Сумын төсвийн орлого VS иргэдийн эсэргүүцэл

Хоёр жилийн дараах “анхны” томилолт. Өнгөрсөн пүрэв гаригийн үүрээр Дорноговь аймгийн Мандах сумыг зорив. Намайг хөдөө тийш томилолтоор явахын урд өдөр /2021.11.16/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгуудийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзан орон нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн загвар, төлөвлөлт хийх, ирэх оны төсвөө батлахдаа нээлттэй боомт, хараат бус эрчим хүч, боловсруулах аж үйлдвэр, түгжрэл, төрийн бүтээмж, байгалийн нөөц гэсэн зургаан хүчин зүйлд онцгой анхаарахыг чиглэл болгосон байна. Түүнчлэн орон нутгийн төсөв үрэлгэн биш үржүүлэхийн хүрд шиг байх ёстойг анхааруулжээ. 

Төсөв батлаад удаагүй байгаа энэ үед аймгийн удирдлагууд Засгийн тэргүүнтэй уулзаж ирэх жил хэрхэн ажиллах талаараа санал солилцож, үүрэг даалгавар авсан ч бодит байдал дээр хэрхэн хэрэгжих бол гэх бодол толгойноос огт салдаггүй. Учир нь ковидын нөлөө эдийн засаг болоод нийгмийн амьдралд чамгүй өөрчлөлтийг авчирсан. Гэхдээ хэтэрхий бэлэнчлэх, хавтгайрсан халамжид назгайрах нь хот, хөдөөгүй давамгайлж байгаа нь харамсалтай дүр зураг юм. Одоогоос 10 орчим жилийн өмнө уул уурхайн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 17 хувиар өсч байхад иргэд яаж уурхайд ажилд орох вэ гэдэг байж. Харин одоо яаж уурхайг ажиллуулахгүй байх вэ гэх болжээ.

 

500 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ ДААЛГАВАР БИЕЛЭХ ҮҮ?

Мандах сумын Соёлын төв. “Түмэн айлын чулуун нүүрсний уурхай”-н төслийн танилцуулга хийх үеэр.

Дорноговь аймгийн Мандах сум нь чулуурхаг тогтоцтой хадан дунд орших аж. Байгалийн өвөрмөц сонин тогтоцтой тэрхүү хад сумын төв хэсэгтээ ч байх. Уул уурхай дагасан аймаг атлаа дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан сум ажээ. Улаанбаатараас 454 км, аймгийн төвөөсөө 170 км зайтай. Сумын газар нутгийн нийт хэмжээ 1.3 орчим сая га талбайтай. Өнгөрсөн оны байдлаар 191.018 тоо толгой малтай статистик мэдээлэлд дурджээ. Түүнчлэн тус сум нь 500 өрх, 1585 хүн амтай аж. Мандах сум нь төрөөс татаас авдаг сумдын нэг байсан тухай албаны эх сурвалж хэлж байсан юм. Тэд жилдээ хоёр тэрбум төгрөгийн татаасыг төсвийн хөрөнгөөсавч 40 орчим сая төгрөг төсөвт төвлөрүүлдэг байжээ. Харин 2022 онд Мандах сум нь улсын төсөвт 500 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгагджээ.

Сумын удирдлагуудын хувьд ирэх жил хэрхэн төсөвтөө орлого төвлөрүүлэх вэ гэдэг толгойн “өвчин” бололтой байв. Тус сум нь төвөөс алслагдмал, мал аж ахуй суурьтай, төсвийн орлого бүрдүүлэхэд хязгаарлагдмал нөхцөлтэй учраас арга ч үгүй биз.  Учир нь тэдний орлого олох боломж нь газрын төлбөр. Хэрэв уул уурхайн компанидуудаасаа ашиглуулж байгаа газрын төлбөрөө баталгаажуулж авбал сумын төсвийн орлогод ихээхэн нэмэр болно гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Гэтэл орон нутгийн иргэд нь сумын төсөвт бүрдүүлэх орлого нь улс орны эдийн засагт хичнээн ач холбогдолтой талаар ойлголт байхгүй, зөвхөн сумын удирдлагын үүрэг мэт хандлагатай харагдлаа. Арга ч үгүй биз, өнгөрсөн хугацаанд төсвөөс татаас авдаг байсан болохоор... Тиймээс нутгийн иргэдийн хувьд газар нутгаа ухуулахгүй байх ганцхан зорилготой хэмээн “хашхиралдах”.

