Хятад, Япон, Өмнөд Солонгос Хойд Солонгост сануулга өгөв

Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд Хойд Солонгосын цөмийн шинэ туршилтуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, сануулга өгсөн гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Бак өчигдөр мэдэгдлээ. 

Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд Хойд Солонгосын цөмийн шинэ туршилтуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, сануулга өгсөн гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Бак өчигдөр мэдэгдлээ. И Мён Бак Бээжинд гурван талын уулзалтад оролцсоныхоо дараа “Бидний гурван орон Хойд Солонгосын цаашдын өдөөн хатгалга, цөмийн туршилтуудыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.
Тэрбээр Бээжинд хотод зохиогдсон нэг өдрийн дээд хэмжээний уулзалтад Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао, Японы Ерөнхий сайд Ёшихико Нода нартай уулзсан юм. Дээд хэмжээний уулзалтын зорилго нь Хойд Солонгосын пуужин болон цөмийн хөтөлбөрийн асуудлаар нэгдмэл байр сууринд хүрэх явдал байжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Хятадын Ерөнхий сайд В.Зябао “Бид гурав Солонгосын хойгийн асуудлыг намжаахад дарамт үзүүлж, яриа хэлэлцээрийг дахин явуулах болно” гэжээ. 
Энэхүү уулзалт Хойд Солонгосын алсын зайн тусгалтай “Унха-3” пуужингийн туршилт амжилтгүй болсноос нэг сарын дараа болж байгаа юм. Хойд Солонгос олон улс болон НҮБ-ын шүүмжлэлийг үл тоон пуужин хөөргөсөн ч хэдхэн минутын дараа дэлбэрч унасан билээ. Тус улсыг цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай пуужин турших гэж байгааг дэлхийн олон орон эсэргүүцэж байсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгос газар доорхи цөмийн туршилтад бэлтгэж байгаа аж.
 Хэрвээ тус улс газар доор цөмийн бөмбөг дэлбэлбэл энэ нь тус улсын гурав дахь ийм туршилт болох юм байна. Хиймэл дагуулаас авсан зургаар Хойд Солонгосын зүүн хойд зүгийн цөмийн туршилтын талбай болох Пунгги-ри хэмээх бүс нутгийн газар доор шинэ хонгил ухсан нь илт байгаа гэнэ. Энэ бүс нутагт 2006, 2009 онд цөмийн бөмбөг туршиж байжээ. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)