Ж.Дэлгэрсайхан: Гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөгийн багцыг санал болгоно гэдэг улс төрийн нөхцөл байдлыг намжаах гэсэн оролдлого

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.


-Ирэх оны төсвийн талаарх таны байр суурь ямар байна вэ. Ямар онцлогтой төсөв болсон гэж харж байна.

-Ирэх оны төсвиийн гол онцлог нь бодлого, агуулгын хувьд шинэчлэгдсэн төсөв болж чадсан хэмээн харж байна. Миний хувьд төсөв бодлоготой, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, тоо бүрийн ард бодлого агуулагдсан байх ёстой гэдэг шаардлага тавьдаг.

Ямартаа ч энэ жилийн төсөв нэрнээсээ авахуулаад Хөгжлийн төсөв хэмээн хөдөлмөр, өсөлтөд чиглэсэн, халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болгохыг зорьсон нь анзаарагдаж байна. Хөдөлмөр, бүтээмж, өсөлт гэсэн уриагаа хэрэгжүүлэхийн тулд тодорхой бодлогын арга хэрэгслүүдтэй төсөв болсон. Төсвийг агуулгынх нь хүрээнд авч үзвэл цаашид төсвийн шинэчлэлийг хийх томоохон эхлэлийг энэ удаагийн төсөв тавьсан гэж харж байна.

-Энэ жилийн орлогоос даруй гурван их наяд төгрөгөөр илүү буюу 16 их наядын орлого олно хэмээн төсөөлсөн байна шүү дээ?

-Агуулгын хувьд төсөв сайжирсан, шинэчлэлийн эхлэл тавигдсан гэж хэлсэн. Тэгвэл анхаарал татах тал нь төсөв өндөр тэлэлттэй байна. Орлогын хувьд ч, зарлагын хувьд ч. Төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг, орлого, зарлага нь 15,18 их наядаар хэмжигдэж байна. Орлогын өсөлт нь 10-20 хувиар, зардлын өсөлт нь түүнтэй дүйцэхүйц,тэнцвэржүүлсэн орлого нь 30 хувийн өсөлттэй гэх мэт өндөр тэлэлттэй төсөв болсон.

Сангийн яамны хүлээлт талаас нь тайлбарлавал, Сангийн яамны төсвийн баримтуудаас харахад 2022 оныг тэр чигт нь эдийн засгийн чөлөөтэй, ногоон байх (цар тахлын үетэй холбоотойгоор ногоон бүс), цар тахлын тоо буурч, хөл хориогүй, бүх зүйл чөлөөтэй, амьдралын хэвийн горимд орчихсон байхаар улсынхаа эдийн засгийг төсөөлж, төлөвлөлтөө хийсэн юм билээ. Тийм ч учраас уул уурхайн салбарын орлого, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэх мэт бүхий л татварын хэмжээг нэлээд өсөлттэй төсөөлсөн харагдана лээ. Нийт татварын орлогын дүнгээрээ 30 орчим хувийн өсөлттэй төсөвлөсөн байна. Сангийн яамны өмнөөс би тайлбарлах нь илүүц байх. Үүнээс харахад Сангийн яамны төсөөлөл ихээхэн өөдрөг байгаа нь тодорхой харагдаж байна. Хэдийгээр төсвийн баримт нь ийм байгаа ч энэ хэмжээний орлогыг бид бүрдүүлж чадах эсэх, цар тахлын үеийн нөхцөл байдал, түүний дараах үеийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар бодлого баримталж ажиллахаас ихээхэн шалтгаална. Он дуусахад хэдхэн сарын хугацаа үлдлээ. Энэ үед манай улсад цар тахлын нөхцөл байдал хамгийн өндөр эрсдэлтэй хэвээр байсаар байна. Гэтэл 2022 оныг цар тахалгүй төсөөлнө гэдэг их л зоримог төлөвлөлт байна.

-Уул уурхайгаас нийт орлогынхоо 80 орчим хувийг олдог, хил гаалийн нэвтрүүлэх чадвар муу байгаа энэ үед ийм хэмжээний орлого олох боломж бий юү?

