Галын аюулгүй байдлын стандартыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг явуулж байна

Монгол Улсын Шадар сайдын баталсан төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчид төр захиргааны байгууллагын барилга  байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг явуулж байна.

Энэ хугацаанд 85 барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, гал түймэр гарч болзошгүй 543 зөрчил дутагдлыг илрүүлж, 95 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 60, мэдэгдэл 13, дүгнэлт 12-ыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Хяналт шалгалтаар, барилга байгууламж, объектын хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл хийх зураг төслийг зохиоход галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөөгүй, барилгын дотор талд галын дотуур усан хангамж  төлөвлөөгүй, төлөвлөсөн боловч галын дотуур даралтат усны цэгийн иж дутуу, нөөц гарц болон зам гарцыг хааж худалдааны лангуу, эд зүйл байрлуулсан зэрэг зөрчлүүд тогтоогдож байна.

Түүнчлэн стандартын шаардлага хангаагүй цахилгааны утсаар монтажласан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаагүй, шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдал хангагдаагүй зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Хяналт шалгалт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)