Тус суманд чулуун нүүрсний уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр саяхан олон нийтийн сүлжээгээр нэлээдгүй маргаантай мэт мэдээлэл цацагдаад байсан “Түмэн айл инвест” компани нь үйл ажиллагаа эхэлсэнээр сум орон нутагт ямар үр өгөөж өгөх вэ, цаашлаад  сум орон нутаг,улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлэх вэ, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд суманд ямар ажлуудыг хийх талаар нутгийн иргэдэд тайлбарлаж, танилцуулахаар тускомпанийн удирдлага, ажилтнууд Мандах суманд очжээ. Харамсалтай нь танилцуулга уулзалтад 20 гаруйхан хүн уван цуван оролцсон юм. Төслийн танилцуулгыг сонсохыг хүссэн боловч “Мод чулуу нүүлгэнэ шүү. Мөнгө, төгрөг авчхаагүй бол уулзалтад очоод үзээрэй” гээд ар өврөөс нь хашхичаад, энд тэнд бөөн бөөнөөр суугаад айлгаад байх юм гэсээр ганц нэгээрээ эмэгтэй голдуу хүмүүс компанийн танилцуулгыг сонслоо. Соёлын төвийнхөө чанх харалдаа довцог газарт хэсэг хүмүүс цугларсан нь өнөөх “айлган сүрдүүлэгчид”-ийн нэг хэсэг нь аж.

Сумын удирдлагууд нь орлогоо хэрхэн бүрдүүлэх вэ, багш, эмч нарынхаа цалинг олохгүй бол яанаа хэмээн тархиа гашилгаж суухад нутгийн иргэд “Малаа маллаад амьдраад байсан. Амьдарсаар байх болно. Зайлцгаа. Ичдэггүй луйварчид” хэмээн хашхиралдах нь хааяахан хотын төв талбайд цугларч жагсаал цуглаан хийгсэдтэй төстэй харагдав. Ганцхан ялгаа бий. Нийслэлийнхэн бол хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөл заавал авна. Харин орон нутгийнхны хувьд төр захиргааны зөвшөөрөл хэрэггүй. Зөвхөн “Атаман” нэртэй том нударга унжуулж, өрөөсөн ханцуйгаа сугалдаргалсан залуусаар удирдуулдаг бололтой юм билээ. Нэн ялангуяа уул уурхай хөгжиж эдийн засгийн үр өгөөжийг нь хүртдэг аймгуудад эсэргүүцэл, жагсаал, цуглаан, өдөөн хатгалга бишгүй болдог болсныг нутгийн иргэд ярьж байна. Бүр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн сүүлийн хурал дээр хэлснээр “Шантаажчид”-ын бүлэг үүсч, ажлыг гацааж дарамталдаг, үүгээрээ амьдрал залгуулаад явдаг хэсэг давхарга үүссэн байгааг яах вэ гэж аймгийн ИТХ-н дарга, Засаг дарга нарт хатуухан хэлж байсан санаанд оров. Ийнхүү учраа ч олохгүй тэмцэлдэх зуур нь сумын төсөв нь тасарч амьжиргаа залгуулах цалин нь буухгүй болох эрсдэл байгааг ч тоох янзгүй. Магадгүй тус сумын ирэх жилийн төсвийн орлого бүрдэх болов уу гэх бодол зурсхийснийг нуух юун.

Б.УГТАХБАЯР: “А” ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН СУМЫН УДИРДЛАГУУДАД БАЙХГҮЙ

Ирэх жилээс аймаг, орон нутаг үрэлгэн зарцуулалт хийхээс илүүтэй боломж бололцоогоо дайчлан орлого төвлөрүүлэх учиртайг Ерөнхий сайд анхааруулсан байгаа. Тэгвэл Мандах сум хэрхэн орлого төвлөрүүлэх вэ гэдгийг сумын Засаг дарга Б.Угтахбаяраас тодруулсан юм.

 

-Танай сум улсаас татаас авдаг сумдын нэг. Гэхдээ геополитикийн хувьд ач холбогдол бүхий бүс болсноор орлого төвлөрүүлэх боломж бүрдэх үү?

-Манай сум жилдээ хоёр тэрбум төгрөгийн татаас авдаг. Өнгөрсөн жил 40 сая төгрөг бүрдүүлсэн. Харин энэ жил 220 сая төгрөг бүрдүүлж байна. Харин ирэх жил 500 орчим сая төгрөгийг бүрдүүлэх учиртай. Яагаад гэвэл, Газрын тухай хууль шинэчлэн батлагдсанаар сум орон нутагт орлого төвлөрүүлэх боломж бүрдэж зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.

