Перугийн сайд нар огцров

Перугийн Дотоод хэрэг болон Батлан хамгаалахын сайд “Shining Path” бүлгийн босогчдын эсрэг явуулсан Засгийн газрын цэргийн ажиллагаа бүтэлгүйтсэний дараа огцорчээ. 

Перугийн Дотоод хэрэг болон Батлан хамгаалахын сайд “Shining Path” бүлгийн босогчдын эсрэг явуулсан Засгийн газрын цэргийн ажиллагаа бүтэлгүйтсэний дараа огцорчээ. Уг ажиллагаа бүтэлгүйтсэний улмаас олон цэрэг, цагдаа амиа алдсан байна. Үүний улмаас олон нийт тэднийг огцрохыг шаарджээ. 
“Дотоод хэргийн сайд Даниель Лосада, Батлан хамгаалахын сайд Альберто Отарола нарын алдаатай ажиллагааны улмаас есөн албан хаагч амиа алдлаа. Үүнээс ч олон хүн хүнд шархадсан байна. Тэд цэргүүдийг босогчдын отолт уруу зүгээр л илгээсэн” гэж тус улсын ард иргэд эсэргүүцэн жагсчээ. 
Мөн нас барсан нэг цэргийг таниулахаар түүний эцгийг ойд авчирсан, хөлөндөө буудуулсан ч ширэнгэн ойгоос аюулгүй зам хайн 17 өдрийн дараа амьд ирсэн цэргийн яриа зэрэг олны дургүйцлийг хамгийн ихээр хөдөлгөжээ. “Shining Path” буюу “Гэрэлт зам” бүлэг нь маоист чиг баримтлалтай бөгөөд өмнө зүгийн нутгаар, тэр дундаа ойд бүгдэг байна. “Гэрэлт зам” бүлгийнхэн газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалын компанийн ажилчдыг түлхүү барьцаалдаг гэнэ. 
Хамгийн сүүлд тэд байгалийн хийн компанийн 36 ажилтныг барьцаалсан бөгөөд аюулгүй хүчнийхний ажиллагааны дараа суллажээ. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхэнд байгуулагдсан “Гэрэлт зам” бүлэг нь тухайн үедээ Засгийн газрын эсрэг хамгийн том тэмцэл явуулдаг бүлэг байжээ. Харин одоо хар тамхи хууль бусаар хил давуулдаг жижиг бүлэг болсон гэнэ. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)