Ш.Гунгаадорж: Цар тахлын үед эв нэгдэлтэй, сахилга баттай, дэг журам сайтай ажилламаар байна

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадоржтой ярилцлаа.


-Та нийгэмд өрнөж байгаа улс төр, цаг үеийн асуудлуудыг хэрхэн ажиж сууна даа?

-Цар тахалтай холбоотойгоор улс орны эдийн засаг, нөхцөл байдал, явц зарим талаараа урагштай биш харагдаж байна.

Уг нь урагштай байлгахын төлөө Засгийн газар түвшин, түвшиндээ ажиллаж байгаа ч гэсэн объектив, субьектив янз бүрийн шалтгаанаар тэр болгон бүтэх, бүтэхгүй асуудлууд байх шиг. Засгийн газрын хувьд ерөнхийдөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Намрын чуулган ч эхэллээ. Засгийн газар улам сайн ажиллаж, ард түмнийхээ санал сэтгэгдлийг сайн авч, тэрэнд түшиглэн ажлаа явуулахад анхаарах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар тариа буудайны асуудалд их л тайван чимээгүй яваад байх юм. Цаг агаар цаашилж байхад тариа хураалт маань дундаа ороогүй явж байх жишээтэй. Энэ мэтчилэн ирэх жилийнхээ хүнсийг бэлтгэх ажилд засаг төрийн зүгээс ч анхаарах ёстой.

-Засгийн газрын үйл ажиллагаанд ард түмэн нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. АН-ын зүгээс хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг танхимаараа огцрохыг шаардаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Ковидын хуулиар далимдуулж Засгийн газар эрх мэдлийг гартаа авч, УИХ ямар ч чадамжгүй байна гэх юм?

-Нийгэмд тийм яриа хөөрөө байх шиг байна. Тэрэнд ул суурьтай хандах ёстой байх л даа. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад үгийг нь сонсохгүй ажиллаад байгаа байдлыг би хувьдаа ажиглахгүй байна. Яахав, тодорхой хүмүүс юм уу сөрөг хүчний нүдэнд өө хайж байгаа нөхцөлд сиймхий цоорхой харагдаж л байгаа байх. Мэдээж Засгийн газарт дутагдал байлгүй яахав. Ер нь шуурхай ажиллах, асуудлынхаа дэс дарааллыг зөв тогтоох, алинаас нь эхлээд алинаар нь дуусгах вэ гэдэг тал дээр жаахан учир дутагдалтай. Тайван байгаа юм уу даа гэмээр харагдаж байгаа. Иймэрхүү цоорхой, сэжмийг ажиглаад Засгийн газрыг олигтой ажиллахгүй байна, огцруулъя гэдэг санаа зарим иргэдээс, сөрөг хүчнээс гарч жагсаал цуглаан хийж байна. Энэ бол байх л асуудал. Гэхдээ өнөөдөр бодитойгоор Засгийн газрыг огцруулах шалтгаан үүсээгүй байна.

-Яагаад?

-Засгийн газраа огцруулаад юу хожих вэ гэдгийг хаа, хаанаа бодох ёстой. Монголчууд Засгийн газраа ямар огцруулж үзээгүй биш. Засгийн газар огцрохоор үймээн шуугиан, дээр дооргүй бужигнаан болдог. Ингээд улс орны ажлыг явуулахад цаг алдана. Өнөөдөр цар тахлын үед аль болох эв нэгдэлтэй, сахилга баттай, дэг журам сайтай ажилламаар байна. Дутагдал доголдлыг нь шүүмжлэх нь зөв. Гэхдээ огцруулах бол эцсийн арга хэмжээ биш. Тэрний наана хэлэх ярих, шаардлага тавих асуудлууд бий. Миний хувьд МАН-ынх болохоор Засгийн газрыг хайрлаад огцруулахгүй гээд байгаа юм биш. Яриад хэлээд, шүүмжлээд ажиллуулах цаг хугацаа байна шүү дээ. Засгийн газар нь өөр өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж, Ерөнхий сайд нь салбарын сайдуудтайгаа тулж хатуухан шахаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Түлш, шатахууны хомсдолтой холбоотой ундарсан асуудлуудад хариуцлага тооцох тал дээр Ерөнхий сайдад дутагдал байна уу даа. Өөрөө ч их аажуухан, тайван хүн юм. Ерөнхий сайдын зүгээс шаардлага хэрэгжүүлэх, танхимынхаа гишүүдтэй нэлээд хатуухан тулж ярих ёстой.

