрүүлж байна гэж ойлгож болно. Нэг үгээр бол нэг шатлалт мажоритор системийн сул талыг засах зорилготой арга.

-Манайхан өөрсдөө сонгож гаргачихаад маргааш нь зүхээд эхэлдэг шүү дээ. Үүнээс яаж салах вэ?

- Тойргоо торддог учир ийм хандлага сонгогчидод тогтсон байх талтай.Сонгогдсон гишүүндээ хандаж дэмжлэг авах, асуудлаа шийдүүлэх гэсэн соёл манайд суучихсан. Гэтэл гишүүний хийх ёстой ажил гэж байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг харахад ойлгоно. Хамгийн чухал ажил нь хууль батлах юм. Гэтэл хууль батлах гишүүн нь асуудлыг нь шийдэж өгөхгүй тохиолдолд таг боллоо, бидэнд үйлчилсэнгүй гэх хандлага байдаг. Сүүлийн хоёр жил ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн амьдрал, хэв маягт маш их өөрчлөлт гарч байна. Үүнтэй холбоотой цахимаар бие бие рүүгээ дайрч, доромжлох, эсвэл иргэдийн тодорхой төлөөлөл цахимд үзэл бодлоо илэрхийлэхийг нийт олонхын төлөөлөл гэж үзэх сөрөг байдал нийгэмд байна. Тиймээс бусдыг ор үндэсгүй “буруушаах” байдал ажиглагдаж байхыг үгүйсгэхгүй. Бодит байдал дээр гишүүд хуулийн төсөл дээр хэр ажиллаж байна, хуулийн үр өгөөж, судалгаа хэр хийгдэж байна, батлагдсан хуулийн нийгэмд үзүүлэх үр нөлөө зэрэгт анхаарах байдал бараг байхгүй гэж хэлж болно. Товчхондоо асуудлын ач холбогдлын эрэмбийг ялгах байдал алдагдсан гэж хэлмээр санагддаг. Нөгөө талаар хууль батлах явцтай холбоотой сурталчилгаа, танилцуулгыг илүү ихээр хийвэл гишүүдийн үндсэн ажлыг ойлгох байх гэж бодож байна.

-Олон улсын жишигт сонгуулиар том намууд жижиг намаа санхүүжүүлж сөрөг хүчний саналыг хуваадаг гэх юм билээ. Энэ талаар тодруулж ярьж өгөхгүй юү?

-Энэ бол сонгуулийн тактик байж болох талтай. Сонгуулиар улс төрийн нам ялахын төлөө өрсөлдөж байгаа. Тэгэхээр улс төрийн нам бүхэлдээ ийм зорилготой орох боломжгүй, тодорхой тойрог нэр дэвшигчдийн дунд өрнөж болох юм. Манайд одоогоор бүртгэлтэй 30 гаруй нам байна. Сонгууль дөхөх үед “амь ордог” гэж хэлж болно. Тэгэхээр энэ бол манайд үйлчилдэг сонгуулийн тактик юм болов уу.

-Нөхөн сонгуулийн суудал намуудад ямар ач холбогдолтой гэж та харж байна. МАН, АН хоёр бүлэгтэй, бусад намууд гарлаа гэхэд бүлэгт хүрэхгүй гээд байгаа шүү дээ?

-Намуудын хувьд ач холбогдол харагдахгүй байна. Харин нэр дэвшигчдийн хувьд ач холбогдолтой байх төлөвтэй. Зарим нэр дэвшигч бүрийн зорилго өөрөөр ажиглагдаж байна. Тухайлбал, сонгогдох чин хүсэл байхад, намын рейтинг өсгөх, нөгөө хэсэг нь санал хуваах зорилгоор оролцож байгаа болов уу. Харин МАН-ын нэр дэвшигчийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-тай эвссэнтэй холбох бүрэн боломжтой. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших олон кандитатууд байсан. Гэвч Э.Батшугар нэр дэвшлээ. Үүнд нэг их тайлбар хэрэггүй байх гэж бодож байна.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллахаар болсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Улс төр судлаач хүний хувьд энэ үйл явцыг та юу гэж дүгнэж байгаа вэ. Сүүлд нь ингэж нэгдэх байсан бол өөр өөр үзэл баримтлалтай намууд байх шаардлага байна уу?

