Парламентат ёсыг төлөвшүүлэх нь
- 2021-12-07
- Улс төр
- 0

- Монгол Ардын Намын XXX их хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын тавьсан илтгэл -
Ардчилсан Монгол Улсын эрхт чөлөөт ард иргэдээ,
Их хурлын хүндэт төлөөлөгчид өө!
Эрхэм журмын нөхөд өө!
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
Юуны өмнө Бүрэн эрхт туурга тусгаар ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт ард иргэддээ тэгш гурван ой Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, ардын хувьсгалыг удирдан манлайлсан Монгол Ардын Намын 100 жилийн ойн халуун баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Их хурлын хүндэт төлөөлөгчид өө!
Эрхэм журмын нөхөд өө!
Энэүү түүхт ойгоо угтаж 2020 оны Улсын Их Хурлын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж ард түмнээсээ асар их итгэл онцгой үүрэг даалгавар авсан эрхэм журмын нөхөд, Хүндэт төлөөлөгчид та бүхнээрээ уламжлаад Монгол Ардын Намын нийт журмын нөхөд, гишүүддээ халуун баяр хүргэе!
МАН-ын XXX их хурал гадаад дотоод орчны онцлогтой цаг үед болж байна.
Өнгөрсөн зуунаа дүгнэж, шинэ зууны шинэ сэргэлтийн бодлогоо дэвшүүлэх түүхэн тэгш 100 жилийн ой болж байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ бодлого дэвшүүлж, эрс шинэчлэлтүүдийг хэрэгжүүлж шинэ зууны зам мөрөө тэгшлэн засах, шинэ зууны шинэ сэргэлтийг авчрах түүхэн зорилтыг хэрэгжүүлэх хүндтэй цаг үед Монгол Ардын Намын ээлжит их хурал болж байна.
Дэлхий дахинаа цар тахлын хүнд сорилттой нүүр тулсан, олон улсын харилцаа нэг туйлаас олон туйл руу шилжиж өрсөлдөөн даамжирсан, улс орнуудын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ийм онцгой цаг үед манай ХХХ хурал зохион байгуулагдаж байна. Энэ хямралыг боломж болгож хувиргахаар дэлхий улс орнууд өрсөлдөж, өөрчлөлт шинэчлэлд шамдаж цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, инновацаар жолоодсон үсрэнгүй хөгжлийн загвар, технологийн дөрөвдүгээр хувьсгалаар цахим шилжилт эрчимтэй өрнөж байна.
Шударга ёс, хууль засагладаг нийгмийг тогтоох, сахилга бат ёс суртахуунтай хүмүүнлэг эрүүл нийгэм, эрчимтэй хөгжлийг бүтээ хэмээн үүрэг даалгавар өгч Монгол Ардын Намд төрийн бүх эрх мэдлийг өглөө.
Энэ бол Монгол эх орноо улс шиг, Монгол хүнийг хүн шиг хөгжүүлж, өрхийн аж амьдралыг бодитой сайжруулах гэсэн Монголын ард түмний баттай итгэлийн илэрхийлэл юм. Асар их итгэлийг хэрхэвч хугалж болохгүй. Тэгвэл ард түмэн өршөөхгүй. Чин шударга зүтгэл, бодит ажил хэргээр, итгэл зүтгэлээр бид хариулах ёстой. Ард түмний амьдрал, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гаргаж сайжруулах ёстой. Ийм өндөр үүрэг, хариуцлага бидэнд ногдож байна.
Ард түмнийхээ энэ их итгэл үнэмшил, захиас даалгаврыг биелүүлж, үсрэнгүй хөгжлийн зорилгодоо хүрэхэд Монгол Ардын Намын ХХХ их хурал түүхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Ийм эрмэлзэл, тэмүүлэл их хурлын төлөөлөгч та бүхэнд маань дүүрэн байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Эв нэгдэлтэй, сахилга бат, ёс суртхуунтай, зөв бодлого зохион байгуулалттай байж, цар тахлын энэ хүнд цаг үеийг бид хамтдаа даван туулаад сэргэн хөгжиж чадна.
Иймд эв нэгдэл, эх оронч үзэл, хүний эрх, эрх чөлөөний мэдрэмж ёс суртахуун, сахилга бат, авлигыг үл тэвчих, тууштай тэмцэх хатуу үзэл санааг энэ их хурлаасаа өвөрлөж буцаад намын болон төрийн бүх шатанд дэлгэрүүлээсэй, хөгжүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Эрмэлзэл тэмүүлэл зорилгодоо хүрэх цэг ойр биш, амаргүй төвөгтэй байж болно. Тиймээс их хурлаас цахисан хэтийн оч хөгжлийн гал болон асахын төлөө Эвээ нэгтгэж, Хүчээ нийлүүлье хэмээн илтгэлийнхээ эхэнд уриалъя.
Нэг Монгол нэг зүгт хандаж чадвал улс орон минь үсрэнгүй хөгжинө.
