Д.Баярболд: Дархлаа сэргээх тун хийлгэсэн хүмүүсийн 99 хувь нь халдвараас хамгаалагдаж байна

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой “Ковид 19” вирусийн эсрэг вакцинжуулалтын талаар ярилцлаа.


-Ярилцлагын эхэнд вакцинжуулалтын үйл явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улсын нийт иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Гуравдугаар тунд хоёр тунгаа хийлгэсэн иргэд хамрагдах ёстой. Ингэснээр хоёр тунтай нийт иргэдийн 20 орчим хувь нь, өөрөөр хэлбэл, 380 мянга орчим иргэн гуравдугаар тунг хийлгээд байна. Вакцинжуулалтын үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-өөс зохион байгуулан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд 29 явуулын цэг, 33 суурин цэг, нийтдээ 71 багийн 282 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа бол 21 аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлгүүд, өрхийн Эрүүл мэндийн 84 эмнэлэг, 333 сумын Эрүүл мэндийн төвүүд дархлаалжуулалтыг өдөр бүр амралтгүйгээр зохион байгуулсаар байна.

-Дархлаа сэргээх гуравдугаар тунг улс орон даяар хийж байгаа. Иргэд яагаад гуравдугаар тунг хийлгэх ёстойг та үндэслэлтэй тайлбарлаж өгөхгүй юү?

-Бид гуравдугаар тунгийн буюу дархлаа сэргээх тунг шууд хийе гээд хийчихсэн юм биш. Олон улсын болон дотоодын эрдэмтдийн судалгаан дээр үндэслэж энэ тунг тарих нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Тухайн үед бид маш олон орныг ажиглаж байсан. Тухайлбал, манай улстай адил вакцинуудаар иргэдээ дархлаажуулсан улс орны нэг бол Израиль. Израиль улс Пфайзер вакцины 3 дахь тунг 60-аас дээш насныханд хийж туршсан байдаг. Судалгааны үр дүнгээс нь харахад энэ тун нь дельта хувилбараас хамгаалах чадвар 80 хувь дээрдсэн байна гэдэг үр дүн өнгөрсөн наймдугаар сард гарсан. Түүнээс гадна БНХАУ-ын коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг тариулснаас хойш зургаан сарын дараа эсрэг биеийн түвшин хангалтгүй, буурсан байдаг. Тийм учраас тус улсынхан гуравдугаар тунг хийж эхэлсэн. Ингэснээр эсрэг биеийн түвшин гурав дахин нэмэгдсэн гэж дүгнэсэн. Мөн Оксфордын их сургууль “Астра зенека”-гийн хоёрдугаар тун болон гуравдугаар тунгийн дараахь эсрэг биеийн хариу урвалыг судалж, олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн юм билээ. Судалгааны дүнгээс харахад гуравдугаар тунг тарьснаар S уургийн эсрэг биеийн хариу урвалыг нэмэгдүүлсэн байна. Гуравдугаар тунг тарьснаас хойш 28 дахь өдрийн эсрэг биеийн түвшин хоёр дахь тунгийн 28 дахь өдрийн эсрэг биеийн түвшингээс маш өндөр дүнтэй байна гэсэн байдаг.

-Маш сонирхолтой судалгаа байна. Манайх дотооддоо судалж үзсэн үү?

-Дотооддоо үндэсний төвүүдээр дамжуулан дархлаа тогтоцын судалгаа хийсэн байгаа. Хоёрдугаар тун хийсний дараа дархлаа тогтоц ямар байна, гуравдугаар тун хийсний дараа дархлаа тогтоц яаж сэргэж байгаа талаарх судалгаа Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон ХӨСҮТ-д явагдсан. Судалгаагаар хоёрдугаар тун хийсний дараа 14 хоногт дархлаа тогтоц буюу эсрэг биеийн титр маш өндөр болж байсан бол 28 дахь хоног, 60 дахь хоног дээр эсрэг биеийн титр буурч байсан. Мөн хоёр тун хийлгэсний дараа гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг хийгээд үзэхээр долоо дахь хоног дээр эсрэг биеийн титр 97 байсан бол 14 хоногийн дараа 600 болж өссөн. Виросел вакцин хийлгэсний дараа пфайзер вакцинаар дархлаа сэргээх тунг хийхэд долоо дахь хоног дээрээ үндсэн байгаа эсрэг биеийн титр нь дөрөв дахин нэмэгдсэн, 14 дэх хоног дээрээ 15 орчим хувиар нэмэгдсэн үр дүн байгаа.

