Б.Баяржавхлан: Ротавирусийн халдвар аваад эдгэрсэн ч дахих магадлал өндөр
- 2021-12-10
- Нийгэм
- 0

Бага насны хүүхдүүд ихэд өвчлөх болсон ротавирусийн халдварын талаар СБД-ийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч Б.Баяржавхлантай ярилцлаа.
-Танай эмнэлэгт сүүлийн үед суулгах, бөөлжих, халуурсан зоруурьтай хүүхэд их ирж байгаа сурагтай. Ротавирусийн халдвараар бага насны хүүхэд нэлээн өвчилж байгаа ч мэдээ байна. Энэ талаар тодруулна уу?
-Суулгалт гэж 24 цаг буюу нэг хоногт гурав ба түүнээс олон удаа усархаг шингэнээр суулгахыг хэлдэг. Энэ нь вирус, бактери, хооллолт гээд олон шалтгаанаас үүдэлтэй. Хамгийн их тохиолддог суулгалт нь вирусийн, тэр дундаа ротавирусийн гаралтай байна. Ихэвчлэн хүйтэн сэрүүний улиралд буюу 9, 10 дугаар сараас эхлээд халдвар ихсэх хандлагатай байдаг юм. Голдуу 0-5 насны хүүхдэд элбэг тохиолддог.
-Ийм төрлийн халдвараар хичнээн хүүхэд эмнэлэгт хэвтээд байна вэ?
-Манайх амбулатори тул иргэдэд өдрийн эмчилгээ үзүүлдэг. Орой 17 цаг хүртэл үзлэг хийдэг. Өдөрт дунджаар 50-60 хүүхэд үзэхэд ойролцоогоор 20-25-д нь ротавирусийн халдвар илэрч байна.
-Халдвар хүндэрсэн тохиолдол бий юү?
-Ротавирусийн халдварыг оношлохдоо тухайн хүүхдийн биеийн байдлыг дүгнээд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилдаг. Хүндэвтэр, хүнд хэлбэрийн үед хэвтэх бичиг хийж эмнэлэг рүү илгээж байгаа. Гэвч эмнэлгүүдийн ачаалал их байна.
-Ротавирусийн халдвар ямар замаар тархдаг вэ?
-Ротавирусээр үүсдэг энэ өвчин бохир гараар дамжин халдварладаг. Хоол бэлтгэх үедээ, мөн бие засах газар орсны дараа, гаднаас орж ирэхдээ гараа угаахгүй байх зэрэг ихэвчлэн гарын ариун цэвэртэй холбоотойгоор тархдаг юм. Мөн өвчтэй хүнээс халдварлах нь бас бий.
-Хүүхэд ротавирусээр халдварласан гэдгийг яаж мэдэх вэ?
-Эмнэл зүйн аргаар, мөн хүүхдийн өтгөнд вирусийн шинжилгээ хийж тодорхойлдог. Ротавирусийн халдвар авсан хүүхэд эхлээд бөөлжих, гүйлгэх ба дээр нь давхар халуурах шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ эдгээр шинж тэмдэг бүгд илрэхгүй ч байж болно. Эхлээд бөөлжөөд дараа нь суулгалт халууралтай хавсардаг тохиолдол мөн цөөнгүй. Ротавирусийн халдвараар ихэвчлэн их хэмжээний цагаан шаргал өнгөтэй усархаг суулгалт өгдөг ба тэр нь бараг шээс шиг шингэн байна. Ингэхдээ өдөрт олон удаа суулгадаг.
-Ротавирусийн халдварын идэвхжил хэзээ тохиодог вэ?
-Ихэвчлэн цас ороод хүйтэрч эхлэх үеэс элбэгшдэг.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийнхээ хоолонд анхаарах нь чухал. 0-6 сартай хүүхдийг болж өгвөл нэмэлт тэжээл гэхгүйгээр дан хөхөөрөө хоолловол зүгээр. Хөхүүлэхийн өмнө гарын ариун цэврийг байнга сахих нь зөв. 6 сараас дээш буюу 2 нас хүртэлх хүүхдэд бага хэмжээгээр өөрт нь тохирсон хоол бэлдэж өгөх шаардлагатай.
-Ямар төрлийн хоол байж болох вэ?
-Бантан, будааны зутан, мөн шөл байж болно.
-Ротавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин гэж бий юу?
-Тийм вакцин бий. Тэр нь гурван тунтай. Нэг тунгаа хийлгээд 28 хонож байж хоёр дахь тунгаа хийлгэдэг.
-Энэ вакциныг заавал хийлгэх ёстой юү?
-Уг нь хийлгэчихвэл өвчлөл болон хүндрэх явдал багасна. Мөн хурдан эдгэрдэг. Ерөнхийдөө вакцины дархлаат тогтоцын хугацаа нь 21-28 хоног байдаг. Тиймээс аль болох эрт хийлгэж байвал эрт дархлаа тогтоно гэсэн үг.
0-6 сар хүртэлх хүүхдэд товлолт вакцинтай нь хамт хийдэг. Вакцин хийлгэсэн тохиолдолд дархлаа тогтоц сайтай гэж үздэг. Яг тухайн хүүхдийн бие махбодын онцлогоос л их шалтгаална.
-Вакциныг хаана хийлгэж болох вэ. Танайд хийлгэх боломжтой юу?
-Улсын эмнэлэг гэхээсээ илүү хувийн эмнэлэгт их хийгддэг. Манай эмнэлэг товлолт вакцинд ороогүй тул хийх боломжгүй.
-Хувийн эмнэлэгт хийлгүүлэхэд хэр үнэтэй вэ?
-Жишээ нь, Интермед эмнэлэгт хийдэг. Нэг тун нь 50 мянган төгрөгийн үнэтэй.
