Б.Энх-Амгалан: Зардал хэмнэх нэрийдлээр дархан цаазат газраа эзэнгүй орхиж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаар Н.Уртнасан сайдад тавьсан асуулгын хариуг тань чуулганы хуралдаанаар сонслоо. Ховд аймагт Говийн их дархан цаазат газрын захиргаа байгуулахыг та эсэргүүцээд байгаа юм шиг харагдсан. Энэ тухай эхлээд тайлбар өгөхгүй юү?

-Ховд аймгийн Алтай суманд “Дархан цаазат газрын захиргаа” байгуулахыг эсэргүүцээгүй. Харин ч шинээр байгуулбал эх орны маань баруун хязгаарт хяналт тавих, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах эзэнтэй болж байна хэмээн алга ташин баярлана. Адилхан Монголын маань нутаг учир маш сайн дэмжинэ. Одоогоор Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд ажиллаж байгаа Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг 34 хүн харгалзаж дийлэхгүй. Хулгайн ан, хилийн контрбанд, хууль бус алтны нинжа нарын зөрчил Говь-Алтайн хэсэгт улам нэмэгдээд байхад 1,054,971 га том газар нутгийг наймхан байгаль хамгаалагчид үлдээгээд бусад нь Ховд руу нүүчих шийдэл нь оновчтой биш ээ. Хяналт суларна, хязгаар нутаг эзгүйрнэ. Хууль бус үйлдэл газар авна аа л гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газрыг 911955.75 га талбайгаар өргөтгөж, нийт 1.835.724.94 га болгосон юм. Өргөтгөж тогтоосон нь бол Монгол төрийн зөв зүйтэй бодлого. Цагаан толгойн пост руу очиж ажиллахад талдаа 260 км зам туулж байна. Өвөлдөө ... заставаар тойрч очиход нэг талдаа 400 км тойрч, 72 цаг явж байж зорьсон газартаа хүрч байна. Зардал өндөр, хамгаалж дийлэхгүй байна гэдэг нь үнэн. Зөвхөн энэ тоо хамгаалалт хүрэлцэхгүй, цаг алдаж, хэтэрхий том талбай хариуцаж байгаа юм байна. Явж очих гэсээр байтал хулгайн анчид, алтны нинжа нар зугтчих юм байна. Иймд шинээр хамгаалалтын захиргаа нэмж байгуулах ёстой юм байна гэсэн үндэслэл болно.

Харин Тахийн талын хамгаалалтын захиргааг татан буулгаад нүүлгэх үндэслэл бол биш. Нэгийг нь орхиод нөгөөг нь хамгаална гэсэн ойлголт төрд байх ёсгүй.

-Тахийн тал дахь Говийн их дархан цаазат газрын нэрийг салбарын сайд дураараа өөрчиллөө гэж та мэдээлсэн. Ингэхдээ бүр хууль зөрчсөн гэлээ. Сайд өөрөө тайлбарлахдаа хамгаалалтын захиргааны нэрээр нэрлэсэн гэв үү дээ. Хуулинд юу гэж заасан байдаг юм бол?

Хуулинд ... “ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах газар зүйн нэрийг Засгийн газар нэгтгэн УИХ-аар батлуулна” л гэсэн байдаг юм. “Говийн их дархан газар” гээд аль эрт 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар улсын тусгай хамгаалалтад авсан. Гэтэл энэ газрыг “Зүүн гарын говийн дархан цаазат газар” болгоод өөрчилчихсөн нь хууль зөрчиж байгаа юм аа. УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа юм. Үүнээс гадна Засгийн газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Захиргааны хууль, Эрүүгийн хууль, “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газарзүйн нэрийн жагсаалт батлах” тухай их хурлын тогтоол, “Нутаг орны газарзүйн нэрийг хамгаалах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гээд олон л эрх зүйн акт зөрчсөн.

