Сайжруулсан түлшний хэрэглээ гурав дахин өсжээ

 

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай”  62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй асуудлын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сайжруулсан шахмал түлшний нөөцийн мэдээг хүргэв. Нийслэлийн хэмжээнд аравдугаар  сарын 26-ны байдлаар нийт 51.825 тн сайжруулсан түлшний нөөц байна. Зүүн бүсийн дахин боловсруулах үйлдвэр аравдугаар сарын 3-наас ажиллаж эхэлсэн ба одоогийн байдлаар  өдөрт 700-1000 тонн сайжруулсан түлшийг гурван шугамаар үйлдвэрлэж буй аж. Түлш борлуулалтын хувьд хүндрэл саатал арилж, нийслэлийн хэмжээнд 511 борлуулалтын цэг ажиллаж байна. Цаашид  борлуулалтын цэгийг  600 болгон нэмэгдүүлэх юм.

 

Ийнхүү сайжруулсан түлшний үйлдвэрлэл, борлуулалт хэвийн байгаа бол тээвэрлэлтийн компаниудын зүгээс гэрээг шинэчлэх, тээврийн зардлыг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар 35 тээврийн компанитай түлш тээвэрлэх гэрээ байгуулсан. Тэдгээр компанийнхан 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн үнэ хөлс, тариф нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбогдуулан сэлбэг хэрэгсэл, тос тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдэж, замын түгжрэл урьдынхаас ихэссэн зэрэг тооцоолоогүй хүндрэлээс үүссэнтэй холбоотой “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооноос нийслэлийн удирдлагуудад ирүүлээд байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:

-Гэр хорооллын иргэдийн зүгээс багагүй гомдол санал хэлж байна. Түлш худалдан авах карт хаана олгож байгаа нь тодорхойгүй, түлш борлуулах цэг хэтэрхий хол байна, долоо хоногт олгож буй зургаан шуудай нүүрс хүрэлцэхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирсэн. Энэ ямар учиртай вэ?

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө:

-Картыг хороодыг түшиглэж олгож байгаа. 189  мянган карт эзэндээ очсон. Гэр хорооллын айлууд картаа авч бараг дууссан байх ёстой. Зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэлцэхгүй байгаа иргэд “Таван толгой түлш” ХХК-д хүсэлтээ гарган нэмүүлж болох юм. Түлш борлуулах цэгийн хувьд одоо хангалттай хэмжээнд хүрсэн. Эхэн үед борлуулалтын цэг цөөн байсан тал бий гэсэн юм.

Түүнчлэн иргэдийн зүгээс сайжруулсан түлшээ зөв түлэх дадал зуршилд суралцах хэрэгтэй байгааг Хотын даргын орлогч онцоллоо. Өнгөрсөн жилийн турш яндан хөөлөх аяныг өрнүүлсэн бөгөөд энэ жил ч үргэлжлүүлнэ гэдгийг тодотгов. Ганц бие өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьдрал хүнд хүмүүст янданг нь хөөлж өгөх зэргээр иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахаас аргагүйд хүрдгийг хэлж байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)