С.Энхболд: 1-2 сарын дараа Омикроны давалгаа бүх улсуудад үүсэх нь тодорхой болоод байгаа

Өнөөдрийн түр хорооны хамтарсан хуралдаанд цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаарх Эрүүл мэндийн сайд С.Энхболдын  мэдээллийг сонслоо.

Тэрээр цар тахлын Омикрон хувилбар 70 орчим оронд тарсан болохыг сайд мэдээллийнхээ эхэнд онцоллоо. ДЭМБ-ын зүгээс Омикрон Дельтагаас илүү халдвартай байгааг онцолж, вакцины үр нөлөөг бууруулж байгааг хүлээн зөвшөөрсөн гэлээ. Клиникийн хувьд хөнгөн гэдэг дүгнэлтийг хийхэд эрт байгааг ДЭМБ-ын зүгээс анхааруулаад дараагийн шатны вакцин гаргах шаардлагатайг онцолсон гэж сайд хэллээ.

Их Британи улс Омикрон давалгаанд хамгийн их өртсөн орны тоонд орсон бөгөөд 4700 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа хэдий ч бодит тоог 20000  хүрсэн гэж үзэж буй аж. Нийт генийн дараалал тодорхойлох шинжилгээний 40 хувьд нь Омикрон бүртгэгдэж байгаа учир тус улс онцгой байдал зарлан Омикроны эхний нас баралтыг мөн зарласан байна. 

Их Британы Засгийн газар өдөрт 1 сая хүнийг бүүстэр тунд хамруулж эхэлсэн ба оны сүүлээр 18 наснаас дээш бүх иргэдээ хамруулахаар тооцоолжээ. Иргэдийн идэвх сайн байгаа бөгөөд цаг авах цахим систем нь унасан гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд өгсөн.

“Файзер” компани вакцины хоёр тун хийлгээд нэг сар, гурван тун хийлгээд нэг сар болсон хүмүүст Омикрон вирусын халдвар эсэргүүцэх байдалд шинжилгээ хийхэд бүүстэр буюу гурван тунтай хүмүүсийн эсрэг биеийн түвшин өндөр байгаа нь тогтоогджээ. Хоёр тун вакцинтай хүмүүсийх 25 дахин унасан нь тодорхой болжээ.

1-2 сарын дараа Омикроны давалгаа бүх улсуудад үүсэх нь тодорхой болоод байгааг сайд дурдаад шинэ жилийн үеэр Омикроны давалгаа орж ирж, нэг зэрэг олон хүмүүст халдварлах эрсдэлтэй хэдий ч манай хүн амын 80 хувь нь синофарм ба файзерын бүүстэр тунг хийлгэснээр давуу тал бий болно гэж үзэж буйг илэрхийлсэн. Омикроны халдварлах чадвар эрс өссөн бөгөөд 10 хүнээс 44 хүнд халдвар тараах эрсдэлтэй бол Дельта 10 хүнээс 8 хүнд халдвар тарааж байсныг тэрбээр мөн дурдсан.

Манай улс хилийн боомтууд дээр тандалтыг эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд Чингис хаан боомтод илэрсэн ковидын 17 эерэг тохиолдлоос Омикрон хувилбар генийн дараалал тогтоох шинжилгээгээр илрээгүй байна гэсэн мэдээллийг өглөө.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)