Болгарын Элчин сайдыг хулгайлахыг завджээ
- 2012-05-14
- Дэлхий
- 0
Йемений нийслэл Сана хотод суугаа Болгарын Элчин сайдыг өнгөрөгч 12- ны өдөр үл таних этгээдүүд хулгайлахыг завдсан байна.
Йемений нийслэл Сана хотод суугаа Болгарын Элчин сайдыг өнгөрөгч 12- ны өдөр үл таних этгээдүүд хулгайлахыг завдсан байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр зэвсэглэсэн гурван этгээд Элчин сайд болон түүний эхнэрийн сууж явсан машин уруу ойртож очин машинаас буухыг шаардсан байна.
Элчин сайд тэдний шаардлагыг биелүүлэхээс татгалзаж машинтайгаа зугтахыг оролдсон бөгөөд зэвсэглэсэн этгээдүүд түүний машин уруу гал нээсэн байна. Энэ үеэр автомашины цонх хагарч Элчин сайдын жолооч шархаджээ. Элчин сайд болон түүний эхнэр автомашинаас гарч ойролцоох худалдааны төвд нуугдаж чадсан байна.
Үүний дараа цагдаа нар хэргийн газарт ирж гэмт этгээдүүд зугтжээ. Өнгөрөгч гуравдугаар сард тус улсын өмнөд нутагт үл таних зэвсэглэсэн этгээдүүд Саудын Арабын нэгэн дипломатчийг хулгайлжээ. Уг хэргийг Йемен дэх “АльКайда”- гийн гишүүд үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд дээрх хэргийг тус гишүүд үйлдсэн гэж таамаглаж байна.
Саудын Арабын дипломатчийг хулгайлсан этгээдүүд “Аль-Кайда”-гийн шоронд хоригдож буй гишүүдийг суллахыг шаарджээ. Гэсэн ч өнөөг хүртэл тохиролцоонд хүрч Саудын Арабын дипломатчийг суллаж чадаагүй байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)