Их хурлаас эх хөгжлийн Их хурд эхлэх болтугай.
Эрхэм журмын нөхөд өө,
Энэхүү эрхэм зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ард түмний засаглах эрхийг хангасан Парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх явдал чухал үүрэгтэй. Парламентын ардчиллын амин сүнс нь ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлэлийг мэдэрч нэгтгэж ойлгож, түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тооцоолоод амьдралд бодлого болгон хэрэгжүүлэх, түүнийхээ хэрэгжилтийг хянан шалгаж, шахаж шаардахад оршдог.
Иймээс парламентат ёсыг сонгодог зарчим, дэлхий нийтийн чиг хандлагад улам нийцүүлэн төлөвшүүлээд, ард түмний засаглах эрхийг, ард түмнийхээ төлөөлөх эрхийг хэрхэн хангах вэ гэдэгт онцгой ач холбогдол өгөх нь цаг үеийн, нийгмийн хөгжлийн чухал шаардлага болж байна. Энэ талаар та бүхнийг дараах гурван асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсэж байна.
I.
Парламентат ёсны түүх, уламжлал түүн дээр суурилсан шинэчлэлийн асуудлыг хөндье гэж бодож байна.
Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй билээ. Түүнчлэн “Өнгөрсөн цаг хугацаа л маргаашийн замыг хамгийн сайн гэрэлтүүлэх гэрэлт дэнлүү” гэсэн үг байдаг. “Түүх бидний хамгийн сайн багш” ч гэсэн үг бий. Явсан зам мөрөө эргэн хараад, үнэ цэнэтэйг нь өвлөн аваад, буруу зөрүүг нь ялган тунгаагаад улам сайжруулж байх юунаас ч илүү үнэ цэнэтэй.
Ардын нам Ардын Засаг бүр анхнаасаа жинхэнэ үндэсний ардчилсан үзэл баримтлалтай нам байсан нь түүхэн үнэн юм. Түүхийн бодит баримтуудаар нотлогддог юм. Ардын засаг парламентын бүгд найрамдах улс, ард түмэн засаглах ардын эрхт ёс буюу ардчилсан зарчмыг сонгож байсан түүхэн үнэнийг түүхийн нугачаанд бүдгэрсэн, баллуурдсаныг 100 жилээр сэргээн тэмдэглэж онцлон тодруулах ёстой гэж үзэж байна. Үүнийг батлахын тулд маш олон баримт байдгаас ганцыг дурдъя.
Ардын Засаг төрийг тогтоосон даруйдаа гарсан бүх хууль тогтоол бичиг баримт нь ардчилсан буюу сонгож байгуулдаг ардын засгийн зарчмуудыг тунхаглаж хэрэгжүүлж ирсэн байдаг. Шинэ улс гэрээ эмхлэн цэгцлэх үйл хэрэгт ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн, ёс журамтай, мэдлэг боловсролтой хүмүүсийг сонгохыг чухалчилж байсан нь 1923 онд баталсан “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”-д бүрэн тусгалаа олсон байдаг.
Уг дүрэмд:
Нэгдүгээр зүйл. Бидний Монгол Улс нэгэнт ардын эрхтэй хэмжээт цаазат улсын засгийг байгуулсны тулд арван гэрээс дээш баг, сум, хошуу, аймаг, улсын Засгийн газар хүртэл тус тусын ардын төлөөлөгчдийг сонгон хуралдуулж, дэс дараалан хурал байгуулж, элдэв хэрэг явдлаас шүүмжлэн хэлэлцүүлж, олонхийн саналаар таслан тогтоож, ардын эрхийг хүндэтгэвэл зохино гэж заасан байна.
Нутгийн захиргааны дүрмийн гуравдугаар зүйлд улсын ба аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн даргад хүртэл аливаа албан тушаалтан буюу тус тусын хурлын төлөөлөгчдийг сонгоход цөм эрхбиш ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэддэг, олны тусыг боддог хүмүүс байх хэрэгтэй гэж заасан байдаг.
Дөрөвдүгээр зүйлд нь энэ бүхий л албан тушаалтан ба төлөөлөгчдийг сонгоход харьяат хурлын гишүүд дэмий ноёд баяд ба ураг төрлийг нүүрчлэх, эзэрхэг харгисын сүрээс айх ба эд ашигт шунах зэргээр зусарч бялдууч, ховдог авлигач, хааш яаш хүнийг сонгож болохгүй гэж байгаа. Ингэж гэм өдүүлэх аваас сонгосон, сонгогдсон хоёр этгээдийг хоёуланг нь улсын цаазыг зоримогоор зөрчсөн хэмээн хүндээр яллан, уул тушаал, төлөөлөгчийн албыг орыг өөр хүн сонгуулна гэж заасан байдаг.