Олон улсын судалгаа болон дотоодын энэхүү үр дүнг үндэслээд Эрүүл мэндийн сайдын тушаалаар иргэдээ гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг хийх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Ингэхдээ нэн түрүүнд зориолтот бүлэг болох коронавирусийн тэргүүн эгнээнд ажилладаг эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын ажилчдыг сайн дурын үндсэн дээр наймдугаар сарын 12-ноос эхэлж вакцинжуулсан. Вакцины ханган нийлүүлэлттэй уялдуулан тухайн сарын 27-ноос 55-аас дээш насныханд хийж эхэлсэн. Энэ үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх шийдвэр гагчихсан байсан учраас боловсролын байгууллагын багш ажилтнууд, мөн дээр нь гипатит В, С вирусийн халдвартай, дархлаа дарангуйлах гимодиализын эмчилгээнд хамрагддаг эрсдэлт бүлгийн иргэд, хөхүүл, жирэмсэн эхчүүдэд вакцинжуулалт хамрагдах шийдвэрийг гаргасан. Үүний дараа вакцины нийлүүлэлт сайжирснаар есдүгээр сарын 10-наас 18 наснаас дээш иргэдээ бүрэн хамруулах шийдвэр гаргаад өнөөг хүртэл дархлаажуулалтыг хийгээд явж байна. Өнөөдрийн байдлаар 380 мянга гаруй иргэн гуравдугаар тунгийн вакцинжуулалтад хамрагдсан байна.

-Олон улсад гуравдугаар тунг тариулсны дараахь бодит нөхцөл байдал ямар болсон бол?

-Европын холбооны улсууд болон АНУ гуравдугаар тунгийнхаа тарилгыг хийгээд эхэлчихсэн. Эхний үр дүн улс орнуудад гарчихсан байгаа. Тухайлбал, Израиль улс иргэдээ наймдугаар сараас гуравдугаар тунгийн вакцинжулалтад хамруулж эхэлснээс хойш одоогийн байдлаар халдварын тохиолдол 80 хувиар буурчихсан, хүнд өвчтөн 50 хувиар буурсан үр дүн гарч байгаа юм билээ. Тэгэхээр гуравдугаар тунгийн дархлаажуулалт халдварын тархалтыг хумих, эмнэлэгт хэвтэх нөхцөлийг багасгах, нас баралт, хүндрэлийг бууруулах маш үр дүнтэй нөлөө үзүүлж байгаа нь нотлогдож байгаа юм.

Хэдийгээр манайх сайн дурын үндсэн дээр хэмээн зөвлөж байгаа ч зарим улс орнууд ялангуяа олон нийтийн газар, баар ресторанд зөвхөн 3 тунтай хүн үйлчлүүлэх тухай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд гадаадын улс орнууд халдварыг хумьж, голомтыг цомхотгож чадаж байна гэдгийг дэлхий нийтээр харж байна. Ийм учраас Засгийн газраас зохион байгуулж байгаа гуравдугаар тунгийн тарилга дархлаажуулалтдаа манай иргэд хамрагдах нь өөрийгөө болон гэр бүл, хамт олон, найз нөхдөө халдвараас сэргийлэх гол үүрэг болж байна гэдгийг анхаарах ёстой болов уу.

-Дархлаа сэргээх тунг ямар тохиолдолд хориглож байна вэ. Эхний хоёр тундаа хамрагдаад халдвар авсан иргэдийг гуравдугаар тунд хамрагдах шаардлагагүй гэж зөвлөж байсан. Энэ зөвлөмж хэвээрээ юү?

