Думаагийн Содном: Засгийн газар олон сая долларын зээлийн өртэй, ашиггүй шахам нефтийн үйлдвэртэй болчих эрсдэл байна

- АЛТАНШИРЭЭ СУМАНД БАРИГДАЖ БУЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ 1.5 САЯ ТОНН ГАЗРЫН ТОСЫГ МОНГОЛ УЛСЫН НУТАГТ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМПАНИ ОЛБОРЛОДОГ БОЛОХЫГ ХЭДЭН ЖИЛ ХҮЛЭЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа.


-Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно гэх хүлээлт олны дунд байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нефтийн үйлдвэртэй болно гэдгээ баталгаатай хэлсэн?

-Эрдэмтэн академич Т.Намжим Газрын тос боловсруулах үйлдвэрийг Япон улсаас тэрбум долларын зээл авч Дархан хотод байгуулах, түүхий газрын тосны хэрэгцээг ОХУ-аас импортолж хангах төслийг ТЭЗҮ-ийн хамт боловсруулаад, Япон улсын холбогдох компанитай байгуулах гэрээний төслийг тохиролцож байсан боловч шийдүүлж чадаагүй байхдаа насан өөд болсон. Би талийгаачийн саналыг дэмждэг байсан. Гэвч Үйлдвэрийг өөр хувилбараар буюу Дорноговь аймагт Энэтхэг улсаас зээл авч барих шийдвэр гарсан билээ. Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил эхлээд жил орчим хугацаанд төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өндөр үр ашигтай, импорт хэмнэх чухал ач холбогдолтой төсөл хэрэгжиж буй сурталчилгаа явагдаж байна. Ард иргэд энэ бүхэнд итгэж, ихийг хүлээж байгаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг эхнээс нь урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэн барьж ашиглалтад оруулах нь чухал. Гэтэл үүнд хамаарах гол асуудал байна. Тухайлбал, үйлдвэрийн бүтэц, хөрөнгө оруулалтын зардал ямар байх, түүхий эдийн хэрэгцээ хэрхэн хангагдах зэрэг асуудал тодорхой биш байна. Энэ бүхний учрыг олж, оновчтой тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэхгүй бол муугаар бодоход Засгийн газар маань олон сая долларын зээлийн өртэй, говьд барьсан ажил ашиггүй шахам үйлдвэртэй болчих эрсдэл байна. Үүнийг төр засаг маань анхаарч байгаа байх. Хүн бүхэн анхаарах ёстой. Миний хувьд уг асуудал дээр хэд хэдэн саналтай байна.

Нэгдүгээрт, газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэж, түүхий эдийг Оросын Холбооны Улсаас импортоор авч хангах, хоёрдугаарт газрын тос хайж олборлох үндэсний компанийг бий болгон хөгжүүлж олборлосон газрын тосыг БНХАУ-д экспортлох бодлого хэрэгжүүлбэл зөв болно гэсэн бодол байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг эхлээд Энэтхэг улсаас зээл авч нэг тэрбум ам.доллараар барина гэж байсан бол 1.2 тэрбум ам.доллараар барих боллоо гэж мэдээлсэн. Боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл боловсрогдсон гэдэг боловч эдийн засгийн үзүүлэлтээр тодорхой тоон мэдээлэл байхгүй. Боловсруулах үйлдвэр барьснаар эдийн засгийн үр ашиг ямар байхыг тодорхойлохын тулд хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнийг ямар хугацаанд нөхөгдөхийг тооцох ёстой. Гэтэл үйлдвэр маань ямар үнээр босох нь тодорхой биш байгаа. Боловсруулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын зардал Дорнод аймгаас татах хоолойн зардлыг бодолцвол хоёр тэрбум долларт хүрч магад гэсэн яриа байдаг.

-Тус үйлдвэрийн захирлын яриа саяхан сонинд гарсан байсан?