Эдгээр зарчим өдгөө ч чухал ач холбогдолтой хэвээр байна. Ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэж, тэднийхээ тусыг олны тусын төлөө бодож ажиллах явдал бол Ардын намын үндсэн дүрэм, нутгийн захиргааны дүрэм бүх шатны сонгуулийн үндсэн шаардлага болж байжээ. Энэ бүхнийг нуршин дурдахын учир бол 100 жилийн өмнө Ардын нам бол үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, ардын ёстой, социал демократ үзэлтэй сонгож байгуулдаг засаглалтай, феодалын засгийг халсан ийм шинэ сэргэлтийн эхлэлийг тавьсан Ардын Засгийн газар бол анхнаасаа ард түмний засаглах ардчилсан ёс, ард түмнээ төлөөлөн засгийн эрхийг барих парламентын засаглалын төлөө байсан бөгөөд энэхүү үзэл баримтлал 100 жилийн дараа өнөөдөр ч гэсэн үнэ цэнээ алдаагүй байна.
II.
Хоёрдугаарт. Эрс шинэчлэл хийж, шударга улс төр, эрчимжсэн эдийн засаг, эрүүл нийгэм, тунгалаг төрийг бүтээх эрхэм зорилгын төлөө хичээн зүтгэж буй энэ цаг үед төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал юуг зорьж, ямар үйл ажиллагаа өрнүүлж байгаа талаар товч дурдъя.
Зуун жилийн өмнөх Ардын Засгийн газар, Ардын намын Үндсэн хуульт байгуулал, засаглалын тогтолцооны үндсэн үзэл баримтлал нь 70 жилийн дараа 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуульд тусгалаа олсон. Тэр 1992 оны ардчилсан Үндсэн хууль одоо хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө хичээн зүтгэхийг тод томруунаар тусгасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн тов тодорхой заасан байдаг.
Өнгөрсөн сонгуулиар иргэдийн илэрхийлсэн үзэл бодол үг ярианы давтамж, тэдгээрийн илэрхийллийг шүүн тунгааж үзэхэд ядуурал, ажилгүйдэл, шударга ёсны тогтолцоо гэсэн үг хамгийн олон давтамжтай агуулагдсан байна. Баян хоосны ялгаа буюу ялгарлаас үүдсэн үзэн ядалт, шүүмжлэлийн цаад учир шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал, шударга бус байдалд л оршиж байна.
Ард түмнийхээ энэ нийтлэг хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх шийдэл нь:
Экспортын болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих замаар хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангаж, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулах;
Хүний эрхийг дээдэлсэн, хүний хөгжлийг дээдэлсэн, өрхийн амьдралын чанарыг сайжруулах хэрэгтэй байна
Ер нь ардчиллын төгөлдөр хэлбэр болох нээлттэй байдалд заримдаа туйлшралуудыг бий болгодог. Нэг мэдээлэл гарахаар ийшээ савдаг, сошиалаар дагаж ажил хийгдэж байна гэсэн яриа, шүүмжлэл их гарах болсон. Зүй нь зөвлөлдөх ардчиллын зарчмаар хоёр талын мэдээллийг тэгш сонсоод, тэгш өрсөлдүүлээд тэр дундаас нь ард иргэд шүүн тунгааж үнэнийг мэдэх, улмаар шийдэл гаргах эрхтэй байх ёстой. Ингэж байж бид хууль дээдлэх шударга ёс, хүмүүнлэг ёс суртахуунтай хууль засагладаг нийгэм, эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай байна. Шударга ёсны тухай ярихад, ганц жишээ дурдахад иргэд цүнх баригчид гэж их шүүмжилдэг болсон. Цүнх баригчид биш зөв хандлагатай нам төрд олон жил зүтгэж шалгагдсан, танигдсан, мэдлэгтэй тушлагатай, боловсролтой, чадалтай хүнээ томилдог дэвшүүлдэг байх зарчмыг УИХ-ынхаа тогтоолд бид тусгах шаардлагатай байна гэж үзэж байгаа.
Ингэж томилсон албан тушаалтнаас хариуцлага нэхдэг, тооцдог байх асуудлыг бас УИХ-ын тогтоолдоо тусгаж, УИХ-аас эхлүүлээд бүх шатанд хуульчилж хэрэгжүүлэх, шаардах бололцоог нээх хэрэгтэй.
Иргэдэд бодит үнэнийг хэлдэг, худлаа хэлдэггүй байх явдал бол хамгийн чухал байна. Хуурамч гоё үгээр халхавчилсан бодит үнэн бол өнөөдрийн тэсрэх бөмбөг гэсэн үг. Ийм учраас иргэддээ болох болохгүй бодит үнэнийг хэлдэг, харин тэр нь зөвлөлдөх ардчиллын зарчмаар нотолгоо, судалгаан дээр үндэслээд харьцуулж байгаад шийдлээ гаргадаг байвал ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжинэ.
