Сонины редакцид халдав
- 2012-05-14
- Дэлхий
- 0
Хар тамхи, зэвсгийн наймаа эрхлэгч мафи, тэдгээрийн хууль бус, бусармаг үйлдлээр дэлхийд толгой цохидог Мексикт үл таних зэвсэглэсэн этгээдүүд сонины редакц уруу дайрсан байна.

Хар тамхи, зэвсгийн наймаа эрхлэгч мафи, тэдгээрийн хууль бус, бусармаг үйлдлээр дэлхийд толгой цохидог Мексикт үл таних зэвсэглэсэн этгээдүүд сонины редакц уруу дайрсан байна. Тус улсын АНУ-тай хиллэдэг, хойд зүгийн Тамаулипас мужийн Нуэво-Ларедо хотод төвтэй өдөр тутмын “Эль Манана” сонины байранд нэвтэрсэн бүлэг этгээд компьютер, хэвлэх тоног төхөөрөмжүүдийг эвдэлж, сонингуудыг урж тасдан шатааж, албан тасалгаануудыг сумаар шүршиж, сонины мэдлийн гурван машиныг шатаажээ.
Тамаулипас нь Мексикийн мафиудад АНУ-д хар тамхи хууль бусаар хил давуулахад хамгийн тохиромжтой газарт тооцогддог гэнэ. “Эль Манана” сонин муж дахь хар тамхины мафиудын нууц гэмт үйлдлийг тогтмол дэлгэн харуулдаг байжээ.
Уг хэргийн үеэр хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна. Үүнээс сар орчмын өмнө тус улсын зүүн зүгийн Веракруз мужид гурван сэтгүүлч бусдын гарт амь эрсэджээ. Олон улсын хүний эрхийн байгууллагын тооцоогоор тус улсад 2000 оноос хойш 77 сэтгүүлч амь үрэгджээ. Энэ нь бусад бүх улсаас харьцангуй их аж. Харин хамгийн олон сэтгүүлч амь үрэгддэг Веракруз мужид өнгөрөгч онд долоон сэтгүүлч амиа алджээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)