-Тийм ээ, газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал н.Алтанцэцэг саяхан хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Тэрхүү яриандаа Дорнод аймгийн нутагт Тосон-Уул, Тамсаг хэмээх хоёр ордод 300 сая, Дорноговийн Цагаан-Элс ордод 26 сая тонн газрын тосны ашиглах нөөц байгаа, Тосон-Уулаас 530 км хоолой байгуулж Алтанширээ дэх боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр хангахаар төлөвлөж байгаа гэлээ. Энэ мэдээтэй холбогдуулж тодруулах ёстой олон асуудал байгаа. Жишээлбэл, 300 гаруй сая тонн газрын тосны ашиглах нөөц дурдсан ордуудад байгаа нь баталгаатай, зохистой цэгүүдэд хийсэн гүний өрөмнүүдийн үзүүлэлтээр баталгаажсан эсэх эргэлзээтэй.

Мөн дээр дурдсан ордуудад Монголын ямар компани хайгуул хийсэн, хэдэн оноос, ямар хэмжээгээр олборлолт явуулах төлөвлөгөөтэй, санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн эсэх нь тодорхойгүй. Газрын тосны хайгуул олборлолт явуулах Монголын үндэсний компанитай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлүүдийг сайжруулах шаардлага байгаа. Мөн олборлох компаниас газрын тосыг аль цэг дээр буюу орд дээр, эсвэл үйлдвэр дээр ямар үнэ нөхцөлөөр худалдаж авч байх асуудал тодорхой биш байна. Тамсагаас 530 км хоолойг байгуулахад 250 сая доллар зарцуулна гэсэн. Энэ ажлын зураг төсөв зохиогдсон эсэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, түүнийг дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг барих зардал тооцогдсон эсэхийг тодруулах ёстой. Ер нь парафин ихтэй тосыг ийм шугам татаж ашиглах боломжоор хийсэн судалгаа, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж байгаа эсэхээр мэдээлэл алга байна.

-Та бол аргагүй судалгаа тооцоотой хандаж байна. Судалгааны үндсэн дээр таны санал юу байна?

-Дээр өгүүлсэн санаа энэ бүхнээсээ үндэслэж Дорноговийн Алтанширээд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээт түүхий газрын тосыг Оросоос импортоор авч хангадаг байх нь зөв болов уу. Үүнтэй холбогдуулж Дорнод аймгийн Тосон-Уул, Тамсаг орчмоос газрын тос шахах хоолой байгуулах төслөөс татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ миний энэ саналаар асуудал шийдэгдвэл боловсруулах үйлдвэр чанартай түүхий эдээр найдвартай хангагдах бөгөөд 530 км зайд хоолой татах эрсдэлтэй төслийн олон сая долларын зардал хэмнэгдэнэ. Оросын тал нефть бүтээгдэхүүн нийлүүлж байхад ашигтай учраас түүхий газрын тос нийлүүлэх сонирхолгүй байж болно. Гэвч манай төр засгийн удирдлагын зүгээс санал хүсэлтээ үндэслэлтэй сайн тайлбарлаж шийдүүлэх боломжтой гэж боддог. ОХУ-ын хувьд түүхий газрын тосны нийлүүлэлтээр манай улсыг хамааралдаа байлгах сонирхол байх учраас энэ асуудлыг нааштай хүлээн авах боломжийг үгүйсгэхгүй. Урд хөрш БНХАУ-ын компани манай улсын нутагт олборлосон газрын тосыг нутагтаа боловсруулах сонирхолтой байхыг ч үгүйсгэхгүй. Иймээс алсдаа манай улсын үндэсний компанийг газрын тос хангалттай хэмжээгээр олборлодог болгож, олборлосон тосоо урд хөршид экспортлох замаар ОХУ-аас импортлох зардлыг нөхөж байх валютын эх үүсвэрийг бүрдүүлдэг байх нь зохистой. Энэ бүхэн хөрш гурван улсын тухайн салбар дахь ашиг сонирхлын харилцан уялдаа зохистой шийдэх бодлогод нийцэх байх.