Нийт ард иргэдийнхээ үгийг сонсохын тулд намын анхан шатны гишүүддээ онцгой анхаарч, үгийг нь сонсдог байх зарчим чухал болж байна. Дарга нарын нам, дарга нарын нийгэм гэдэг энэ үг ард иргэдээс олонтоо сонсогдох боллоо. Ийм учраас төрийн бүх эрх мэдлийг бид хэрэгжүүлж байгаа үедээ намын анхан шатны гишүүдийнхээ, жирийн иргэдийнхээ үгийг сонсдог анхаардаг, тэдний асуудлыг шийдэхийн төлөө ажилладаг байх соёл, тогтолцоог бид тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Бодит орлого, бодитой ажил ярьдаг байх хэрэгтэй байна.
Уур амьсгалыг өөрчлөх зорилгоор, иргэдээ орлоготой болгох зорилгоор “Тэрбум мод” төслийг ногоон хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хэрэгжүүлэхэд бүх шатанд анхаарах хэрэгтэй байна. Энэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага болж эхэлсэн бол Монголын нийт ард түмний хөдөлгөөн болж өрнөх ёстой.
Төрийн алба хаагчид иргэддээ авлигач, зусарч бялдууч бишээр тэгш, найз шигээ үйлчилдэг хэрэгтэй байна.
Эдгээрийг төрийн бодлого болгон хуульчилж, Эрх зүй, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын хувьсгал хийх гурван үндсэн зорилт бол ирэх 100 жилийн эрхэм зорилтын эхлэл нь байх болно.
Ардчиллын замыг сонгон замнасан өнгөрсөн 30 жилд бид юуг олж, юун дээр алдав гэдгийг нийтээрээ цэгнэж дүгнэсэн, өргөн шүүмжлэл өрнүүлж, санал бодлоо ил тод илэрхийлсэн, шинэ Монголын төлөө сэрж мэдэрсэн цаг хугацаа бол ҮХНӨ хэлэлцэж эхэлсэн сүүлийн гурван жил юм. Гучин жилийн ололт амжилтаа ярихаасаа илүү алдаа сургамжаасаа суралцах, түүнийг засан сайжруулахын төлөөх хүсэл эрмэлзэл илүү давамгайлсан цаг үе энэ ардчиллын 30 жилийг тэмдэглэх үеэр тохиосон.
Хэрэв бид байгаа нөхцөл байдалдаа ЗӨВ-ОНОШИЛГОО хийхгүй бол цаашид хүрэх хөгжлийн АЛСЫН ХАРАА мөрөөдөл төдий байсаар байх аюултай юм. Иймд бид өнөөдрийн нөхцөлд хүргэсэн алдаа дутагдлаа зөв тодорхойлж, түүнийг засах чиг ЗАМ-аа, замын зургаа гаргах нь хөгжлийн АЛСЫН ХАРАА-д хүрэх зөв сонголт юм.
Монгол Улсын хөгжлийг гацаагч хүчин зүйл бол яах аргагүй Засаглалын сул дорой байдал. Засаглалын сул дорой байдал нь төрийн хэт их оролцоо, хүнд суртал, авлига хээл хахуулийг гааруулж, төсвийн үр ашиггүй, үрэлгэн зардлыг тэтгэснээр эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Бизнесийн тогтвортой биш тааламжгүй орчинг бий болгодог. Монголчуудын бүтээмж, ажил эрхлэлт, цалин, бодит орлогод сөргөөр нөлөөлнө. Энэ нь ядуурал, эрүүл мэнд, боловсролын чанарыг доройтуулж байгаа. Үүнээс үүдсэн популист амлалтууд эргээд Засаглалын сул дорой байдлыг үүсгэдэг. Энэ процесс нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх Чөтгөрийн тойрог мэт болоод байна. Энэ чөтгөрийн тойрог жил ирэх тусам Монгол Улсын гадаад өрөөр дамжуулан томорч байна. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд учруулах хор уршиг, дарамтыг нэмэгдүүлж байна.
Монгол Улсад 2020 оны байдлаар 205 мянган төрийн албан хаагч байна. Үүний дээр 459 төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ажилладаг 85 мянган хүнийг оруулж тооцвол өнөөдөр Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрд ажиллаж, төрөөс цалинжиж байна гэж хэлж болохоор байна.
