Хойд Солонгос Хятад загасчдыг суллажээ
- 2012-05-22
- Дэлхий
- 0
Пхеньян дахь Хятадын Элчин сайдын яамнаас мэдээлснээр энэ сарын 8-нд Хятад, Хойд Солонгосын хоорондох Шар тэнгист загас агнаж яваад барьцаалагдсан Хятадын 29 загасчин, гурван усан онгоцыг Хойд Солонгосын тал өнгөрөгч ням гариг буюу 20- нд суллажээ. 

Пхеньян дахь Хятадын Элчин сайдын яамнаас мэдээлснээр энэ сарын 8-нд Хятад, Хойд Солонгосын хоорондох Шар тэнгист загас агнаж яваад барьцаалагдсан Хятадын 29 загасчин, гурван усан онгоцыг Хойд Солонгосын тал өнгөрөгч ням гариг буюу 20- нд суллажээ.
Гэхдээ загасчдыг барьцаалсан хойд солонгосчууд ямар албан тушаал хашдаг, хэн болох нь тодорхой бус байна. Хятад загасчдын хэлснээр тэднийг Хойд Солонгосын байлдааны хөлөг онгоц саатуулжээ. Иймд хөлгийн багийнхныг Хойд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчинд харьяалагддаг цэргүүд гэсэн дүгнэлтийг Хятадын сэтгүүлчид хийгээд байгаа аж.
Цэргүүд хятад загасчдын ар гэрийнхэн болон тэдний сууж явсан усан онгоцны эздээс их хэмжээний мөнгө нэхэж, өгөхгүй бол загасчдыг суллахгүй гэж сүрдүүлсэн гэнэ. Үүний дараа усан онгоцны эздийн нэг Чан Дечан энэ тухай “Бээжин Ньюс”-т мэдээлснээр уг явдал олон нийтэд ил болжээ. Тэрбээр “Загасчдын нэг түүнтэй утсаар ярьсан. Тэр хойд солонгосчуудын зөвшөөрлөөр ярьж байна гэсэн.
Түүгээр дамжуулан хойд солонгосчууд надаас 1.2 сая юань нэхсэн. Дараа нь дахин холбогдож барьцааны мөнгийг 900 мянган юань болгож бууруулснаа хэлсэн. Барьцаалагчид бүгд зэвсэгтэй байсан. Тэднийг жижигхэн байшинд хорьж хоол унд өгөөгүй” гэж сэтгүүлчид хэлжээ. Мөн түүнд “Тэднийг Хойд Солонгосын Тэнгисийн цэргийнхэн бололтой хүмүүс барьцаалсан. Загасчид Хойд Солонгосын усан хилийг зөрчөөгүй” гэдгийг дуулгажээ.
Уг хэргийн талаар Хятадын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэлд онцлон дурдаж, Бээжингийн албаныхан Хойд Солонгост мэдэгдэл хүргүүлсэн ч Пхеньянаас ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Загасчдыг барьцаалсан цэргүүд Засгийн газартаа энэ тухай мэдэгдсэн байх учиртай гэж Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байна. Тэдний итгэж буйгаар коммунист дэглэмтэй хөршид нь Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас ангид байлдааны усан онгоц, хөлгийн баг байх ёсгүй аж. Чанга дэглэм, цэрэгжсэн зохион байгуулалттай тус улсад иймэрхүү үйлдлийг дээд удирдлагынхаа зөвшөөрлөөр л үйлддэг байна.
Тиймээс Хятадын хэвлэлүүд энэ хэрэгт Хойд Солонгосын эрх баригчдыг буруутгаж, найрсаг хөршийн харилцаанд ан цав үүсгэлээ хэмээн буруушааж, Бээжин Пхеньяний хамгийн ойрын холбоотон гэдгийг сануулжээ. Хэдийгээр Бээжин Пхеньяний гол холбоотон ч тэдний пуужин хөөргөх төлөвлөгөөг аюулгүй байдлын үүднээс эсэргүүцэж, АНУ, Өмнөд Солонгос, Японы байр суурийг дэмжсэн билээ.
Харин Пхеньян тэдний эсэргүүцлийг үл ойшоон, “Кванмёнсон-3” хиймэл дагуул тээсэн “Унха-3” пуужинг төлөвлөсөн хугацаа буюу дөрөвдүгээр сарын 13-нд хөөргөсөн юм. Үүний дараа олон зуун сая ам.долларыг пуужинд зарцуулж, санхүүгийн хүнд байдалд орсон Хойд Солонгост оногдуулж буй хориг арга хэмжээнд АНУ тэргүүтэй орнууд нэмэлт заалт оруулснаар тус улс бүр ч хүнд байдалд орсон юм. Юутай ч Хойд Солонгост хоёр долоо хоног хоригдсон хятад загасчид нутгийн зүг жолоо эргүүлснийг албаныхан дуулгажээ.
Пхеньян дахь Хятадын Элчин сайд Ли Хонгкай “Тэд гэртээ харьж яваа. Эрүүл мэндийн байдал нь сайн. Хангалттай хоол хүнсээр хангасан” гэж хэлсэн байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Элчин сайд Ли Хонгкай болон бусад дипломатч Пхеньяний албаныхантай уулзаж ярилцсаны дараа загасчдыг суллажээ.
Харин барьцаалагчдад мөнгө төлсөн, Пхеньяний эрх баригчид барьцаалагч цэргүүдийг шийтгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Хойд Солонгосоос өмнө хятад загасчдыг Япон, Филиппин зэрэг орны Тэнгисийн цэргийн хүчнийхэн саатуулж, дараа нь суллаж байсан юм.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)