Алтанширээ суманд баригдаж буй боловсруулах үйлдвэрийн хэрэгцээг хангах 1.5 сая тонн газрын тосыг Монгол Улсын нутагт Монголын үндэсний компани олборлодог болохыг хэдэн жил хүлээх нь тодорхойгүй байна. Манай улсын нутагт одоо зөвхөн БНХАУ-ын компани газрын тос олборлодог бөгөөд 1963 онд тэр үеийн Газрын тосны хэрэг эрхлэх газраас Америк улсын Соко гэдэг компанитай байгуулж байсан бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлөөр ажилладаг. Хятад улсын компанийн манай улсын нутагт олборлодог газрын тосны тодорхой хэсгээр үйлдвэрээ ажиллуулахад хүрвэл тус компаниас авах тосны 80 шахам хувийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авах учраас импортын хэмнэлт бараг гарахгүй. Хятад улсын компани манайд олборлосон тосоо 100 хувь манай талд өгч байхыг сонирхох эсэх нь тодорхой биш байна. Газрын тос хайх, олборлоход хөрөнгө оруулах сонирхолтой Үндэсний компанийг дэмжиж, түүнтэй бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах журамд дараах өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бодож байна.

-Ямар өөрчлөлтүүд байх уу?

-Гэрээ байгуулах үед үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосны хураамж авч байгааг хэдэн арван мянган доллараас илүүгүй болгож, төрийн төв, орон нутгийн байгууллагууд дээрхээс өөр олон нэрийн төлбөр хураамж авдгийг хориглон зогсоох. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээнд дараах нөхцөлүүдийг тусгах нь зүйтэй. Үүнд олборлосон тосны 40 хувийг Гэрээлэгчид өртөг нөхөх зориулалтаар хуваарилах, олборлосон тосны 10 хувийг Засгийн газарт баялаг ашигласны төлбөрөөр хуваарилах, олборлосон тосноос дээр дурдсан өртөг нөхөх 40 хувь, баялаг ашигласны төлбөрийн 10 хувийг хассаны дараа үлдэх 50 хувийн Ашигт тосыг гэрээлэгч болон Засгийн газрын хооронд 20 ба 80 гэсэн хувиар хуваарилах. Олборлосон тосыг 1000 тонн гэж жишээ болгон тайлбарлавал, 100 тонн тосноос түүний 40 ба 10 хувийн 50 тонныг хасаад, үлдэх 50 тонн ашигт тосны 20 хувь буюу 10 тонн тосыг Гэрээлэгчид, 80 хувь буюу 40 тонн тосыг Засгийн газарт хуваарилна гэсэн үг. Дурдсан хуваарилалтын үр дүнд бүх бүтээгдэхүүн буюу олборлосон тосны 50 хувь нь гэрээлэгчид, нөгөө 50 хувь нь Засгийн газарт хуваарилагдана.

Газрын тос хайх, олборлох сонирхолтой Үндэсний компанитай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээнд дээр дурдсанаас илүү олон нөхцөл тусгаагүй, ил тод бөгөөд товч тодорхой хууль гаргасан байх нь чухал. Одоо хүчин төгөлдөр байгаа хууль журамд тусгагдсан нөхцөлүүд нь газрын тос хайж олборлохыг дэмжих биш, харин олон төрлийн төлбөр, хураамж, цаг хугацааны хязгаарлалт, хүнд суртлаар саад бэрхшээл учруулах нөхцөл болж байгааг анхаарууштай.

Харин Газрын тос хайх, олборлох төслөө амжилттай хэрэгжүүлсэн үндэсний компани хуваарилагдсан өртөг нөхөх болон ашигт тосныхоо борлуулалтын орлогоор анхны хөрөнгө оруулалтын зардал болон олборлолтын өртгөө бүрэн нөхөж ашигтай ажиллаж эхэлсэн үеэс түүний цэвэр ашгаас бусад аж ахуйн нэгжийн жишгээр татвар авч, улс орон нутгийн төсөвт хураарилдаг байх нь зүйтэй. Газрын тос олборлодог компани үйл ажиллагаа эрхэлж байгаа аймаг сумын эдийн засаг нийгмийн хэрэгцээнд ашгийнхаа тодорхой хэсгийг хандивлаж болно.

Тэгэхдээ энэ асуудлыг хатуу тогтоосон хууль журмаар биш, харилцан тохиролцсон үндсэн дээр шийддэг байх нь зүйтэй. Миний бие эдгээр саналаа эрдэмтэд, эдийн засагчдын санал авах, мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхдийн саяхан байгуулсан Бодлогын зөвлөлд танилцуулагдаж хэрэг болох болов уу хэмээн бодож байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.90.37)

    2021-12-01

    газрын тосны экспортын татвартай болох хэрэгтэй