Ийнхүү Төрийн алба, төрийн бүтэц томрох тусам авлига, хээл хахууль даамжирч (Монгол Улс авлигалын индексээр 111-т орж байгаа), хувийн хэвшлийн бизнесийн орчныг доройтуулж, сулруулж байна. Тухайлбал, Монгол Улс бизнесийн орчны үнэлгээгээр 2010 онд дэлхийд 60-д орж байсан бол 2020 онд 81 болж ухарлаа. Өнөөдөр Монгол Улсад 497 төрлийн тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд нэг компани үйл ажиллагаа эрхлэхэд дунджаар 11 төрлийн бичиг баримт, зөвшөөрлийг төрөөс авах шаардлагатай болж байна. Жишээ дурдахад иргэн Улаанбаатар хотод нийтийн хоолны үйлчилгээ эрхлэхэд нийтдээ 12 төрлийн бичиг баримтыг тухайн шатны засаг захиргаанд бүрдүүлэх шаардлагатай болж байна. Зөвшөөрлийг цахимжуулж, тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлж мэргэжлийн холбоодод зөвшөөрлийг нь олгох эрхийг нь шилжүүлэх замаар Зөвшөөрлийн хуулийг яаралтай батлахаар төлөвлөж ажиллаж байгаа боловч Төрийн байгууллага хувийн хэвшлийн ойлголтын зөрүүгээс шалтгаалаад гацсаар байна. Бас хувийн хэвшил маань дотроо мэргэжлийн холбоод Худалдаа аж үйлдвэрийн танхим зөрчилтэй. Энэ бүхнийг нэгдсэн нэг Монгол болгон нэгтгэж ойлгож чадвал бид энэ зөвшөөрөл, бизнесийн орчныг сайжруулах маш их боломж байна.
Төр бизнес эрхлэхэд энэ мэт зөвшөөрөл, хяналт шалгалтын дарамт учруулж байгаа бол макро эдийн засгийн хувьд ч тогтворгүй орчинг бизнес эрхлэгчдэд үүсгэж байна. Нэг ийм түүх байдаг. “Татварын байцаагч бизнес эрхлэгчийн байшинг үзээд хаус бараг Хааны ордон байна гээд өндрөөр үнэлээд маш их татвар нэхдэг. Гэтэл банкныхан зээл олгох болоод ирэхээрээ муурын байшин нохойн саравч гээд маш доогуур үнэлдэг” гэж. Энэ бол бизнес эрхлэгчдийн яриа. Энэ яриа бол манай бизнесийн орчны бодит нүүр царай мөн. Үүний тод жишээ бол сүүлийн 13 жилийн 11 жилд нь Монгол Улс төсөв, төлбөрийн тэнцлийн хос алдагдалтай явж ирж байна. Эдийн засгийн өсөлт, инфляц, валютын ханш зэрэг бараг бүх үзүүлэлтээр бизнес эрхлэхэд төвөгтэй, эдийн засгийг солонгоруулахад хэцүү болгож байна. Өнгөрсөн 30 жилийн түүхээ цэгнэж үзэхэд, улс орны хөгжил дэвшлийн том төсөл шийдлүүдийг ер нь зориуд удаашруулдаг, гацаадаг ийм сонирхолтой хүмүүс байна гэж бодоход хүргэдэг боллоо. Жишээлбэл, “Нэгдэл нэг л биш ээ” гэсээр мал аж ахуйн салбарыг ухраасан. МАН-ын үед л энэ ухралтыг сэргэлт болгож, мал, малчнаа төрийн бодлогоор дэмжиж эхэлсэн. Тэгэхдээ л одоо хуучин үетэйгээ байна. Нэгдэл хоршоолол байхгүй.
“Газар тариалан хэрэггүй, ашиггүй, үр тариа тарьж хэрэггүй” гээд 90-ээд оноос хөсөр хаяулсан. Сангийн аж ахуйнуудыг тараасан. Үнэндээ устгасан. Үр дүнд нь хүнсний аюулгүй байдал алдагдсан. Манай нам “Атрын аян”-ыг хэрэгжүүлж, газар тариаланг сэргээснээр гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангах чадвартай болж байна.
Нэг тод жишээ, “Газрын тосны үйлдвэр ашиггүй” гэж гацаадаг байсан. Маш олон жил гацсан. Газрын тосгүй улс орнууд ч гаднаас түүхий тос оруулж ирээд нэрэхэд ашигтай газрын тосны үйлдвэр ашиглаад байхад өөрийн тостой манайх яагаад болдоггүй юм гэж үзээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед л зориглож эхлүүлсэн. С.Баярын Засгийн газрын үед “Атрын III аян”-ыг эхлүүлсэн. Энэ бол зөвхөн сэргээсэн юмнууд. Тэгтэл цаана нь сэргээгдэж чадаагүй ухарсан унтсан үндэсний үйлдвэрлэл асар их байна. Улс орны аюулгүй байдал хөгжил цэцэглэлтийг хангахгүй бол болохгүй нь гэсэн зөн совин, ардын ухаанаар ард түмэн маань МАН-д итгэлээ өгсөн байхаа.
Одоо ард түмний үнэмлэхүй итгэлийг үнэмлэхүй зүтгэлээр хариулах учиртай. Чөмгөө дундартал зүтгэж, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх түүхэн цаг үе бидэнд тохиогоод байна.
