Нүүрс үнс биш алт болсон гэхдээ...

Манай нэрт эдийн засагч, улстөрч, их онолч эрдэмтэн Баабар аль тэртээ 2007 онд “Таван жилийн дараа нүүрс үнс болно” хэмээн айлдсан байдаг аж. Таван жилийн дараа 2013 онд асуухад ахиад 2-3 жил хүлээе гэсэн гэдэг. Гэвч түүнээс хойш энэ асуудлаар ахиж дуугарахыг хүсээгүй.

Харин түүний шавь эдийн засагч Л.Наранбаатар 2015 онд “Маргааш гэхэд нүүрс үнс болно, Тавантолгойн ордыг одоо л зарахгүй бол хожимдоно” хэмээн шуугиан тарьж байсан. 7-8 тэрбум тонн коксжсон нүүрсний нөөцтэй энэ асар том орд өдгөө үнс бүү хэл алт болсон. Тухайн үед тонн нь 50-60 доллараар зарагдаж байсан нүүрс өнөөдөр 300-гаад доллар хүрсэн нь манай их онолч, эрдэмтэн, уул уурхайн мэргэшсэн эдийн засагч эрхмүүдийн хийсэн судалгаа, дүгнэлт арай л хол зөрүүтэй байдгийг харуулсан. Тэгээд ч өнөөдөр нүүрс манай улсад валют оруулж ирдэг нэг номерын бүтээгдэхүүн болж, зэс болон бусад түүхий эдийг хол хаясан. Манай улс 2019 онд 3 тэрбум, 2020 онд 2.1 тэрбум долларын орлогыг нүүрсний экспортоос олсон нь зэсийн экспортоос даруй 17-70 хувиар өндөр байна. Монголчууд бид өнөөдөр нүүрсний буянд тарвалзаж байна.

 

 

Цар тахлын жилүүдээс харвал нүүрсний экспорт 2020 онд өмнөх жилийн 36.6 сая тонноос 28.6 сая болж буурсан нь 22 хувь унасан үзүүлэлт. Энэ жил буюу 2021 онд 38 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч дөнгөж 16 саяыг гаргахаар байгаа нь 230 хувиар алдаж тооцсон дүн! 

 

Аз таарахад энэ асуудал бишээ. Нүүрсний үнэ дунджаар 3-5 дахин нэмэгдсэн тул экспортын тоо, жингийн алдагдлаа үнийн өсөлтөөр нөхөөд авчихна. Цар тахлын хориг, өвчний улмаас дэлхийн улс орнууд хэцүүхэн л байна. Монгол бол бүр хэцүүднэ, сүйрнэ гэсэн, гайгүй л байна.Дэлхийн зах зээл дээр манай валютын нөөцийг шавхдаг гол бүтээгдэхүүн болох нефтийн үнэ буураад, зэрэгцээд гол валют олж ирдэг нүүрсний үнэ тэнгэрт хадаж, зэсийн үнэ 6000-аас 10,000 ам.доллар болж, төмрийн хүдэр, алтны үнэ тус бүрдээ суга өсөөд л, хятадууд манайхаас авах импортоо ихэсгээд л, орлого нэмэгдэж биднийг цаанаасаа нэг түшээд байгаа ч юм шиг. Ёстой л Өндөр гэгээний шүншиглэн ерөөснөөр өндөр заяатай, буян ихтэй монголчууд юм даа бид чинь. Буян, ерөөлийн хажуугаар буруу, зөрүү зүйл бас цөөнгүй бололтой. Онцлон нэгийг дурдвал нүүрсний тээвэрлэлтийн асуудал юм. Жилдээ дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг, гаднаас авах нүүрсний импортоо цаашид өсгөхөөс өөр аргагүй байгаа Хятадын зах зээлд сүйхээтэйхэн тоглох боломж, газарзүй болон нөөцийн давуу талтай, Хятадын нүүрсний импортын 8-10 хувийг нийлүүлдэг хөрш Монгол Улсад бий. Өргөн, нарийн цариг энэ тэр гээд олон жил яригдан саатсан Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын томоохон төсөл амжилттай хэрэгжиж, төмөр зам баригдаж дууссан тээвэрлэлт хийх боломжтой болсон гээд байгаа. Гэтэл нөгөө тээвэрлэлт нь байхгүй, бахь байдгаараа олон зуун хүнд даацын тэрэг холхилдсоор, хил дамнасан ковид цар тахлын асуудал үүсгэсээр. Чухам олон зуун жолооч, хил гаалийн ажилтан гээд хүмүүсийн биет харьцаа үүсэх гарцаагүй байдлаас ковидын халдвар тархаад байна гэсэн болгоомжлолын үүднээс Хятадын тал байсхийгээд л хилээ хаагаад байгаа нь шалтаг, шалтгааны аль нь ч байж болох ч чухамдаа барьчихсан гэгдээд буй төмөр зам өдийг хүртэл ажиллахгүй, хэзээ ашиглалтад орох нь сураггүй байгаа нь манай асуудал бөгөөд томоохон төслүүдийн төлөвлөлт, уялдаа холбоо, хэрэгжилт хангалтгүй байдгийн жишээ. Манай талаас очиж буй төмөр зам, Хятадын талаас цаанаас ирж угтан нийлэх ёстой төмөр зам хоорондоо хол зайгаар зөрөөд байгаа. Царигийн зөрүүгийн шийдлийг олох, тохируулах гээд төслийн удирдлага, менежментийн туршлага, ур чадварын дутуугаас үүдсэн томоохон асуудлууд өдгөө улсын, эдийн засгийн том асуудал болж хувираад байна. Том, том мега төсөл ярьсан, олон мянган хувьсагч тооцсон олон сайд, дарга нартай билээ бид.