-Цар тахлын үед парламент сул ажиллаад байна. Эдийн засаг хэцүүдээд байхад ээлжит бусаар хуралдахгүй гүрийсээр намрын чуулгантай золголоо доо?

-Яриа байхгүй, үүнтэй санал нэг байна. Ер нь ийм үед УИХ ингэж удаан хугацаагаар, хуучин тайван цагийнх шиг налайгаад байх ёсгүй. Гишүүд нь хаана яваа нь ч мэдэгдэхгүй, юу хийж байгаа нь ч ойлгомжгүй ингэж хоёр, гурван сарыг өнгөрөөх шаардлага хэрэгцээ байгаагүй байх. Цаг үеийн нөхцөл өөр байна. Энэ чинь ганц Засгийн газрын асуудал биш. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ бүгд нэгдэж, нийлж ажиллаж байж энэ бэрхшээл зовлонгийн цаана нэгдсэн хүчээр гарах юм шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр Их хурал учир дутагдалтай, цаг үеэ мэдрэхгүй ажиллав уу даа. Одоо нөхцөл байдал жирийн тайван үеийнх шиг биш байна. Хатуухнаар хэлбэл, байлдааны цаг үеийн байдал шахуу байна. Тэгэхээр цар тахалтай байлдах арга тактик бүрэн хэмжээгээрээ явагдаж чадахгүй, дийлж, дийлдээд, холилдоод яваад байна шүү дээ. Үүн дээр Төрийн гурван өндөрлөг хамтын хүчээр явж байж цаана нь гарна. Үүнээс гадна улсын өчнөөн төчнөөн ажил ундарч байна. Хатуу цаг ирж байна. Ийм үед өвөлжилтийн бэлтгэл юу болж байна вэ. Хадлан, тариа гээд том ажил өрнөнө. Орон нутагт болон хэдэн компанийн үйл хэрэг болгоод орхиж болохгүй. Бүгд энэ асуудалд анхаарал тавьж байж цаана нь гарна. Ингэж байж ард түмнийхээ жилийн хүнсний хэрэгцээг хангана шүү дээ.

-Хоёр жилийн хугацаанд хамаг юмаа хаагаад хөл хорио тогтоолоо. Үр дүн гэж байна уу?

-Байхгүй болоод өвчин улам нэмэгдээд байна. Хөл хорио бол манай улсын хувьд байгаа олсон буудалт биш байжээ. Тиймээс Засгийн газар хөл хориог одоо больё гэж байх шиг байна. Иргэд, айл өрх, албан байгууллага хувь хувьдаа дэг журмаа сахиж чадах юм бол цар тахал давагдашгүй хүчин зүйл биш юм шиг харагдаж байна л даа. Иргэн бүрийн ухамсар, хариуцлагыг шат шатанд нь үүрүүлж ажилласан бол нөхцөл байдал арай өөр байх байсан ч байж болох юм. Нас барсан болон халдварлаж байгаа хүмүүсийн ч тоо хорогддоггүй. Хөл хорио юу өгөв. Эхний хөл хорионоос л дүгнэлт хийгээд арай өөр арга хэмжээ авч эхлэх ёстой байжээ гэдэг нь харагдаж байна шүү дээ.

-Улс орны нөхцөл байдал иймдээ тултал сөрөг хүчин муу ажиллачихав уу?

-За даа, сөрөг хүчин гэж байна уу. Сая Засгийн газарт шаардлага хүргэх шиг боллоо. Сөрөг байх нь байтугай өөрсдөө дотроо сөрөг болчихоод яахаа мэдэхгүй байгаа юм биш үү. Уг нь АН бол гол сөрөг хүчин. Сөрөг хүчин сайн ажиллах юм бол эрх барьж байгаа Засгийн газарт ташуур өгнө. Нэлээд чухал байх ёстой. Гэтэл энэ сөрөг хүчин өөрөө өөрийгөө яая гэж байх шиг байна. Юуны өмнө АН дотроо эв нэгдлээ хангаад жинхэнэ сөрөг хүчнийхээ үүргийг хангамаар байна.