Технологийн дөрөвдүгээр хувьсгалын энэ үед өрх бүр үүлэн технологи метаверс, блокчэйн технологи, ухаалаг утас, дроноор зэвсэглэсэн жинхэнэ Цахим үндэстэн болох боломж бий. Ингэвэл экспенциал буюу үсрэнгүй хөгжлөөр ямар ч буурай улс технологийн хөгжлөөр хөгжиж болох юм байна гэдгийг дэлхийн түүх, эрдэмтэд баталчихаад байна. Бид гагцхүү хувийн хэвшилдээ, залуучууддаа боломжийг нь олгоё. Тэгш нээлттэй болгож өгье. Хариуд нь нийгмийн баялгаас хүртэж байгаа хувь хэмжээгээрээ өсөн нэмэгдэх татвараа шударга төлдөг байгаачээ. Татварын өсөн нэмэгдэх орлогоор нь багш, эмч нарынхаа цалинг, ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлье. Чинээлэг дундаж давхарга иргэдтэй болохгүйгээр зах зээл хэвийн ажиллах боломжгүй.
Шинэ эргэлтийн бодлогоор дэвшүүлж байсан “Баяжихтун” гэсэн уриа лоозонг ахиад өнөөдөр хэлмээр байгаа юм. Ажиллаж хөдөлмөрлөж баяжихтун, ариун цагаан хөдөлмөрөөрөө баяжихтун. Харин Ардын төрийн албан хаагч бол сахилга хариуцлага ёс зүйтэй байхтун.
Шударга ёс алдагдаж, сахилга хариуцлага суларч, монгол төрийн дархлаа, чадавх доройтож, ард түмний биш, хэсэг бүлгийн засаглал ноёрхож, авлига үржиж, алба тушаал шүтсэн дарга тогтолцоо бүрдсэн нь ийм байдалд хүргэсэн гэж үзэх хандлага давамгайлж байна.
Монгол Улс үйлдвэрлэгч бус түүхий эдийн хавсарга, хилийн ганц боомтоос хамаардаг гадаад худалдаатай, боловсруулдаггүй уул уурхай хэмээх ганц тулгуурт эдийн засагтай болсон.
Буруу замаар будаа тээсний нэг учир шалтгаан засаглалын тогтолцоонд байна. Тиймээс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэсэн иргэдийн дийлэнх олонхийн байр суурь, улс төрийн намууд, төр засгийн түвшний санал санаачилга, олон жилийн судалгааны дүн, эрдэмтэд судлаачдын санал дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах томоохон зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлж чадсан. Одоо энэ өөрчлөлтөөр засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангасан. Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тууштай, тасралтгүй байдлыг хангасан. Бие даасан, хараат бус, шударга шүүх оршин тогтнох зарчмыг шинэчлэн баталгаажуулсан. Нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх, бие даасан байдлыг бэхжүүлсэн. Гэхдээ энийгээ улам төгөлдөржүүлээд л байх шаардлагатай байна.
Парламентат ёс, парламентын засаглалаа улам бататгаж, дэлхий нийтийн сонгодог парламентын жишигт нийцүүлэх үндсэн зарчим хангагдсан. Парламент бүхнийг мэдэгч, шийдэгчийн байр сууринаас бодлого тодорхойлогч, хууль тогтоогчийн үндсэн үүрэгтээ илүү төвлөрч ажиллах боломж бүрдсэн. Одоо бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө амилуулж, амь оруулж, эрхзүйн хувьсгал хийх ажилдаа шуудран ороод байна. Удаашралтай байна. Үүнийг ард иргэдийнхээ дэмжлэгтэйгээр өргөн мэтгэлцээний үр дүнд шуурхай шийдээд явах хэрэгтэй байна. Эрхзүйн энэ томоохон шинэтгэлийн хүрээнд бид 40 гаруй томоохон хуулийг шинэчлэн найруулж, 400 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Эхний ээлжинд 10 гаруй хуулийг шинэчлэн найруулж, түүнийг дагасан хуулиудыг батлан гаргаад байна.
Их хурал бодлого тодорхойлох, хууль тогтоох үйл ажиллагаандаа илүү төвлөрөх боломж бүрдсэн тул парламентын танхимыг хэрүүл маргааны тайз биш, судалгаа, дүгнэлтэд суурилсан, нотолгоонд суурилсан шинжлэх ухаанч мэтгэлцээн өрнөдөг талбар болгож, хуулийн төслийг тал бүрээс нь нягт нямбай шүүн тунгаадаг, иргэдийн санал бодол, мэргэжлийн хүмүүс, салбарын байр суурийг тусгасан, амьдрах чадавхитай хууль тогтоохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Парламентын шинэчлэлийн нэг үндсэн үзэл санаа иргэдийн оролцоотой хууль тогтооход төвлөрч байна. Хэрвээ та бүхэн анзаарсан бол хуулийн төсөл бүрээр мэргэжлийн хүмүүс, салбарын төлөөлөл, хууль тогтоогчдын хамтарсан хэлэлцүүлгүүд өрнүүлдэг болсон. Нэг хуулийг нэг хэлэлцүүлгээр бус, нэлээд олон хэлэлцүүлэг хийж байж парламентаар хэлэлцдэг зарчим тогтоосон. Ганц жишээ дурдахад Улсын Их Хурал, Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Монгол Улсад боловсролын шинэчлэл хийх томоохон зорилт дэвшүүлээд Боловсролын багц хуулиудыг хэлэлцүүлж байна.