-Нүүрсний экспорт дээр өндөр хүлээлттэй байгаа, зэсийн хувьд хэмжээ нь боломжийн боловч үнийн хувьд нэлээд өндөр таамаглалтай гэх зэрэг эрсдэлүүд бол бий. Тиймээс төсвийг бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Цар тахлын эсрэг тэмцэлдээ ч эдийн засгаа хөгжүүлэх хөгжлийн бодлогын дагуу, түүнтэй нийцүүлэн хийгдэж байгаа төсвийн бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэх ажлууд бодит байдал дээр хэрхэн хэрэгжих вэ гэдэгт бид анхаарал хандуулах хэрэгтэй. Цар тахлаас гадна гаалийн хил нэвтрүүлэх чадвар, Гашуунсухайт боомтын хилийн терминалыг хэрхэн ажиллуулах зэрэг бодлогын болон төмөр зам, дэд бүтцийн олон шийдэл биднийг хүлээж байна. Өнөөгийн нөхцөл байдлын хэмжээнд энэ асуудлыг харвал ямар ч боломж байхгүй. Сангийн яам өнөөгийн нөхцөл байдлаар бус төлөвлөсөн байна. Ирэх 2022 онд Монгол Улсын эдийн засаг, эрүүл мэндийн нөхцөл байдал сайжирсан байх юм байна, ногоон болчихсон байх юм байна, хилийн нэвтрүүлэх чадвар, төмөр замын асуудал харьцангуй шийдэгдсэн байх юм байна. Сангийн яам ийм өөдрөг төсөөлөлтэй байгаа учраас асуудлыг ингэж харж байгаа байх л даа. Ингэхдээ авто замаар бүгдийг нь гаргасан. Тийм учраас чингэлэг тээврийн терменал, Хятадын талаар нарийн цариг оруулж ирэх асуудлыг хурдтай шийдвэрлэж чадвал хилийн боомтын нэвтрүүлэх чадварт эерэгээр нөлөөлөх байх.

-Ирэх оны төсөвт соёлын салбар болоод дэд бүтэц, бүтээн байгуулалттай холбоотой төсөв нэлээд тусгасан байна. Цар тахлын үед энэ хуваарилалт хэр оновчтой бол?

-Төсвийн хөрөнгө оруулалтын ерөнхий бодлого чиглэлд бүтэц харьцангуй сайжирсан гэдгийг дурдах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтуудыг олон хөрөнгө оруулалтуудаас эрэмбэлсэн байна. Дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалт руу бид 1.7 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр болж, зам тээвэр, эрчим хүчний чиглэлийн яамдуудын төсвийг олон дахин нэмэгдүүлсэн зэрэг эерэг зүйлс бий. Соёлын сайдын хүрээнд, ЗГХЭГ-ын хүрээнд, спортын орднууд, соёлын төвүүд барихтай холбоотой асуудлууд байсаар байна. Ялангуяа тэр нь тарамдсан сум, аймаг орон нутгийг хамарсан байдалтай байна. Эдгээр асуудлуудыг арилгах ёстой. Энэ олон жил хуримтлагдсан төсвийн бүтцийг нарийвчлан харвал 2010 оноос хойш хуримтлагдсан төсвүүдийг энэ жил нэлээд шахсан. Түүнтэй холбоотойгоор төсвийн хөрөнгө оруулалттай холоотой нийт дүн ч өссөн байна. Хөрөнгө оруулалтын бүтэц сайжирсан, дэд бүтцийн чиглэлд хөрөнгө ихээхэн оруулсан зэрэг давуу тал байна. Хөдөө орон нутаг, нийслэл Улаанбаатар хотыг тэнцвэржүүлэх, хотын төвлөрлийг бууруулах чиглэлийн хөрөнгө оруулалтын бодлого баримталсан зэрэг эерэг талууд байхаас гадна өмнөх жилүүдээс улбаалсан сул талууд ч байна. Энэ сул талууд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал, гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөгийн багцыг санал болгоно гэдэг бол улс төрийн нөхцөл байдлыг намжаах гэсэн оролдлого. Түүний дагуу гишүүн бүр өөрсдийнхөө тойрог руу чиглэсэн хөрөнгө оруулалт хийхийг оролддог. Сонгуулийн тогтолцоотой холбоотой гажуудлаас болоод Монгол Улсын төсвийн хөрөнгийн үр ашигт байдалд сөргөөр нөлөөлөх хөрөнгө оруулалт төсөвт байсаар байна. Үүнийг цаашид зайлшгүй анаарах ёстой.

-Эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээ, соёлын салбарыг бодвол хэд дахин бага харагдсан?

