Монголчуудын 50 дахь түрүү Н.Цэвэгнямынх байлаа
- 2012-05-22
- Спорт
- 0
1992 оны тавдугаар сард анхны барилдаанаа хийж байсан Кёкүтенхо Н.Цэвэгням 20 жилийн дараа Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёд түрүү бөхөөр тодорлоо. 

1992 оны тавдугаар сард анхны барилдаанаа хийж байсан Кёкүтенхо Н.Цэвэгням 20 жилийн дараа Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёд түрүү бөхөөр тодорлоо. Тэрбээр Монгол Улсаас Японы мэргэжлийн сумод хөл тавьсан анхдагчдын нэг билээ.
Н.Цэвэгням сумод барилдаж эхэлснээсээ хойш сэкивакэ цол гурван удаа, комүсүби цол таван удаа хүртсэн юм. Энэ нь Н.Цэвэгнямыг ямар бөх вэ гэдгийг нотлон харуулах тод жишээ. Н.Цэвэгням 18 наснаасаа эхлэн мэргэжлийн сумод тасралтгүй 121 башё барилдахдаа 802 давж, 784 унаж, 22 барилдаан өнжсөн байна. Японы мэргэжлийн сумо бөхийн түүхэнд хамгийн сүүлд 1918 онд 38 настай бөх түрүүлж байсан түүхэн баримт үлджээ.
Дийлэнх сумочдын оргил амжилт 20-26 насанд л гардаг хэмээн Японы сумо бөх судлаачид үздэг. Тэгвэл монгол бөх ямар ч цаг үед хүч чадал нь харьдаггүйг Н.Цэвэгням батлан харуулж 38 насандаа анхны түрүүгээ аваад зогсохгүй дайчин бөхийн шагналын эзнээр тодров.
Түүнийг долдугаар сарын барилдаанд сэкивакэ цолтой барилдаж магадгүй гэсэн таамаг өнөөдрөөс яригдаж эхэллээ. Кёкүтенхо Н.Цэвэгнямын энэ шагнал монгол бөхчүүдийн 50 дахь түрүү болсноороо онцлог. Уг нь япончууд озэки Кисэносатог түрүүлнэ гэж сэтгэл догдлон хүлээж байсан ч талаар болов.
Н.Цэвэгнямын хувьд Точиозантай шийдвэрлэх нэмэлт барилдаан хийж хатакоми буюу зайлж татах мэхээр өвдөг шороодуулан Нацү башёд түрүүлж эзэн хааны цомыг хүртсэн бахархам амжилт гаргалаа. Японы мэргэжлийн сумод амжилт гаргасан монгол бөхчүүд баяраа ард түмэнтэйгээ хамт тэмдэглэхээр эх орондоо өчигдөр иржээ.
В.НЭРГҮЙ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
Amjilt (122.201.28.111)
Amjilt husyee sn buh shuu neg turuulsen yum chn 2 yagaad bolhgui gj uragshaa
byaraa (202.179.11.34)
bayr hurgii ta sain bsan mongol hun iiml bh est