УИХ-ын дарга Эрхүү мужийн их, дээд сургуулиудын удирдлагыг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн урилгаар Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн их, дээд сургуулиудын удирдлага манай улсад айлчилж байгаа билээ.

Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.11.25) хүлээн авч уулзан, Монгол-Оросын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн эдүгээ 100 жил үргэлжлэн хөгжиж байгааг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Тэрбээр, 1980-аад оны үед жилд 1300 гаруй оюутан залуус ЗХУ-ын их, дээд болон дунд мэргэжлийн, 1000-аад оюутан техник мэргэжлийн сургуулиудад тус тус элсэн суралцаж, тухайн үед хамгийн олон монгол залуучууд Эрхүү хотод сурч байсан. Энэхүү сайхан уламжлалт найрсаг хамтын ажиллагааг боловсролын салбарт үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Төлөөлөгчдийн тэргүүн Эрхүүгийн Улсын Их Сургуулийн захирал Шмидт Александр Фёдорович Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэ онд томоохон ойн арга хэмжээнүүд тохиож байгааг тэмдэглэв. Үүнд, Оросын Холбооны Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан, Оросын Холбооны Улсын Эрхүү дахь Ерөнхий Консулын газар байгуулагдсаны 50 жил, мөн Монгол Улсаас мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний тэгш ой тохиож байна. Эрхүү муж Монгол Улстай хамгийн ойр хөрш бөгөөд цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд газар зүйн хувьд нэн тохиромжтой гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ленинград (Санкт-Петербург)-ын Улсын Их Сургуулийн төгсөгч хэмээн өөрийгөө танилцуулж, манай хоёр улс боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааны арвин их туршлагатай гээд энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс маргааш анхдугаар Үндсэн хуулиа баталсан, Бүгд Найрамдах улсаа дэлхий дахинд зарлан тунхагласан түүхэн өдрөө тэмдэглэнэ хэмээгээд хүндэт зочдыг зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцохыг урив.

1922 оноос хойш ЗХУ-д (Зөвлөлт Холбоот Улс) монголын 70 гаруй мянган залуучууд боловсрол, мэргэжил эзэмшин эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Үүнээс 10000 гаруй залуучууд Эрхүү хотод суралцаж төгссөн. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын 186 их, дээд сургуульд монголын 3700 оюутан суралцаж байгаагаас 500 орчим оюутан Эрхүү хотод сурч байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.115.50)

    2021-11-26

    Тоо худлаа байна Статистикийн төв газрын 1980-1990оны тайлан тооцоог судлаж мэдээлэх хэрэгтэй дээ.1980онд ЗХУын 870 их дээд сургуульд 3000 оюутан элсшүлэж үүнээс Эрхүүгийн УИС,ПДСийн хэлний бэлтгэлд 1000суралцдаг.техникумд1000 ТМС д 2000 БХЯ,НАХЯ өөрслийн шугмаар жилд тус бүр 39 хүртэл оюутан элслүүлэн сургаж байсан .Эрхүүгийн их дээд сургуулиуд бол Монголд мэргэжилтэн бнлтгэхнд онцгой гавьяа үүрэгтэй.