“Цахим парламент” болох зорилтын хүрээнд lawmaker, lawforum платформуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хуулийн төсөл боловсруулах, хуулийн төсөлд саналаа өгөх ил тод, нээлттэй боломжийг бүрдүүлээд байна. Сая бид Энэтхэг улсын парламенттай Монгол Улсын парламентыг дижитал парламент болгох төсөл хэрэгжүүлэхэд программ хангамжин дээр дэмжиж туслахаар тохиролцлоо.
Парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ээ шинэчлэх төслийг яг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ энэ хуулийн төслийг боловсруулсан. Гишүүний ёс зүйн дүрмийг эрдэмтэн судлаачидтай боловсруулж манлайлан ажиллаж байна. Үүн дээр суурилж Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг батлан гаргах болно. Үр дүнд нь Монгол төрийн алба дээрээсээ эхлээд доод шатандаа хүртэл гагцхүү ёс зүй, хариуцлага, чадвар, туршлагад суурилж, чадавхи нь чангарч, иргэддээ итгэгдсэн, хүндлэгдсэн төрийн шинэ тогтолцоо бүрдэх учиртай юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулиар бүрдсэн 8 дахь удаагийн парламент “Хүний эрхийг дээдэлсэн парламент” байхаа тунхагласан.
Хуулиар журам, дүрэм, хэм хэмжээ тогтоодог учраас тэнд хүний эрх ямагт хөндөгдсөн байдаг. Өнгөрсөн 30 жилд бид төрийн байгууллагын эрхийг хуульчилж байсан алдаагаа засаж, хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгах зарчим баримталж байна.
Эрх зүйн хувьсгалаа бид Эдийн засгийн, Нийгмийн бодлогын хувьсгалтай хамтатган өрнүүлэх ёстой гэж Улсын Их Хурал үзэж байгаа.
УИХ авлигатай тэмцэх тэмцлийг манлайлах учиртай. Хаана төр данхайж, хүнд суртал үүснэ, тэнд авлига ямагт томорч байдаг. Аливаа хуулийг гаргахдаа төрийн эрх мэдэл төвлөрүүлэх, авлигажихаас урьдчилан сэргийлэх, хүний эрх хамгаалах нүдээр харж гаргах учиртай. УИХ-д Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан Авлигын эсрэг бүлэг ажиллаж, Шүүхийн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улс төрийн нам ба түүний санхүүжилтийн тухай хууль, Төрийн өмч ба Төрийн өмчит компанийн засаглалд бугшсан авлига, хүнд суртлыг үгүй хийх, нээлттэй, ил тод, олон нийтийн оролцоо, хяналттай засаглалыг сайжруулах хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогыг энэхүү бүлгийн гишүүд ахлан манлайлан ажиллаж байна. Удахгүй “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг батлахаар төлөвлөж байна.
Ийнхүү УИХ ард түмний оролцоотой хууль тогтоох парламентат ёсоо төгөлдөршүүлэхийн тулд шинэчлэлийн ямар зорилго тавьж, түүнээ хэрхэн хэрэгжүүлж байгааг товчхон дурдах ёстой гэж бодсон юм.
III.
Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг ардчиллын төв байгууллага юм. Энэ тодорхойлолтыг 2015 онд хуралдсан дэлхийн улс орнуудын Парламентын тэргүүн нарын чуулга уулзалтаар баталсан Тунхаглалд дэвшүүлсэн юм.
Иргэний хоорондын харилцааг идэвхжүүлж, итгэлцлэлийг сэргээхэд блокчэйн технологи, хиймэл оюун ухаан болон метаверс зэрэг шинэлэг хувьсах арга хэрэгслийг тууштай нэвтрүүлэх нь бидний ойрын зорилт байх болно.
Дэлхий даяар парламентууд илүү ил тод, хүртээмжтэй, бодитой институц болж хувирч байна. Монгол Улсын Их Хурал үүнээс хоцрох ёсгүй.
2019 онд Ардчиллын төлөөх Хамтын нөхөрлөл (Commonwealth Partnership for Democracy)-өөс гаргасан тайланд Зөвлөлдөх ардчиллын механизмаар дамжуулан парламент дахь иргэдийн оролцоо, нээлттэй байдлыг хангахад гарч буй ололт, амжилтуудыг тодорхой тусгасан байна.
Энэхүү тайлангаар парламентат ёсыг бэхжүүлэх чиглэлээр гарч буй шинэ туршлага, инновац, сонирхол татахуйц шийдлүүд нь INCLUSIVE INNOVATION буюу ард түмний засаглах эрхийг, оролцоог хангах, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог дэмжихэд чиглэж байна гэж тодорхойлоод, түүнийг дараах дөрвөн бүлгээр тодорхойлсон байна.
