Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь...

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 10 дугаар 19-ний өдрийн хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэхээр тогтсон юм.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй ба хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Арванзургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.“, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… шударга шүүхээр шүүлгэх, … эрхтэй. …“, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.“ гэж тус тус заасныг зөрчсөн байна гэсэн ДҮГНЭЛТ гарсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын товыг тогтоолоо

Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын товыг тогтоох тухай асуудал хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцуулав.

Танилцуулга болон тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар Байнгын хорооны даргаас нэр дэвшигчид болон сонгон шалгаруулалтын талаар асуулт асууж, хариулт авсан. 

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах, мөн томилгооны сонсголд оролцох ажиглагчийн тоог 15 хүртэл байх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлагдлаа.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд нэмэлт оруулах тухай санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн.

Хэлэлцэх асуудалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх тухай байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “288.5 дахь хэсэг” гэснийг хасч, 288.5 дахь хэсгийн “тасралтгүй” гэсний дараа “тав болон түүнээс дээш жил” гэж, “алба хаагчид” гэсний дараа “таван жил тутамд” гэж тус тус нэмэх, “урамшлыг 5 жил тутам” гэснийг “урамшууллыг” гэж, “мөнгөн урамшил олгох” гэснийг “урамшуулал олгох” гэж, мөн, төслийн 2 дугаар зүйлийн “2022 оны” гэснийг “2023 оны” гэж тус тус өөрчлөх тухай санал гаргасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал гаргах гишүүн байгаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулахыг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)