 

Харамсалтай нь, Монголд хэрэгжсэн, хэрэгжиж буй томоохон төслүүдийн удирдлага, менежментийн ур чадварын дутагдал, алдаанаас үүдэлтэй олон зуун сая, тэрбум долларын хохирлыг улс маань амссаар байна. Бид үүнийг зүгээр хараад суух ёстой гэж үү? Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн мэргэшсэн менежер (Project Management Professional, АНУ 2006), туршлагатай мэргэжилтний хувьд мэргэжлийн бүдүүлэг алдаа, мэргэшээгүй хүмүүсийн үйлдлээс үүдэлтэй гэж үздэг. Ийм мэргэжлийн алдаа төмөр зам төдийгүй бусад томоохон төслүүдэд хэвийн мэт үзэгдэл мэт болсон.Нүүрс тээвэрлэлтэд байгаа бас нэгэн хачирхалтай асуудал бол нүүрсийг тээвэрлээд хилээс дотогш 18 орчим км-т байрлах нүүрс ачиж буулгах талбайд буулгаад дахин ачиж хил давуулдаг дамжлага юм. Голчлон Хятадын тал хил гаалиа хаах, зогсоох, хүлээлгэх хүндрэлээс үүдэлтэйгээр нүүрсийг задгай талбайд ингэж овоолон хадгалах байдалд хүрсэн гэж буй.Тээвэрлэлтийн дамжлагын энэ бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс нүүрс буулгах, ачих арай ахисан түвшний терминалыг хил дээр бариад удаж байгаа аж. Гэхдээ мөн л хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй бөгөөд ирэх жилээс терминалд төмөр замаар нүүрс очно, Хятадаас ирэх төмөр замтай огтлолцох цэгийг Гашуун сухайт уу, Ганцмод уу гэдгийг шийдэх гэж байгаа гэсэн зүйлийг албаныхан ярьсаар байна.

 

Нүүрс үнс болно гэж орилох ч яахав, угаасаа дэмийрэл. Гэхдээ нүүрсний үнэ өссөн, цаашид эрэлт өндөр байх төлөвтэй байгаа ч энэ нь Монголчуудын хувьд назгайрах, холбогдох томоохон төслүүдийг хойшлуулах, алдаа дутагдлыг засахгүй орхих нөхцөл болох ёсгүй. 

Томоохон төслүүдэд эхнээс нь, бүр project initiation буюу төслийг санаачлан санал болгох, төлөвлөлт хийх шатнаас нь мэргэжлийн судалгааны баг, мэргэшсэн мэргэжилтнүүдийг ажиллуулах, тэднээс зөвлөгөө авах шаардлагатайг хэлмээр байна. Монголчуудыг заяа нь түшдэг гэдэг, тийм ч байж болно. Гэхдээ эзэн нь хичээхгүй бол заяа нь ч бас хичээхгүй гэдгийг бид санах ёстой.

 

Эдийн засагч Х.Батсуурь

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)