УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Тус лобби бүлэг нь 13 гишүүнтэй бөгөөд цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, тусгай сан байгуулах, цөлжилттэй тэмцэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн хэрэгжилтийг хангах, цөлжилттэй тэмцэх, байгаль орчин, экосистемийн доройтлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд ирэх сард ойн салбарын мэргэжилтнүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулах, мөн орон даяар мод тарьж ургуулах сургалтыг явуулах зэрэг ажлуудыг төлөвлөж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр байгаль орчны доройтол, цөлжилтийн сөрөг үр дагавар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн заалтууд, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)