44 жил хүлээсэн ялалт
- 2012-05-15
- Спорт
- 0
“Премьер” лигийн сүүлийн тойрогт “Квинс Парк Рейнжерс”-ийг буулган авснаар “Манчестер Сити” 44 жилийн дараа анх удаа лигийн аваргын цом хүртлээ. Улирлын турш ширүүн өрсөлдөөн үзүүлсэн Манчестер хотын хоёр баг лигийн 38 дахь тойргийн өмнө ижил оноотой байсан ч гоолын зөрүүгээр “Сити” тэргүүлж байв. Тиймээс сүүлийн тоглолт бүхнийг шийдэх байлаа. 

“Премьер” лигийн сүүлийн тойрогт “Квинс Парк Рейнжерс”-ийг буулган авснаар “Манчестер Сити” 44 жилийн дараа анх удаа лигийн аваргын цом хүртлээ. Улирлын турш ширүүн өрсөлдөөн үзүүлсэн Манчестер хотын хоёр баг лигийн 38 дахь тойргийн өмнө ижил оноотой байсан ч гоолын зөрүүгээр “Сити” тэргүүлж байв. Тиймээс сүүлийн тоглолт бүхнийг шийдэх байлаа. “Ман Сити” “Квинс Парк Рейнжерс”-ийг талбайдаа хүлээн авсан бол “Манчестер Юнайтед” “Сандерланд”- ын талбайд зочилсон. “Этихад” цэнгэлдэхэд болсон “Квинс Парк Рейнжерс” болон “Ман Сити”-гийн тоглолтын үндсэн цаг өндөрлөхөд зарим үзэгчид нүдэндээ нулимстай цэнгэлдэхийг орхин гарч явлаа. Гэтэл шүүгчийн нэмэлт таван минутын хугацаанд “Сити” хоёр ч гоол оруулж, ер бусын гэмээр ялалт байгуулж, цомын эзэд болсон юм. Тоглолтын эхний хагас өндөрлөхийн өмнөхөн Пабло Забалета тооны харьцааг нээж, “Сити”-д тэргүүлэл авчирсан. Улмаар хоёрдугаар хагас эхэлсний дараа, 48 дахь минутад “Квинс Парк Рейнжерс”-ээс Жибриль Сиссе тооны харьцааг тэнцүүлж, “Этихад” цэнгэлдэх хэсэг нам гүмд автав. Гэтэл 66 дахь минутад Жейми Макки “Сити”-гийн хаалгыг мялааснаар, тоглолтын хувь заяаг эргүүлсэн юм. Тоглолт цааш үргэлжилж, үндсэн цаг өндөрлөхөд шүүгч таван минут сунгасан. Энэ үед “Сандерланд”-ыг 1:0-ээр хожчихоод байсан “Юнайтед” түүхэн дэх 20 дахь цомоо гардахаар “биеэ бэлтгэж” байлаа. Шүүгчийн нэмэлт цагт Жеко бөмбөгийг мөргөж оруулснаар тооны харьцааг тэнцүүлж, залгуулаад Агуэро багтаа түүхэн ялалт авчирсан гоолыг оруулсан юм. Энэ бол тоглолтын сүүлийн гурван минутад болсон үйл явдал байв. Цэнгэлдэх тэр аяараа баясан цэнгэж, багийнхаа дэндүү гайхалтай ялалтыг тэмдэглэв. Энэ бүхний дараа Манчини “Ийм байдлаар ялалт байгуулна гэдэг үнэхээр ер бусын. Бидэнд ялагдах эрх байгаагүй. Энэ тоглолтод ялж, аваргын цом хүртэх олон боломж тохиосон. 44 жилийн дараа цом хүртлээ. Багийн хувьд ч, хөгжөөн дэмжигчдийн хувьд ч гайхалтай хэрэг. Дэндүү галзуу улирал байлаа. Ялангуяа тоглолтын эцсийн минут үнэхээр галзуу байлаа” хэмээн ярьжээ.
Т.Билэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)