-Ер нь коронавируст халдварын нөхцөл байдал шинэ вирус учраас богино хугацаанд судалгаа хийгдэж, шийдвэрүүд гарч байдаг. Биднийг гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг хийж эхэлж байхад хоёр тун хийлгээд өвдсөн хүмүүст зөвлөхгүй байсан бол одоо бид зөвлөж эхэлж байна. Учир нь ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс хоёр тунгаа хийлгээд өвдсөн хүмүүс эдгэрсний дараа гуравдугаар тунгаа хийлгэж халдварт дахин өртөх эрсдэлээс хамгаалах өндөр үр дүнтэй байгааг зөвлөсөн. Тиймээс хоёр тун хийлгээд өвдсөн хүмүүс эдгэрснээс хойш 21 хоногийн дараачаас гуравдугаар тунгаа хийлгэх хоёрдугаар тунд нийт иргэдийн бүрэн боломжтой. Хориглох заалтын хувьд тухайн вакцин хийлгээд харшил урвал өгч байсан, эсрэг заалттай хүмүүс л хийлгэхгүй.

-Гуравдугаар тунгаа ямар төрлийг сонгох нь сайн бэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар ямар ч вакцины хоёр ижил тун хийлгэсэн хүн, жишээ нь, хоёр пфайзертай, эсвэл хоёр спутниктай, хоёр вироселтэй, хоёр астразенекатай хүмүүс араас нь өөрийнхөө сонголтоор пфайзер болон виросел вакцинаар дархлаа сэргээх тундаа хамрагдах боломжтой. Вакциныг өөр вакцинаар сольж хийхэд дархлаа өндөр тогтож байна гэсэн олон улсын судалгаанууд байгаа.

Түүнээс гадна манай зарим иргэд нэг тун вакцин хийлгээд орхичихсон тохиолдол цөөнгүй байна. Эхний тун хийлгээд багагүй хугацаа авсан учир вакцин хоорондын интервалиуд өнгөрсөн. Тиймээс шинээр вакцин хийлгэж байна гэж ойлгоод пфайзер юмуу виросел вакцины нэг, хоёрдугаар тунг аваад тодорхой хугацааны дараа гуравдугаар тунг авах боломжтой.

-Вакцин бүрэн судлаглаагүй, янз бүрийн хоруу чанартай гэх мэт байр суурь олон нийтийн сүлжээд явсаар байна. Мэргэжлийн хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Монгол Улсын хувьд Дархлаажуулалтын хуультай. Дархлаажуулалтын хуулинд ДЭМБ-аас батлагдсан, жагсаалтад орсон вакциныг хийлгэхээр заасан байдаг. Засгийн газар ДЭМБ-ын жагсаалтад орсон, баталгаажуулалттай вакцинаар иргэдээ вакцинжуулж байгаад бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй.

Ер нь халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга бол дархлаажуулах био бэлдмэлээр иргэдээ вакцинжуулдах явдал шүү дээ. Тийм учраас иргэд эргэлзэхгүйгээр вакцинаа хийлгээд халдвараас сэргийлэх ёстой. Өнөөдөр бид эдийн засаг доройтож байна, хүүхдүүд хичээлдээ явж чадахгүйд хүрлээ, хаудалдаа үйлчилгээний байгууллагууд хаагдаж байна, орлогогүй болж байна гэж ярьцгааж байгаа. Үүнээс юу хамгалаах вэ гэвэл нэгдүгээрт, вакцин, хоёрдугаарт амны хаалт хамгаална. Вакцинаа хийлгээд, амны хаалтаа зүүгээд явахад бид хэвийн ажил амьдралаа үргэлжлүүлэх боломж дүүрэн байгаа.

-Гуравдугаар тунг хийлгэсний дараа халдвар авах тохиолдол ямар хэмжээнд гарч байна вэ?

-Улсын хэмжээнд давхардсан тоогоор 4,753,575 хүн тун вакцин тарьсан байгаа. Гуравдугаар тунгийн вакцинд хамрагдсанаас хойш коронавируст халдварын тохиолдол батлагдсан дүн дөрвөн хувьд байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар тунг хийлгээд өвдсөн хүмүүс нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 0.9 буюу нэг орчим хувь нь өвдсөн буюу 99 хувь нь хамгаалагдаж чадаж байна гэж харж болно.

 

Б.ЭНХЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)