Алтайнхан бол Алтайн өвөр говь, Хонин усны говь л гэдэг энэ нэрийг Хавтагийн нуруу, Хөх өндрийн нуруу, Тахийн шар нуруу, Тэнгэр уулын цаана хилийн цаана байдаг Ломын говь, Номингийн говийн цаана байдаг БНХАУ-ын Шинжаан Уйгарын Лао Юэ Мяо, Сан Тан Ху, Жинан тосгоны нутаг дахь “Зүүн гарын говь” (Жунгария гэж ном зохиолд бичигдсэн) гэж газрын зураг дээр тэмдэглэгдсэн нэрийг авчраад өгчихсөн. Сайдын тушаалыг уншаад үз, хэнд ч ойлгомжтой, захиргааны байшингийн хаяг биш газрын нэр өөрчилсөн байгаа.

-Байгалийн нөөц газрыг орон нутаг хариуцдаг юм биш үү. Яагаад орон нутаг нь хариуцахгүй байна вэ?

-Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 75 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт хоёр ч байгалийн нөөц газрыг хариуцуулж, Төрийн хамгаалалттай газрын хамгаалалт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах чиг үүргийг хүлээлгэсэн юм билээ.

-Байтаг богд дахь алтны зөрчлийг арилгахын тулд Ховд аймагт говийн дархан цаазат газар байгуулна гэж салбарын сайд тайлбарлажээ. Харин таны хувьд Алтайд ухаад байгаа алтыг яах вэ гэж асуусан байсан. Үнэхээр алтны зөрчлийг арилгах шалтгаанаар тэнд дархан цаазат газар байгуулна гэж та харж байна уу. Н.Уртнасан сайд асуудлаа мэдэхгүй оруулаад ирэв үү. Эсвэл өөр шалтгаан байна уу?

-Ховд аймагт байгуулах биш, Говь-Алтай аймагт байгаа дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаа татан буулгаад Ховдын Алтай сум руу нүүлгэнэ гэвэл тушаалынх нь утга бүрэн гарна. Шинээр байгуулна гэвэл уухайн тас л зөвшөөрнө шүү дээ. Өөр ямар шалтгаантайг би яаж мэдэхэв. Миний асуулгын хариуд л Ховд аймгийн Булган сумын Байтаг багт гараад байгаа алтны зөрчлийг таслан зогсоохын тулд нүүх хэрэгтэй нэг үндэслэл нь л гэсэн шүү дээ. Алтайд, тэр дундаа энэ бүс нутагт бол хууль бус алтны нинжа нарын зөрчил тасрахгүй их байгаа. Монголын төрд өврөөс гарсан, араас гарсан нутаг гэж баймааргүй л юм. Нэгийг нь орхиод нөгөөг нь хамгаална гэж болох уу.

-Ховд аймаг руу нүүлгэх болсон шинжлэх ухаан техникийн үндэслэлийг нь сонирхов уу?

-Шинжлэх ухааны болон эдийн засгийн тооцоо судалгаа би олж хараагүй, надад өгөөгүй. Үндэслэл муутай нүүх шалтаг л бичиж өгсөн байна лээ.

-Ерөөсөө зардал төсөв хэмнэхийн тулд захиргаа нүүхгүй бол болохгүй гэж үзээд байгаа бололтой?

-Зардал төсөв хэмнэнэ гэдэг нь дархан цаазат газраа эзэнгүйдүүлж орхихын нэр биш биз дээ. Яг энэ нутагт амьд байгалийн үзэмж бүрдсэн байгалийн “Зоо парк” байдаг юм шүү дээ. 42 овгийн 135 төрлийн, 204 зүйлийн ургамалтай. Үүний 113 зүйл нь эмийн увдистай. Нэн ховордсон, өөр хаана ч байхгүй навчит тоорой, олон цэцэгт сухай, хонхот харгана, сибирийн хармаг, яшилдуу чацаргана, тоорой, жигд, гоёо, ортууз гэх мэт олон төрөл зүйлийн ховор ургамал зэрлэг онгоноороо байна.