-Шатахууны хомсдолд орсон өдрүүд стратегийн түүхий эдийн хувьд хоёр хөршөөс хараат байгааг ард түмэнд дэндүү мэдрүүллээ. Нефть боловсруулах үйлдвэр ус агаар мэт хэрэгтэй байгааг ч сануулаад авав. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Манай улс шатахууны хувьд хоёр хөршөөс хараат гэдэг нь урьд нь ч үе үе мэдрэгдээд байсан. Сая бол яс махандаа хүртэл мэдэрлээ. Одоо нефть боловсруулах үйлдвэрээ түргэн босгох тал дээр анхаарах хэрэгтэй. Манайх нэг юм үүсгэчихээд тэрнийгээ бушуухан шиг ашиглалтад оруулаад үр шимийг нь үзэх тал дээр учир дутагдалтай. Нэг юм эхлээд он, сарыг нь тавьчихаар болчихдог юм шиг санаа амраад суучхдаг монгол хүний нэг зан юм уу даа. Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэр баригдаж эхлээд гурван жил болчихлоо. Энэ хооронд хэд хэдэн үйлдвэр барих хугацаа өнгөрлөө. Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийхээ үйлдвэрт Төрийн гурван өндөрлөг анхаарлаа хандуулаад явах хэрэгтэй. Ганц шатахуунаас бол олон удаа хор хохирол амслаа шүү дээ. Энэ үйлдвэрт юу хэрэгтэй байдгийг нь манай засаг төр хурдан шийдчихмээр юм.

-Ковидоос болж хил гааль дээр ачаа нь гацсан гэдэг тайбартай яваад л байх шиг. Үүнээс гадна эмийн хомсдолд орж, иргэдээ эмчилж чадахгүй сандарч байв. Ер нь хомсдолын шалтгааныг ковидод тохох юм байна шүү дээ...

-Манайхан чинь нэг юм руу бурууг чихэхдээ гаргууд л даа. Ковид бол шатахууны үйлдвэр ашиглалтад ороход юунд нь саад болох вэ дээ. Бинзен шатахуунаа татаж авахад ковид нөлөөлөхгүй. Явдаг улсууд нь яваад, хийдэг хэлэлцээрээ хийгээд ирэх боломжтой. Аль түвшинд байдаг юм болохгүй бол Ерөнхий сайд нь ,Ерөнхийлөгч нь ч явсан яадаг юм. Гал ассан түймрийг унтраахад цаг их алдах юм. Бэлчээрийн малчны сэтгэлгээгээрээ тайван байгаад байдаг заншлаасаа татгалзмаар байна л даа.

-Ингэхэд манай улс хөрштэйгөө шинэ түвшинд ямар бодлого баримталж, яаж харилцах вэ?

-Хоёр хөрштэйгөө сүүлийн 30 жилд харилцаж ирсэн харилцааг айхавтар өөрчлөөд яахав. Гурав дахь хөрш байх ёстой. Гэхдээ уулын бугыг хараад унаснаа хаяна гэгчээр хоёр хөршөө орхиж болохгүй. Тиймээс хоёр хөрштэйгөө уламжлалт харилцаагаа бодлогын түвшинд яаж шинэчлэх үү, Монгол Улсын эрх ашигт нэн тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхээр гэрээ хэлэлцээр удирдагч нарын түвшинд явуулах асуудлаа бодмоор. Өндөр дээд түвшний уулзалтуудыг санаачилж хийх хэрэгтэй. Ингэхдээ улсынхаа эрх ашиг, хөгжил дэвшилд нэмэр болохуйц яриа хэлэлцээр хийж, өндөр түвшинд тохиролцож, ингэж өгөөж авах нь чухал юм шиг харагдаад байна л даа.