-Эрүүл мэндийн салбарт томоохон бодлогууд хэрэгжүүлэхээс гадна эрүүл мэнд, боловсролын салбар дахь ажиллагсдын цалин хөлсний асуудлыг өөрчлөх томоохон алхам хийж байгаа төсөв гэж харж байна.

Үр дүнд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Сангийн яамныхан хэлж, түүнийгээ ч тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байгаа бололтой. Эрүүл мэндийн салбарт 300 орчим тэрбум төгрөг нэмж хуваарилсан гэсэн тайлбарыг Сангийн яамнаас хийж байгаа нь эрүүл мэгдийн салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч ажилчдын цалин хөлсийг үр дүнтэй нь уялдуулан нэмэх боломжийг олгож байна гэж ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар нэмбэл зохих төсөв эрүүл мэндийн салбар мөнөөсөө мөн байна.

Учир нь эрүүл мэндийн салбарынхан хүнд үеийг давж байна. Тиймээс дараа жил ч бид цар тахалтай тэмцэх тэмцлийг нь дэмжих зорилгоор цалин урамшуулал болон бусад нийгмийн халамжийн дэмжлэгийн төсөвт зоригтойгоор зардлыг нь суулгаж, цар тахлын үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн эрүүл мэндийн салбарын суурийг сайжруулахаас өөр аргагүй гэдэг нь харагдаж байна.

-Ирэх оны төсвийн төслөөс харахад хэмнэж болох зардлууд юу байж болохоор байна?

-Төсөв үндсэндээ хөрөнгийн болон урсгал гэсэн хоёр төрлийн зардлаас бүрддэг. Энэ жилийн хувьд урсгал зардалд дэвшил гарсан уу гэвэл гарсан. Урсгал зардлын өсөлт 2.3 хувийн буурсан үзүүлэлттэй байсан. Урсгал зардал дотор хүүхдийн мөнгийг шингээчихсэн байгаа. Бид урсгал зардлыг 50 хувь, 100 хувь хүртэл бууруулах зардлуудын хэрэгжилтийн бодит байдалд хяналт тавих ёстой. Урсгал зардлыг боломжийн хэрээх хэмнэсэн юм болов уу гэж харагдахаар байгаа. Хэрэв энэ төсвийг санааны зоргоор өөрчилж болдог байсан бол түрүүн дурдсан нэн тэргүүнд шаардлагатай бус улс төрийн өнгө аястай хөрөнгө оруулалтуудыг хойшлуулж, дэд бүтэц, ажлын байрыг бий болгох чиглэлд зарцуулах, эсвэл тухайн хөрөнгө оруулалтуудыг хэмнээд, төсвийн тэлэлтүүдийг багасгаж, алдагдал, эдийн засагт ирэх дарамтыг бууруулах чиглэлд өөрчлөлт хийх ёстой байсан. Үүнээс гадна төсөв бол макро эдийн засгийн томоохон хэсэг боловч нийгэм, эдийн засгийг зөвхөн төсвийн хүрээнд харах нь явцуу ойлголт болно. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрүүд, хөгжлийн бодлого гэж бий. Ирэх оны хөгжлийн бодлого дээр нийт 10 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан. Түүнээс төсвөөр дамжин орж ирж байгаа нь багахан хэсгийг эзэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн 10 их наядын хүрээнд ажлын байрыг хамгаалах, дэмжих асуудал төсөвт орж ирсэн байна лээ. Төсөвтэй холбоотой асуудлыг цогцоор нь харах асуудлууд бий.

-Ирэх жил бид 18 их наядын зарлага гаргах нь. Манай улсын түүхэнд ийм хэмжээний зарлагатай төсөв баталсан түүх байхгүй шүү дээ. Үр өгөөжөө өгч чадаж байна уу?

