Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа болгож, Монголын цахиурын хөндий байгуулахад эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи  байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид “Хүндэтгэлийн их чуулган боллоо”. Чуулганд академич, шинжлэх ухааны салбарын 500 гаруй эрдэмтэн мэргэд танхимаар болон цахимаар оролцлоо.

Энэ арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Тэрээр нэгэн жарны хугацаанд Монгол оронд эрдэм соёл түгэн дэлгэрч, дэлхийн түвшний шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үр шимийг ард нийтээрээ хүртэж, эрдэмтэн судлаачдын цоо шинэ үе өсөн бойжиж, энэ бүхний үр дүнд Монгол орон цоо шинээр хөгжин дэвшсэнд эрдэмтэд, судлаачдын оруулсан хувь нэмэр их гэдгийг үгийнхээ эхэнд онцоллоо.

Технологийн 4-р хувьсгалын эрин үед ололт, амжилтаа бататгах, эрдэмтэн судлаачдынхаа бий болгосон шинэ технологийг ашиглан, дэлхийн түвшний өндөр технологийг нутагшуулах, оюуны багтаамж бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох Шинжлэх ухааны паркийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх нь чухал. Тиймээс шинжлэх ухааны парк, технологийн гарааны бизнесийг дэмжих Инкубатор төв болон оновчтой санааг санхүүжүүлэх сангуудыг УИХ бодлогоор дэмжих болно хэмээн цохон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар эрдэмтэд судлаачиддаа хандаж:  Амьдран буй энэ цаг үеийн ирээдүй цахимд суурилах нь тодорхой болж, цахим ирээдүйн төв нь олон хэмжээст метаверс ертөнц болж байна. Иймд Монголчууд энэ ертөнцийн зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч нь байх ёстой. Тиймээс Инновац, цахим хөгжлийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ зорилгоор Буянт-Ухааг Оюут-Ухаа болгох боломжтой гэж харж байгаа юм. Оюут-Ухаагаа Монголын Цахиурын хөндий болгох ажилд ШУА, эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.  

Ингэснээр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монголдоо мэдлэг түгээх боломж бүрдэнэ. Уг тусгай бүсэд Фэйсбүүк, Гүүгл, Амазон гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудын Төв Азийн хаабыг байгуулж хамтарч ажиллах боломж ч бий болох юм.

Дэлхийн улс орнууд инновац, их өгөгдөл, юмсын интернэтээс эхлэн хиймэл оюун ухаан хүртэлх технологийн 4-р хувьсгалын давалгаанд татагдан  орж байна. Монгол орон энэ хувьсгалын гадна үлдэх ёсгүй. Төр, засгийн бүх шатны байгууллагууд тооцоо судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, шийдвэр гаргадаг байхад УИХ онцгойлон анхаарч байгаа гэдгээ УИХ-ын дарга үгийнхээ төгсгөлд онцолсон юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)