-Татаас авдаг сумын орлого бүрдүүлэх боломжийг нь Газрын тухай хуулиар олгож түүнийгээ биелүүлэхийг үүрэг болгосон юм байна гэж ойлгож болох уу?

-Нэг үгээр хэлбэл, тийм. Өмнө нь газрын төлбөрийг аймгийн төсөвт оруулдаг байхад татаасаар багш, эмч, сувилагч зэрэг төрийн албан хаагчдын цалин, бусад урсгал зардлыг төвөггүй төлдөг байсан. Харин өөрсдөө орлогоо төвлөрүүлж дээрх зардлаа олох шаардлага тулгарахаар бас амаргүй л байна.

-Тэгвэл уул уурхайн компаниуд хуулийн дагуу ажлаа хэвийн явуулбал сумын орлого төвлөрүүлэлтэд жин дарах нь гэж ойлгож болох уу?

-Мэдээж манай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болохоор газар ашигласны төлбөр авна. Түүнээс гадна ашиглалтын лицензтэй уул уурхайн компаниудтай “Нийгмийн хариуцлагын гэрээ”-г маш сайн хийх болж байгаа юм. Нэгэнт төрөөс гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх нь зайлшгүй учраас тухайн компанийн үйл ажиллагааг явуулах боломжийг нь бүрдүүлж сум орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт оруулах, ямар байдлаар хамтарч ажиллах зэргийг “Нийгмийн хариуцлагын гэрээ”-гээрээ тохирох хэрэгтэй. Түүнээс гадна суманд хэчнээн хэмжээний ажлын байр бий болгох боломжтой зэргийг ч тусгах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэдийн амьжиргаанд дорвитой нөлөөлөхүйц ажлын байрыг бий болгохын сацуу орон нутагт зарим хөгжлийн дэд бүтцийг бүтээн байгуулах талд хамтран ажиллах боломж бий.

-“Түмэн айл инвест” компани 2014 оноос хайгуул хийж эхэлсэн юм байна. Ингээд өнгөрсөн онд “А” зөвшөөрөл авч түр кемп байгуулахаар болсон юм байна. Гэхдээ нутгийн иргэдтэй үл ойлголцол үүсч асуудал өрнөсөн тухай мэдээлэл гарч байсан?

-“Түмэн айл инвест” компани өнгөрсөн оны нэгдүгээр сард ашиглалтын лицензээ авсан юм билээ. Тус компанийн тухайд бичиг баримтуудаа бүрдүүлсэн бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь дэмжигдсэн гэх мэдээллийг баттай эх сурвалжаас авсан. Төрийн байгууллагын хувьд төрийн гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх учиртай. Гэвч ард иргэд, уул уурхайн компанийн хооронд үл ойлголцол үүсч байна. Хэдийгээр орон нутгийн засаг захиргааны байгууллагаас төрийн ажил гүйцэтгэгчийн хувиар иргэдэд мэдээлэл хүргэх боломжийг нь бүрдүүлсэн боловч иргэд эсэргүүцсэн байр сууриндаа хатуу зогсоно гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Тус компанийнхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд шинэ хуулийн дагуу уурхайн ашиглалтын талбайн хэмжээгээр газрын зөвшөөрөл болон кемп байгуулах газар хүссэн хүсэлтээ албан бичгээр  3-4 удаа ирүүлсэн байгаа. Гэвч иргэд хүчтэй эсэргүүцэж байгаа учраас хүсэлтийг нь буцаасан. Гэхдээ нэгэнт Засгийн газраас ашиглах зөвшөөрлийг нь олгосон тохиолдолд ажлыг нь хойшлуулах, огт хийлгэхгүй байх хууль эрх зүйн орчин сумын удирдлагуудад байхгүй гэдгийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. 

-Танай сумын иргэдийн амьжиргааны эх үүсвэр юу вэ?

-Манай сумын иргэд мал аж ахуйд тулгуурласан амжиргааны гол эх үүсвэртэй. Сүүлийн жилүүдэд хэвтээ тэнхлэгийн төмөр зам орж ирж байгаатай холбоотой хэд хэдэн уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эрчимжиж байна. Түүнчлэн манай сумын нутаг дэвсгэрээс Ханги-Мандал боомт руу ирэх хавараас 220 км төмөр зам явах юм. Тиймээс геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой бүс нутаг болж байна.