-Коронавирусийн халдвар авсан хүүхдэд ротаровирусийн вакцин хийлгэх боломжтой юу?
-Коронавирусийн халдвар авсан хүүхдэд 28-аас дээш хонож байж хийнэ гэсэн заавартай.
-Ротавирусийн халдварын эсрэг вакцин хийлгээд хүндэрсэн тохиолдол бий юү?
-Байхгүй. Энэ вакцин айхавтар гаж нөлөөгүй. Учир нь аманд дусаадаг хэлбэрээр хийдэг юм. Халуурах зэрэг ямар нэгэн сөрөг урвал байхгүй. Суурь өвчтэй хүүхдэд харин хүндэрч болох талтай.
-Суурь өвчтэй хүүхэд гэдэг нь?
-Цус багадалттай, тураалтай, төрөлхийн ямар нэгэн гажигтай хүүхдийг хэлж байна. Мөн хэт их жинтэй хүүхдийг энэ бүлэг хамруулдаг.
-Хүүхдийн жингийн илүүдэл, тураалын талаар тодруулна уу?
-Байх ёстой жингээсээ 10 хувиас дээш, эсвэл бага байхыг хэлнэ. Нэг настай хүүхэд 10 кг жинтэй байдаг. Тэгвэл энэ жингээс их буюу 15-20 кг жинтэй байвал суурь өвчтэй гэж үзнэ. Тураалын хувьд ч мөн адил.
-Заавал эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу?
-Бид ихэвчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүүхдүүдийг гэрээр эмчлэхийг зөвлөж байгаа.
-Хөнгөн хэлбэр гэдэг нь?
-Хөнгөн хэлбэр гэж суулгалтын тоо нь цөөн, ганц хоёр бөөлжсөн гэсэн зовуурьтай, халуураагүй байхыг хэлнэ. Үүнээс гадна шингэн алдалтын зэрэг гэж бас бий. Дотор нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилдаг. Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүүхдэд шингэн алдалтын шинж байдаггүй.
-Шингэн алдалт гэж яг юуг хэлж байна вэ?
-Шингэн алдалтын үед хүүхэд маш цочромтгой, тайван бус, уйлагнуур байдаг. Зарим хүүхэд юм уух дургүй, зарим нь цаанаасаа ховдоглож уух нь бий. Мөн ямар ч хоол унд идэхгүй. Ам руу нь юм хийхээр бөөлжөөд гаргачихдаг.
-Халуурах уу?
-Давхар халуурна. Хүнд хэлбэрийн халдварын үед хүүхэд унтаа байдалтай болдог.
-Эмчилгээний тухайд?
-Хамгийн түрүүнд шингэн сэлбэх давсны уусмал буюу хоросол уулгахыг зөвлөдөг. Аль болох бага хэмжээгээр буюу 0-6 сартай хүүхдэд суулгалт бүрийн дараа 50 гр гэж тооцож уулгана. 6 сараас дээш бол суулгалт бүрийн дараа 100 гр-аар тооцож хоросол өгнө. Гэхдээ ойрхон буюу бага багаар, халбага халбагаар уулгана. Мөн хоолыг дандаа шинээр бэлтгэж өгөх ёстой. Хүүхдэд халаасан болон хоносон хоол өгч болохгүй. Дээр нь хоолонд ямар нэгэн амтлагч хийж хэрэггүй.
-Үүнээс гадна ямар эмчилгээ байна вэ?
-Гэдэсний бактери уухыг зөвлөдөг. Гэхдээ хамгийн гол эмчилгээ бол хоросол уулгах юм. Хооллолтыг хорихгүй, шингэн юмыг ойр ойрхон уухыг зөвлөдөг.
-Өдөрт дунджаар хэр их шингэн өгөх ёстой вэ?
-Хүүхдийн килограмм жинд нь тохируулж бодно. Жишээлбэл, 10 кг-тай хүүхэд хоногт нэг литр шингэн уух ёстой. 11 кг-тай жинтэй бол нэг литр 100 гр өгнө гэсэн үг.
-Шингэн зүйл гэхээр яг юу уулгаж болох вэ?
-Хоросолоос гадна хярам байж болно. Мөн элсэн чихэргүй хар цай, байхуу цай уулгахыг зөвлөдөг.
-Ротавирусийн үед тууралт гарах уу?
-Харшламтгай хүүхдэд тууралт гарч болно. Харин яг ротавирусээс үүдэлтэй тууралт гэж байхгүй.
-Ротавирусийн халдварын талаар иргэдэд юуг анхааруулах ёстой гэж үзэж байна вэ?
-Ротавирусийн халдвар аваад эдгэрсэн ч дахих магадлал өндөр гэдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор гарын ариун цэврийг сайн сахих, тухайлбал, хүүхдээ хөхүүлэх, хоолыг бэлтгэхдээ гараа сайтар угааж занших хэрэгтэй.
-Хүүхдийн дархлааг сайжруулах зорилгоор Д амин дэм өгөх нь зөв үү?
-Д амин дэм дархлааг дэмждэг тул өгөх нь зөв. Д амин дэмийг 5 нас хүртэлх хүүхдэд хоногийн тунг 500-1000 o.у.н гэж тооцон уулгана.
-Сая коронавирусийн халдварын үеэр хүүхдэд С, Д амин дэм уухыг зөвлөж байсан. Тэгвэл ийм төрлийн халдвар авахад дахин уух шаардлагатай юу?
-Хүйтэн сэрүүний улиралд хэрэглэх шаардлагатай. Дулаан улиралд нарны туяа хүний арьсан дор Д амин дэм үүсгэдэг гэж үздэг тул өвлийн улиралд нэмэлтээр Д амин дэм уух ёстой.


Сэтгэгдэл (0)