Улаан номонд бүртгэгдсэн, тоо толгой нь цөөрсөн тахь, хулан, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, ёл, тас, бүргэд, хэд хэдэн зүйлийн сар, ууль бэгбаатар, атигдаахай, хулан жороо, замба зараа, тэмээн сүүлт, бамбай хоншоорт могой гэх мэт маш олон төрөл зүйлийн нэн ховордсон хэвлээр явагчид, ан амьтан, араатан жигүүртэн байна. Энэ бол зөвхөн жишээ. Мөн 13000 хар сүүлт, 9000 гаруй хулан, 350 гаруй тахь, дэлхийд устаж байгаа ирвэс, шилүүс байгаа. Ийм ариун дагшин газрыг эзэнгүйдүүлж болох уу. Төр бензинээ хэмнэе гэж ярьж болох уу. Хамгаалалтын Захиргааг нь татан буулгаад нүүлгэе гэж болох уу. Хараа хяналтаа сулруулж болох уу. Тэгээд хилийн бүсэд шүү!!! Дэлхийд ч ийм онгон дагшин газар байхгүй шүү. Харамч хүн хоёр төлнө гэдэг шиг сүйрсэн хойно нь хорь дахин, хоёр зуу дахин төлөөд ч онгон дагшин газар сэргэхгүй. Улаан номонд орсон, устсан ан амьтад эргээд амилахгүй л дээ.

-Таны ярианаас анзаарч байхад хоёр тусдаа хамгаалалтын захиргаа байгуулах ёстой гэлээ. Ингэснээр хоёр аймгийн дархан цаазтай газар нутаг эзэнтэй болно гэж үзээд байгаа юм уу. Ковидын үед илүү зардал гарна гэх хүмүүс байна лээ. Хэрэв шинээр захиргаа байгуулбал хэдий хэмжээний хөрөнгө зардал шаардагдах вэ?

-Зардал мөнгөний асуудалд сайд хариулна биз. Хүн төрөлхтөн цаашид ковидтойгоо зэрэгцэж амьдрахаас өөр гарцгүй. Бүрэн устаж, арилахгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна шүү дээ. Харин нэн ховор ургамлын аймаг, ан амьтан, араатан жигүүртэн бол хүний буруутай үйлдлээс хүйтэн хөндий хоноцын сэтгэлээс болж устана, дуусна. Эзэнгүй хязгаарт алтыг нь аваад авдрыг нь хаяна. Энэ бол эмгэнэл. Надад ирүүлсэн тайлбараас бол Ховд аймгийн Алтай сум газрыг нь олгочихсон юм байна, “Олон улсын тахь групп нийгэмлэг” ТББ, ХБНГУ-ын “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл” санхүүжилтийг нь гаргаад хамгаалалтын захиргааг нь бариад өгөх гэрээтэй юм байна. Цар тахлын үед улсын төсөвт дарамт ирэхгүй, боломжийг ашиглаад дахиад л нэг шинэ хамгаалалтын захиргаатай болчих. Нэг захиргаанд харьяалагдах газар нутгийн чинь хэмжээ багасна, хамгаалалтын торлог нягтарна. Жинхэнэ утгаараа хамгаалалт оновчтой, үр дүнтэй болно. Хоёр аймгийн дархан цаазтай газар нутаг эзэнтэй болно. Ердөө л энэ шүү дээ. Төр байна даа, тусгаар улс байна даа хэдэн хүний цалин мөнгө гаргачихна шүү дээ.

-Н.Уртнасан сайд та хоёрын зөрчлийг улстөржүүлж харах хэсэг байх шиг. Хэрэв хамгаалалтын захиргаа нь нүүгээд явчихвал бодит байдал дээр ямар нөхцөл байдал хүлээж байна вэ?