1. Албан ёсны шинэчлэл
(Formal innovations)
Энэ бол парламентын албан ёсны бүтэц, зохион байгуулалт, хууль дүрэмд иргэдийн оролцоог хангах өөрчлөлтүүдийг оруулах чиглэлээр өрнөж байна.
2. Мэдээллийн шинэчлэл
(Informational innovations)
Энэ бол мэдээллийн технологийн шинэчлэлтэй ч уялдана. Иргэдийн оролцоог тэднээс мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх механизмаар хангах чиглэлээр энэ шинэчлэл хийгдэж байгаа юм.
Улсын Их Хурал хуулийн төсөл хэлэлцэх үйл явцад иргэдийн оролцоог хангах, хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулах, Зөвлөлдөх санал асуулгын хуулийн дагуу иргэдийг мэдээлэлжүүлэх, тэгш мэдээллээр хангаад мэтгэлцүүлэх энэ үндсэн дээрээ саналыг нь авах ажлыг илүү өргөн хүрээтэй зохион байгуулахаар шинэчилсэн хуульд тусгайлан зааж өгсөн байгаа. Иргэд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллага, хүмүүс, иргэдийг хамруулсан нийтийн болон нээлттэй хэлэлцүүлгийн тоо 2012-2016 оны парламенттай харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байна.
Иргэдэд эрх зүйн боловсрол олгох “Парламентын боловсрол” хөтөлбөр боловсруулж, хэдхэн хоногийн дараа нээлтээ хийхээр бэлтгэж байна. Хүүхэд, залуустаа парламентын боловсрол олгох чиглэлд онцгойлон анхаарч байгаа. Энэ зорилгоор “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн эхний шатыг хэрэгжүүлж дууссан. Цаашид аймаг бүрт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улсын хэмжээний “Мини парламент”-ын арга хэмжээг жилд 1-2 удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бид шинээр байгуулсан Парламентын судалгааны хүрээлэнгээр дамжуулж, гишүүддээ сургалт зохион байгуулдаг болж хэвшүүлээд байгаа.
3. Оролцоог хангах шинэчлэл
(Participatory innovations)
Иргэдийн дуу хоолой, үзэл бодол, саналаа илэрхийлэх боломжуудыг өргөжүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг үүнд багтааж байгаа юм.
Улсын Их Хурал хуулийн төсөл боловсруулах lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэдийн саналыг авах lawforum.parliament.mn платформуудыг бий болгож, ашиглаж эхлээд байгаа.
4. Өдөөх шинэчлэл
(impulsive innovations)
Ард түмний дуу хоолойг сонсох, санал бодлыг авах зорилгоор парламентын гишүүд өөрсдөө санаачлан хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийг энэ бүлэгт багтаасан байна.
Манай Их Хуралд “Нээлттэй сонсголын тухай” хуулийн дагуу шийдвэр гаргаж, тухайлбал төрийн өндөр албан тушаалтнуудыг томилох үйл явцад иргэдийг оролцуулах арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж байгаа.
Эрхэм журмын нөхөд өө,
Бид буруудснаа засах, зөв бөгөөд шинэ замд гарах, улмаар Монголоо сэргээн мандуулах Том зорилго, Их сорилтын цаг үед амьдарч байна. Энэ Их сорилтыг Шинэ сэргэлтээр даван туулах ёстой. Шинэ сэргэлт төр, засгийн эрхийг барьж байгаа манай намын манлайлал, улстөрчдийн чин сэтгэл, бат зүтгэл, иргэдийн маань бидэнд итгэх итгэлд суурилах учиртай.
Өчигдөрхөн Монгол Ардын Намын даргаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэдээ халуун баяр хүргэж, Шинэ сэргэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Энэ цаг үед бид эвтэй байж сахилга бат ёс суртахуунд суурилж улс орноо хөгжүүлэхийн төлөө чөмгөө дундартал хамтарч зүтгэх түүхэн цаг үе.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл, НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ харж, эвлэн нэгдэж, ирээдүйн сайн сайхныг бүтээх улс төрийн нөхцөл байдал бүрдээд байна.
Нийгмийн, эдийн засгийн, хуулийн шударга ёс, хувь хүний болон эх орны эрх чөлөө, тусгаар тогтнол, оюун санааны, нийгмийн үндэсний эв нэгдэл гурав бол нэгдмэл нэг зорилгыг тулсан багана нь, тулгын гурван чулуу нь юм. Тиймээс эвээ нэгтгэж, монгол хүний эрхийг эрхэмлэн дээдэлж, шударга ёсны нэгэнт эхэлсэн давалгааг Монгол эх орныхоо сайхан маргааш, сайн цагийн төлөөх хүчит түрлэг болгохын төлөө хамтран зүтгэцгээе.

Сэтгэгдэл (0)