Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, зарим хууль тогтоомжийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар шилжүүллээ
- 2021-12-16
- Улс төр
- 0

Хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 55.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар бичгээр ирүүлсэн хүсэлтээ танилцуулж байр сууриа илэрхийлсэн юм.
Нэгдсэн хуралдааны эхэнд дэгийн хуульд заасны дагуу хууль эцэслэн батлах санал хураалт явуулж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь буюу нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн батлав. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нийт гишүүний олонх буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 95.5 хувиийн саналаар эцэслэн баталлаа.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны төслийн анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засвар хийжээ. Мөн хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан санал хурааж шийдвэрлэхээр зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 93.3 хувь нь дэмжсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй учраас хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг өөрчлөхөөр Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингээд хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн юм. Иймээс тогтоолын төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.
Дараа нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулсан юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 14-ний өдрийн хамтарсан хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийн анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авч чадаагүй зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэжээ. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төсөл, танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гишүүдэд тараасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Д.Ганбат нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан төслийн 25 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна. Иймээс Аюулгүй байдал, гадаад бодлого, Инновац, цахим бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж тодруулсан бөгөөд Байнгын хороооны хамтарсан хуралдаанаас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар шилжүүлэв.

Сэтгэгдэл (0)