-Бид нэг намынх юугаа булаацалдаж улстөржих юм вэ. Бид хоёрын хооронд ямар ч зөрчил байхгүй. Зөрчилдөх шалтгаан ч алга. Хүнийх нь хувьд ялангуяа эмэгтэй хүнийх нь хувьд би хүндэлдэг. Тамга барьсан төрийн сайдынх нь хувьд, Байгаль орчин нутаг усаа хамгаалах төрийн бодлого тодорхойлогчийнх нь хувиар бол би асуудалд тун хариуцлагагүй ханджээ л гэж буруутгаж байгаа юм. Далдыг харах биш нүүсэн хойно нь ямар хувь заяа Алтайн өвөр говийг хүлээж байгааг би яаж мэдэхэв. Та гэрийнхээ хаалгыг дэлгэчихээд хэд хоног эзэнгүй орхивол юу болох нь ойлгомжтой. Тэгвэл бодит байдал дээр яг л тийм нөхцөл байдал хүлээж байгаа.

-Та хязгаар нутгийг эзэнгүйдүүлэх, төрийн хараа хяналтыг сулруулах бодлого яваад байна гэж хэлэх гээд байна уу. Цаана нь ямар эрх ашиг байна гэж бодож байгаа вэ?

-Цаана нь ямар эрх ашиг байгааг би яаж мэдэхэв, бодоод байх ч юм алга. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг нь Ховд аймгийн Алтай сумын 745,1 мянга га, Үенч сумын 308,8 мянга га, Булган сумын 153,3 мянга га нутгийг хамардаг. Тэгвэл Говь-Алтай аймгийн Бугат сум 458.4 мянган га, Говь-Алтай Тонхил сум 170,1 мянган га, Алаг хайрхан байгалийн нөөц газар 36400 га, Шаргын байгалийн нөөц газар 390.071 га нийтдээ Говь-Алтайд 1,054,971 га газрыг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа хамгаалах чиг үүрэгтэй. Найман байгаль хамгаалагч энэ том нутаг, талбайд хүрэлцэх үү. Бодоод үз дээ, хамгаалалтын захиргаа нь нүүгээд явчихаар машин техник, өдөр тутмын удирдлага, үүрэг даалгавар, шуурхай байдал, хяналт шалгалт оновчтой хүртээмжтэй байна гэж бодож байна уу. Энэ бол хязгаар нутгийг эзэнгүйдүүлэх бодлого, төрийн хараа хяналтыг сулруулах бодлого л гэж үзэхээс өөр юу гэх вэ?

-Салбарын мэргэжилтнүүд зэрлэг амьтдын ихэнх нь Ховдын нутагт өвөлждөг учраас тэнд дархан цаазат газар байгуулах ёстой гэсэн тайлбар хийгээд байсан. Харин та болохоор тэр бүс нутагт хилийн зөрчил их байдаг гэж ярилцлагын эхэнд хэлсэн. Танд баримт байна уу?

-Бугатын тахийн талын Дархан цаазат газрын хамгаалалын захиргааг татан буулгаад нүүлгэх үндэслэл олж харахгүй байна. Би судалсан, холбогдох газруудаас нь албан ёсоор лавлагаа авсан. Хилийн зөрчил Алтайд ихтэй л юм билээ, баримттай. Улаан номонд бүртгэгдсэн, тоо толгой нь цөөрсөн тахь, хулан, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, ёл, тас, бүргэд, хэд хэдэн зүйлийн сар, ууль бэгбаатар, атигдаахай, хулан жороо, замба зараа, тэмээн сүүлт, бамбай хоншоорт могой гэх мэт маш олон төрөл зүйлийн нэн ховордсон хэвлээр явагчид, ан амьтан, араатан жигүүртэн байна, 13000 хар сүүлт, 9000 гаруй хулан, 350 гаруй тахь, дэлхийд устаж байгаа ирвэс, шилүүс чинь Гүн Тамгын Ам, Тангадын харын ар, өвөр хоолой, Хөндлөнгийн өвөр, Хайрхан булаг, Тахийн шар нуруу, Тахийн ус, Тахийн тал, Таван даваа, Тоодгийн ус, Хонин Усны говь, Шал хар, Таван хайрханаар нутаглаж, энд Алтайд төллөж байна шүү дээ.

Ховдын нутагт бол 50 тахь нутаглаж байгаа. Ийм л судалгаа байна шүү дээ.

 

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)