-Бид төсвийнхөө түүхэн дээд хэмжээг жил бүр нэмэгдүүлж, шинэчлэн тогтоогоод байгаа. Монгол Улсын төсөв 2020 оны тодотголоор 15.7 их наяд төгрөгийн зардалтай байсан. Энэ жил 18.1 их наяд болно гэдэг төсвийн зардал их хэмжээгээр тэлснийг харуулж байна.Цаашид төсөв өндөр өсөлттэй байхаар Сангийн яамнаас төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд төлөвлөж байгаа юм билээ. Төсөв өндөр байх нь асуудлын гол биш. Төсөв үр ашигтай юу, үгүй юү гэдэг нь л хамгийн гол нь. Дараа жилийн төсөв 19, түүний дараа жил 20.5 их наяд төгрөгийн зардалтай байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд шинэчилж оруулсан байна лээ.Энэ бол өнгөрсөн хаврын баталсан төсвийн хүрээний мэдэгдлээс нэлээд өссөн дүн. Тиймээс бид энэ их өсөлтүүд гарах нь зөв үү, буруу юү гэдэг нэгдүгээр асуудал. Тэр зөв, бурууг хэмжих төсвийн ард юу байна, хөрөнгө оруулалт нь яриад байгаа шигээ сайжирч чадсан уу, үгүй юу, урсгал зардлыг үр ашигтай төрийн удирдлагыг хэрэгжүүлэх механизм болгож чадсан эсэх, үүний үр дүнд хөрөнгө оруулалтын үр өгөөж нь сайжирч, төрийн үйлчилгээний чанар, засаглалын чадавх, төрийн өмчит компаниудын чадавх сайжирч чадсан эсэхээр л хэмжинэ. Энэхүү өндөр өсөлт, алдагдлыг бид үр ашиггүй зүйлд зарцуулбал өмнөх жилүүдийн төсөвтэй адилхан зүйл болох төдийгүй төрийн үйлчилгээний чанар сайжраагүй, төсвийн шинэчлэл хийгдсэн зүйл багатай өнгөрөх магадлалтай. Тийм учраас энэ удаагийн төсөв хэдийгээр бодлого чиглэлийн хувьд сайжирсан хэрэгжилтийг хангах тал дээр анхаарах нь чухал.

-Төсвийн үр ашгийн талаар хөндөж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд төсвөө байнга алдагдалтай баталж байгаа нь төсвийн үр ашиггүй зарцуулалттай холбоотой гэж хардаг уу?

Монголын нийгэмд төсвийг алдагдалгүй батлах ёстой гэсэн хүлээлт байх шиг байна. Ерөнхийдөө төсвийг алдалгүй баталдаг чиглэлд нь явуулахыг хичээх ёстой. Гэхдээ бид хөгжиж байгаа орон гэдгээ ойлгох нь чухал. Бидний хувьд төсөв алдагдалгүй байх ёстой гэдэг чиглэлийг илүү их баримталж, тэмүүлж байгаа үндсэн шалтгаан нь өнөөг хүртэл Монгол Улсын төсвийн бодлого тодорхойгүй, төсөв нь үр ашигтай бус байгаагаас улбаатай. Онолын хувьд ийм үр ашиггүй байхад төсөв алдагдалгүй бөгөөд тэлэлт бага байх ёстой гэсэн зарчмыг барих нь зүйтэй. Гэтэл бид үр ашиггүй бөгөөд тэлэлттэй төсөв барьснаасаа болоод таны хэлдгээр өр ширээ нэмэгдүүлж, төсвөөр дамжсан эдийн засаг, валютын ханш дахь дарамтуудыг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн өндөр тэлэлттэй төсвийг өнгө зүсийн хувьд илүү сайжирсан гэж миний хувьд харж байгаа. Тиймээс чанарын түвшинд, хэрэгжилтийг тийм л байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр төсвийн 2.3 их наяд төгрөгийн алдагдал болон дээр нь нэмээд энэ жилийн төсвөөр дамжуулаад бас нэг шинэ тоо гарч байгаа нь Засгийн газрын зүгээс нэмэгдүүлэх боломжтой өрийн дээд хэмжээ таван их наяд болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар таван их наядын өр зээлийг шинээр бий болгох эрхтэй болж байна гэсэн үг. Үүнийхээ талыг төсвийн алдагдлаа нөхөхөд зарцуулах бол, талыг нь өмнөх өр зээлээ төлөхөд зарцуулах байх.

Тэгэхээр бид төсвийг алдагдалтай батлах тусам ийм өндөр өрийн дарамтад орохоос гадна түүгээр дамжин олон дарамтыг бий болгож байна.Тухайн жилийн төсвийн зардлаас хамаарсан эерэг, сөрөг үзэгдэл бий болсоор байгааг анхаарах нь чухал. Төсөв Монгол Улсын хөгжлийг үнэхээр тэтгэж үр ашигтай байвал алдагдалтай байж болно. Үр ашигтай байгаа үед нийгэм эдийн засагт хэрэгжүүлэх шаардлагатай төслийг бид мөнгөтэй болохоо хүлээхгүйгээр гадна, дотны санхүүжилтээр хийхээс өөр аргагүй.

 

П.БАТЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)