Д.Шагдарсүрэн: “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд улс орон, иргэд хямралтай, хойд зүгээс аюул буй

Ирэх жилийн өнгийн талаар цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Ирж буй бар жилийн ерөнхий өнгө ямархуу байна?

-Төгсбуянтын зурхайн тооллоор Аргын тооллын хоёрдугаар сарын 2-нд XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Цагаан сарын шинийн нэгэн болно. Өнгөрч байгаа жил “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жил, удахгүй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарна. Энэ жилд алт мөнгө элбэг болж, хүмүүн жаргаюу.

-Жилийн өнгийг юу юугаар нь шинждэг юм бол?

-Мэнгэ, суудал, эзэгнэх гаригууд, боовны үр, шүтэн барилдлагаар нь шинждэг. Гарч байгаа жилийг шинждэг “Цасан чихрийн амт” гэж судар байдаг. Хүмүүсийн хамгийн их сонирхдог нь шороон үхрийн шинж. Шороон үхрийн шинжийг зурхайчид зурхайн аргаар үхэр, үхэр хариулаач хоёрыг зурж гаргадаг. Яг яаж гаргадгийг мэдэхгүй юм даа (инээв).

-“Буян үйлдэгч” хэмээх гэдэг нь их сайхан жил болно л гэсэн утга юм болов уу?

-Жилүүдийн нэрэнд ямар нэг утга учир байдаггүй. Зүгээр л жаран жилд жаран өөр нэг өгчихсөн. Нэг жаранд нэг амьтны нэртэй жил таван удаа тохионо. Гал туулай жилээс эхэлдэг энэ жаран жилээ жарууланг нь “Ёгт нэр”-ээр нэрлэдэг юм билээ.

-Бар жилийн шороон үхрийн шинжийн талаар?

-Гарах гэж байгаа жилийн үхэр их бие нь ногоон, дөрвөн шийр нь улаан, эвэр нь шар, толгой нь цэнхэр, үхэр хариулаач хөл нүцгэн үхрийнхээ хажууд алхаж байна. Энэ зургаар жилийнхээ үрийг тодорхойлдог. Дээрх зураглалаас жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, төр засгийн томчуудад маш муу. Улс орон, иргэд хямралтай, хойд зүгээс аюул буй гэж байна. Энэ бол тун эвгүй өгүүлбэр. Дээдэст гэм их, хаан бээр харлаг албатад бууна. Хүн, мал амгалан боловч хий өвчин дэлгэрнэ, залуу хүний ажил үйлс сайн, үр ач дэлгэрэх, жилийн ба улирлын эхээр гандуу, салхи шуурга ихтэй, жил. Улирлын сүүлээр хур тунадас нэн элбэг гэсэн байна. Тэгэхээр гарч байгаа бар жилийн өвлийн адаг сард цас их унаж зуд болно. Нэн элбэг гэж баргийн юманд бичиж байсныг санахгүй байна. Газрын, галын, усны аюул их гарах тул анхаар гэж байна. Газар шилгээх нь, үер ус, ган гачиг болох нь байгалийн эвгүй жил болохыг сануулъя. Өвс мод, цэцэг жимс, ургац арвин байх боловч шим дунд зэрэг. Малд сайн, хүнд муу гэжээ. Анхаарал татах жил гарч байна гэж ойлгох нь дээ.

-Тэгвэл өнгөрч буй үхэр жилийн шороон үхрийн шинж ямар байсан бэ?

-“Цөөвөр” хэмээх үхэр жилийн шороон үхэр их бие нь шар, хоёр эвэр нь хөх, толгой нь цагаан, умруу нь ногоон, дөрвөн шийр нь улаан, сүүл нь цэнхэр, үхэр хариулаач үхрээ хөтлөөд явж байна. Энэ нь залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу ард олонд дунд, өвгөд буюу өндөр дээд суудалтанд муу. Өндөр дээдсийг авч хаях нь, төрийн хууль, цаазны хэрэгжилт сулрах ч эдийн засгийн нөхцөл байдал сайжирна, иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл болох нигууртай ч эрүүл мэнд сайн гэжээ. Энэ жил У.Хүрэлсүхийн Засгийн газар солигдсон шүү дээ. Мөн зарим суурин газар галын аюул гарч болзошгүй, жил, улирлын эхэн саруудад өндөр уулын бүсэд цас, бороо нэн элбэг, салхи ихтэй, тал, нам дор газар өвлийн адаг саруудад гантай, хуурай болно. Гуравдугаар сарын 14-ний аюул санагдаж байна, энэ өвөл хур тунадасгүй байсан. Цаашлаад зун, намрын саруудад газрын шим арвижиж тариа, хүнсний ногооны гарц элбэг урт намар болж буян хурна гэж тайлбарлажээ.

Энэ жил шиг урт сайхан намар алга даа. Хүнд сайн, мал муу, өвчин болзошгүй. Энэ бол шүлхийгээ хэлж байх шиг. Эр хүн яаруу, эм хүн тайван гэнэ ээ. Энэ мэтчилэн шороон үхрийн шинжийн таамаглалыг зөвтгөх шалтаг олон байдаг.

-Бар жилийн шороон үхрийн шинжид “Жил, улирлын эхээр гандуу” гэлээ. Энэ хавар гандуухан байна гэсэн үг үү?

-Тийм ээ, энэ өвөл хур тунадас бага тул хуурай, гандуу хавар болох нь.

-Та “Шинэ сарын шинж” нэвтрүүлгээрээ ирэх сарын цаг уурыг хүргэдэг. Ирэх зун хур бороо хэр байхыг яаж мэдэх вэ. Зөвхөн өмнө сард нь л мэддэг юм уу?

-Тухайн сард тохиолдох геофизикийн үзэгдлүүд, нар сарны хиртэлт, сар, мичдийн тохиол, шинийн 2-ны сарны хэлбэр зэрэг нь агаар мандлын процесст нөлөө үзүүлдэг болов уу гэж таамагладаг. Жишээлбэл, шинийн хоёрны сарыг босоо, өргөн, үзүүр гэсэн гурван янзаар шинждэг. Түүнийгээ нэвтрүүлэгтээ байнга оруулдаг.

-Хотод шинийн хоёрны сар харагдах уу эсвэл хөдөө явж шинждэг үү?

-Энэ утаан дотроос юу ч харагдахгүй, малчид маань л хэлж өгдөг. Дундговийн Баянжаргалангийн Баяр, Баянхонгорын Галуутын Дашзэвэг, Өвөрхангайн Баян-Өндөрийн Сайнбилэг, Дорнод аймгийн Цагаа Говь-Алтайн Даваа гуай гэх мэт байнгын холбоотой ажиглагч малчид бий. Тэд одод тэнгэрт юу болж байгааг надад мэдээлдэг. Тэр мэдээллийг тэмдэглэж аваад нэвтрүүлгээрээ “Говь-Алтайн Даваа гуай ингэж ярилаа. Ингэж магадгүй юм байна” гээд Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан шинжлэх ухааны прогнозоо хүргэдэг. Үзэгчид уламжлалт шинжлэл, шинжлэх ухааны шинжлэл хоёроос өөрсдөө шүүж мэдээллээ авна.

 

А.ГАНТУЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)