-Манай Засгийн газрын тэргүүнийг нэн залуу Ерөнхий сайд гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Тийм учраас туршлагагүйтээд байна уу гэсэн шүүмжлэл бий. Засаг төрийн бодлогыг зангидаж байсан хүний хувьд та энэ тал дээр ямар дүгнэлттэй байна вэ?

-Засгийн газрын сайдууд нь цөм залуу, ихэнх нь туршлага багатай улсууд харагдаад байх юм. Туршлага хэзээд ч хэрэгтэй, татгалзаж, ухарч болохгүй. Энэ бол анхаарах ёстой асуудал.

-МАН ахмадуудаа хүлээж авч, үгийг тань сонсдог уу?

-Яахав, дээр хязгаартай даа. Жилд нэг удаа уулзах юм байсан. Одоо ч байхгүй болсон доо. Тэр ч одоо бидний ярих зүйл нэлээд элэгдсэн байдаг юм байлгүй дээ.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс хамгийн ахмад нь Д.Содном гуай та хоёр л байна даа. Та хоёр маань уулзаж, санаа бодлоо хуваалцаж байх юм уу?

-Хааяа утсаар ярина аа, ярина. Бид хоорондоо ярихаас илүү бидний яриаг сонсож байх нь чухал юм даа.

-Уг нь төр засаг удирдаж байсан хүмүүсийнхээ туршлагаас суралцаж баймаар юм?

-Уулзаж, ярьж, зөвлөж байхад илүүдэхгүй. Залуу удирдлагууд, залуу үеийнхэн анхаарах л ёстой. Нэгдүгээрт, бидний яриа таалагдахгүй, хоёрдугаарт, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг юм болов уу даа. Ер нь засаг төрөөс хөдөө аж ахуйдаа хэрэгжүүлж байгаа дорвитой арга хэмжээ алга. Мал аж ахуй зүгээр улирлын чанартай явж байгаа. Бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар төрийн бодлого болгоод хэрэгжүүлж байгаа зүйл миний харж байгаагаар алга даа.

-Манай улс олон сая малтай хэрнээ эдийн засаг уул уурхайгаас 80 хувь хамааралтай. Таныхаар эдийн засгийн суурь бааз аль нь вэ?

-Уул уурхай монголчуудыг нэг хэсэгтээ амьдруулах байх. Гэхдээ газрын доорх баялаг барагддаг. Хөдөө аж ахуй гэдэг бол мөнхийн ундаргатай баялаг. Үргэлж оргилж, ундарч, ард түмнээ тэжээж байдаг барагдашгүй баялаг. Тиймээс хөдөө аж ахуй руугаа, ялангуяа мал аж ахуй руугаа төр засаг бодлогоо илүү чиглүүлмээр байгаа юм. Малчид, мал аж ахуй руугаа чиглэсэн тодорхой бодлого явуулмаар байна. Зуд болоход уулын хярд байгаа хэдэн малчид маань малтайгаа, хүнтэйгээ сүйд болдог. Цаг сайхан байвал малаа өсгөөд явдаг. Байгалийн аясыг дагасан ийм байдлаар 21 дүгээр зууныг дуусгаж болохгүй байх. Бэлчээрийн мал аж ахуй Монголд байх шаардлагатай юу гэвэл байж таарна. Дэлхийд манай орон бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлийг хадгалж байгаа ганц улс орон шүү дээ. Би тухайн үедээ Засгийн газар, Их хуралд санал дэвшүүлж байсан. Ер нь цаашид бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн эрхлэх юм, энэ хэдэн малчдаа яаж анхаарч, ямаршуу байдлаар тэдэндээ үйлчилгээг нь хүргэх зэрэг санал дэвшүүлж байлаа. Ерөөсөө манай улсын эдийн засгийн суурь бааз бол мал аж ахуй шүү дээ. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал болоход Монгол Улс ганцаараа малынхаа буянаар хямралд айхавтар өртөөгүй юм шүү.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН, МАХН нэгдсэн шийдвэрийг та дэмжиж байгаа юу?