 

“ОД” БОЛОХ БОЛОМЖИЙГ БООМИЛОГСОД

Мандах сум төмөр зам дагаж хөгжих, өргөжин тэлэх боломжтой болжээ. Учир нь дайран өнгөрөх хэвтээ тэнхлэгийн төмөр зам, Ханги-Мандал боомт руу барих 220 км зам тэднийг ёстой л “ОД” болгоно. Жилийнхээ орлогыг ч төвөггүй бүрдүүлэх боломж бүрдэнэ. Мэдээж “Нийгмийн хариуцлагын гэрээ”-гээ хийчихвэл үүнээс ч илүүг олох боломж. Гэхдээ иргэд энэ мэт лоозон барьж, хийрхэж хашхираад байвал оргүй хоосон үлдэх ч магадлал бий. Учир нь төслийнхөө тухай танилцуулахаар зорьж очсон компанийнхныг үгийн солиогүй “Зайлцгаа” хэмээн хашхирч лоозон барьж гүйлдэх нутгийн иргэдтэй ойлголцоход тун бэрх харагдана лээ.

Ямар ч тайлбар сонсохгүй. Хардаж байгаа, ойлгохгүй байгаа зүйлсээ огт асуухгүй. Зүгээр л “Зайлцгаа. Газар нутгаа ухуулахгүй. Бид сайхан амьдарсаар ирсэн” хэмээн хашхиралдан бүчих нь цаанаа л хүйт даамаар эвгүй сэтгэгдэл төрүүлж байв. Яагаад гэвэл, өмнө нь түр кемп байгуулахаар ирсэн тус компанийн ажилтнуудыг эр, эм гэж ялгалгүй зодож бас амь насанд нь халдахаар заналхийлж, сэдэл гаргаж байсан тухай сонсч байв.

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэгчлэн яагаад эсэргүүцэж байгаагаа харилцан ярилцаж ойлголцвол хаа хаанаа л амар баймаар. Харамсалтай нь “Тахилгат уулыг минь тайван орхино уу. Мандахчууд уурхайг эсэргүүцэж байна” хэмээн хашхиралдаж байлаа. Үнэхээр уриа лоозон барьж нутгийнхаа газар шорооны төлөө тэмцэж байна уу, эсвэл хүмүүсийн мэддэг “Шантаажчид”-ийн шинэ бүлэг үүсч байгаа нь тэр үү гэмээр л анзаарагдав. Тэр ч бүү хэл хэн нэгний турхиралтаар хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хэдхэн нөхдийн сонирхол ч юмуу гэмээр харагдсан. Давшилж ирээд хашхичин ярих хүмүүс яг л шалгалт өгөхөөр цээжилсэн шүлгээ уншиж байгаа хүүхдүүд шиг санагдаж байв. Ярьж байгаа зүйлийг нь “Наад мэдээлэл чинь нээлтэй байдаг юм хараад өгье” хэмээн төслийн менежер З.Пүрэвдоржийг хэлэнгүүт хэлсэн зүйлээ дор нь бухаж байх жишээтэй.

МАНДАХЫН ЧУЛУУН НҮҮРСНИЙ ОРД ХААНА БАЙРЛАЛТАЙ ВЭ?

Нутгийнхаа тахилгатай уулыг ухаж сэндийчлээ хэмээн эсэргүүцэж байгаа иргэдэд “Түмэн айл инвест” компанийн төслийн менежер З.Пүрэвдорж “Манай уурхай сумын төвөөс урагш 30 км, Арван наймын Ац богд уулын тусгай хамгаалалтын бүсээс 12 км зайд оршдог. Хуулиар хориглосон ямар ч бүстэй давхцалгүй. Үүнийг БОАЖЯ-ны албайн ёсны цахим сайтаас авсан “Ой, ус. Тусгай хамгалаалттай газарт давхцалгүй” гэх тодорхойлолтоос харж болно. Тэр ч бүү хэл тахилгат уулыг хамгаалахад нутгийн иргэдтэй хамтран ажиллана. Үүнийгээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан” хэмээн тойрч бүчсэн олонд хэлсэн хэдий ч “Сонсохгүй ээ. Уул уурхай хэрэггүй. Зайлцгаа” гэж хашхиралдах хүмүүсийн дунд чадлаараа л тайлбарлаж байсан юм.