-Ерөнхийлөгчийн албыг хашсаны дараахь албан тушаал нь мэдээж зөвлөх, их сургуулийн профессор байж болно ч гэдэг юмуу дараагийн чөлөөт амьдралаа сонгох нь түгээмэл. Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн нэр дэвших асуудалтай холбоотой “олон тэмцэл”-ийг өрнүүлсэн. Гэвч үр дүн нь дэвшиж чадаагүй. Тэгэхээр зөвлөхөөр авсан нь “ямар нэгэн том” асуудал байна гэж гаднаас нь харахаас өөр аргагүй юм. Харин доторх асуудлыг “тэд” өөрсдөө мэдэх байх.

-Ер нь манай улс төрийн намууд нэг л төлөвшөөгүйг сүүлийн үед өрнөж байгаа үйл явцууд гэрчлээд байна уу. Манай улсын улс төрийн намуудын төлөвшлийн ижил тогтолцоотой, ижил системтэй орнуудын яг хаана нь явж байна?

-Улс төрийн намын төлөвшлийн тухайд сайн биш. Өнөөгийн нөхцөл байдлыг харсан ч олон намын систем огт төлөвшиж чадаагүй байна. Улс төрийн намын төлөвшил явагдахын тулд ядаж улс төрийн намын дотоод ардчилал, санхүүжилт, нэр дэвшилт, мерит зарчим, намын бодлого, үзэл баримтлал, зохион байгуулалт, гишүүнчлэл, бүтэц зэрэг маш олон зүйлс хамааралтай. Төрийг эмхлэн байгуулж, үзэл баримтлалын дагуу хөгжлийг нийгэмд авчрах чадамжтай байсан бол арай өөр дүр зураг нийгэмд байсан байх аа. Гэтэл бүртгэлтэй намын тоо 34 байгаа ч нэг л эвээ олохгүй байгаа нь үүний илрэл юм. Одоо хүлээж байгаа зүйл Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд дорвитой өөрчлөлт орвол төлөвшил хийгдэх болов уу гэж найдаж байна.

-Нэг намд хэт их эрх мэдэл төвлөрөх нь ардчилал бүдгэрэх аюултай талаар хүмүүс сүүлийн үед их ярих боллоо. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг намд хэт их эрх мэдлийг сонгогчид өөрсдөө төвлөрүүлж байгаа шүү дээ. Энэ бол ардчилсан сонгуулийн үр дүн. Сонгочихоод хэт их эрх мэдэл төвлөрлөө гэж ярих зохимжгүй. Сонголт хийх үедээ бодох ёстой. Өмнө нь эрх мэдэл төвлөрүүлж байсан үе байсан уу гэвэл байгаа. Тэр ой санамж, туршлага, нэг намд итгэл хүлээлгэснээр бид юу хожсон бэ гэдэг зүйлийг суралцаагүй байна гэсэн үг. Нэг нам үнэмлэхүй байгаа үед ямар зүйл болж байна гэдгийг иргэд харж, суралцах байх. Суралцах процессынхоо явцад ямархуу хэлбэрийн тогтолцоо бидэнд хэрэгтэй, ямар хэлбэрийн улс төрийн намын систем бүрэлдэх вэ гэдэгт хариулт гарсаар байна. Энэ нь бидний яалт ч үгүй туулах ёстой процесс юмуу даа.

-Төр засгийн эрхийг барьж байгаа лидерүүдийг та хэрхэн дүгнэж байна. Иргэдийн зүгээс “Эргэж буцсан шийдвэр гаргаад байна” хэмээн шүүмжлээд байгаа шүү дээ?

-Бие хүний хэв шинж, элитийн зан чанар, лидерийн манлайллын асуудал. Өнөөдөр засаг эргэж буцсан шийдвэр гаргаж байна гэдэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Засгийн газрыг тийм амархан огцруулах боломжгүй учир алдаа гарвал засаад байгаатай холбоотой юм. Нөгөө талаас уялдаа холбоо, асуудлыг шийдэх хурдтай холбоотой байх.

Ер нь бол цар тахалтай холбоотой бие улстөрчийн манлайллын асуудал их чухал цаг үе байж магадгүй. Манлайллыг хүлээн улс төрийн, ажлын үр дүнгийн хүлээн зөвшөөрөгдөлтөөр хийх боломжтой.

 

Р.ХИШИГЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)