-Нэг угшилтай, нэг л нам шүү дээ. Янз бүрийн шалтгаанаас болоод хоёр хуваагдаад арав гаруй жил явсан. Түүхийнхээ учир тавилангаар, зайлшгүй шалтгаанаараа нийлэх нь гарцаагүй байсан. Тэр хугацаа нь болоод ингээд нийлж, нэгдсэн бодлоготой болоод явахаар байх шиг байна л даа. Нийлж байгааг зөв гэж бодож байгаа. Хэдэн жил тусдаа явсны хэрэг улс оронд ч, намд ч гарсангүй. Харин цаашид бодлогоо нэгтгээд явбал улс оронд маань ч хэрэгтэй.

-Та намынхаа лидер улстөрчдийн талаар юу хэлэх вэ. С.Баяр, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, Сү.Батболд гээд тодорхой кадрууд байна шүү дээ?

-Ерөнхийлөгч бол намаасаа холдоод явсан ч манай намын аргагүй л нэг лидер байлаа. Лидерийнхээ үүргийг ч нэлээд гүйцэтгэсэн. Залуу улстөрч гэвэл одоогийн Ерөнхий сайд байна. Дараа дараагийн үеийн лидерүүд төрнө биз дээ. С.Баяр, Н.Энхбаяр, Сү.Батболд гээд манай намын хуучин кадрууд өнөөдөр учир дутагдалтай, янз бүрээр яригдаж байгаа ч гэсэн аргагүй тулгуур, үндсэн хүчин кадрууд. Энэ хүмүүсийн намд оруулсан хувь нэмэр, намыг авч явж байсан үйл хэргийг нь үгүйсгэх арга байхгүй.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга танай намыг тараана гэж байсныг та юу гэж харж байсан бэ. Гэтэл ингэж ярьж байсан хүн өнөөдөр Ерөнхий сайдад зөвлөж байгаа шүү дээ?

-Энэ бол тун мунхаг шийдвэр. Мань хүний ерөнхий улс төрийн ойлгоцын хэмжээндээ л гаргасан шийдвэр юм уу даа. Намыг тараах асуудалд өөр олон шалтгаан байх ёстой. Өмнөх Ерөнхийлөгчийн хувьд их л болчимгүй алхам хийчихлээ дээ гэж харж байсан. Би Ерөнхий сайд байсан бол ийм хүнийг яагаад ч зөвлөхөөр авахгүй. Цаад улс төрийн бусад тохироо янз бүрийн шалтгаан байдгийг үгүйсгэх аргагүй. Тэрнээс Л.Оюун-Эрдэнэд зөвлөх нь юу л болов гэж дээ. Бизнесээ хийгээд явбал өөрт болон улс оронд ч өгөөж нь хэрэгтэй сэн.

-Ардчилал, үг хэлэх эрх чөлөө өдөр ирэх тусам бүдгэрээд байна. Эрх баригчид дарангуйллаа тогтоолоо. Бизнесийнхэн дампуурч байна гээд нийгэм бухимдалтай байна шүү дээ?

-Энэ бол огт үндэслэлгүй яриа биш л байх л даа. Хэн бүхэнд ажиглагдаж, харагдаж байгаа зүйл шүү дээ. Ардчиллыг хумиад байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, тэдний хүчинд тулгуурлаж, засгийн бодлого явах тал дээр жаахан доголдолтой байгаа харагдаад байна. Сая Ерөнхийлөгч дээр цуглахдаа нэлээд ярьцгаах шиг боллоо. Гэхдээ ярианы үр дүн юу болохыг мэдэхгүй. Манайхан чинь нэг хурал хийж ярьчихаад л том ажил бүтээчихсэн юм шиг болоод санаа амраад өнгөрдөг шүү дээ.

Тэр уулзалтын мөрөөр ямар ажлууд хийгдэх юм бэ гэдэг нь дуулдахгүй байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, бизнесийнхэнд түшиглэж, яаж төрийн бодлогоо хэрэгжүүлж явах юм гэдгийг гаргаад ирэх болов уу гэж харж байлаа. Удахгүй гарч ирэх байх. Ерөнхийлөгч Засгийн газартаа чиглэл өгөх шиг болно лээ. Засгийн газар ямар шийд гаргах юм. Чиглэл өгөх гэж долоо, арав хонодог. Чиглэлийг нь аваад судлаад дахиад арав хонодог битгий болоосой.

 

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)