Арван наймын Ац богд уулын тусгай хамгаалалтын бүсээс 12 км зайд оршдог.
Хуулиар хориглосон ямар ч бүстэй давхцалгүй ажээ.

Төслийн менежер З.Пүрэвдоржийг нутгийн “атаман” тэргүүтэй эсэргүүцэгчид бүчиж байхад Уурхай хариуцсан захирал Б.Чинзориг “Өмнө нь кемп байгуулах бэлтгэл ажил хангахаар  ирэх үед иргэд шууд олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа мэтээр ойлгож зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцсэн. Ярилцаж ойлголцох боломжгүйгээр дайрч, мэс хүртэл гаргасан. Төслийнхөө талаар танилцуулж ярилцах гэхээр огт хүлээж авдаггүй. Багийн дарга, багийн ИНХ-ын дарга нар нь иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон мэдэх эрхэд шууд халдан үнэн зөв мэдээллийг хүргүүлэхээс эрс эсэргүүцдэг нь ямар нэг ашиг сонирхол байгаа юм болов уу л гэж харж байна” гэсэн юм. Тэрээр уурхай маань нүүрсний 187 сая тонн нөөцтэй нь тогтоогдсон. Нүүрсний ордоо ил аргаар ашиглах бөгөөд 25-30 жил ашиглах төлөвлөгөөтэй байгаа. Олборлолт явуулах талбайн хувьд 156 га газрыг хамрах юм. Манай уурхайн ашиглалтын талбайд нэг худаг бий. Түүнийг “Хошуу хондын худаг” гэдэг. Уурхайн нөлөөллийн бүсд орсон айл өрхүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байгаа. Түүнээс гадна 2021 оны уулын ажлын төлөвлөгөөнд тусган батлуулснаар зүүн урд хэсгээр нэвтэрч орох юм. Энэ хэсгийн эзлэх талбай эхний 2-3 жилдээ хааш хаашаа 500 метр талбайг хамарна. Хүмүүсийн хэлээд байгаа тахилгатай уулаас даруй 18 км зайд орших юм шүү дээ гэж байлаа. Гэтэл Мандах сум хэрэглээний нүүрсээ Таван толгойгоос тонныг 110 мянган төгрөгөөр авдаг. Манай орд ашиглалтад орсноор нутгийнхаа иргэдийн нүүрсний хэрэгцээг хангахаас гадна улсын эдийн засагт дорвитой өсөлтийг бий болгох юм.

Нутгийн иргэдийн тухайд газар нутгаа ухуулахгүй, тахилгатай уулаа сэндийчүүлэхгүй гэдэг байр суурьтай байна уу гэж харахыг хүсэв. Учир нь тэдний өмнө барьсан уриа лоозон  тийм л агуулгатай харагдлаа. Гэхдээ бодит байдал, нутгийн хүмүүсийн хоорондын харилцаанаас харвал тэс өөр. Сиймхий ашиглан орж ирлээ гэх 2-3 эмэгтэйн араас хоёр эмэгтэй орж ирсэн юм. Гэхдээ тэд хоорондоо муудалцан элдвийн үг “шидэлцэж” байв. “Хэн, хэнд хэдэн төгрөгийн авлига өгсөн, машин амласан, түүнээс ихийг өгсөн байж таараа” гэж хардан цуурхал тараасан, тараагаагүй тухай “чи, би” гээд чанга дуугаар маргалдаж байгаа нь эрхгүй хувийн ашиг сонирхлын зөрчил байна уу гэх хардлагыг төрүүлж байлаа. Бэлтгэгдсэн эсэргүүцэгчид байдаг тухай хааяахан сонсч л байсан. Гэхдээ...

Нутаг орон, уул усаа хэн хүнгүй л хамгаалахыг хүснэ. Гэвч ирээдүйд сайн сайхан амьдрах, орон нутгаа хөгжүүлэх нь хүн бүрийн хүлээсэн үүрэг байх учиртай. Хувь хүний ирээдүйд олох орлого, өнөөдрийн тавтай амьдралаас ч чухал гэдгийг санаж явмаар. Магадгүй Мандах сумын иргэд малаа маллаад амьдарна гэж байгаа ч тэдний үр хүүхэд нийслэл хүрээнд шигдэхээс илүү тав тухтай, дэд бүтэцтэй орчинд нутагтаа сайхан амьдрахыг илүүд үзэх болов уу. Хойч ирээдүйдээ бид юу үлдээх вэ гэдгээ л боддог болчихвол ч...

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)