Барилдааныг удаа дараа саатуулсан бөхийн барилдах эрхийг 10 сараар хасна
- 2022-03-09
- Нийгэм
- 0

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал болж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал,
- 2022 оны хоёрдугаар сарын 19-нд болсон барилдааны тавын даваанд учраа бөхөө цохиж, дүрэм зөрчсөн Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Доржсүрэнгийн барилдах эрхийг гурван сараар,
- 2022 оны хоёрдугаар сарын 20-нд болсон барилдааны үед засуулын дүрэм журмыг зөрчсөн улсын ахлах засуул Т.Цэрэндаваа, О.Жанчивдорж, улсын засуул Б.Должинсүрэн нарын бөх засах эрхийг нэг сарын хугацаагаар,
- 2022 оны гуравдугаар сарын тавны барилдааны хоёрын даваанд унасны дараа засуул, хөлийн цэцүүдийг зүй бус үгээр хэлж, шаардлага биелүүлэхгүй, дүрэм зөрчсөн Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираагийн барилдах эрхийг гурван сараар тус тус хасахаар болсон байна.
Мөн:
- 2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон барилдааны тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй барилдахдаа барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд сануулж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулах,
- барилдааны талбайд бөх засаагүй үедээ зохисгүй байдал гаргасан улсын засуул С.Зэвэгт хатуу сануулах шийтгэлийг ногдуулжээ.
Тус хуралдаанаас,
- Аль ч төрлийн барилдааныг саатуулах, нийт бөхчүүдийн эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасан бөхөд хатуу сануулах, давтан үйлдвэл барилдах эрхийг 10 сараар хасах,
- Бөхийн тайлбарлагч нар дүрмээ биелүүлж, зохих зөвшөөрөлгүй хүнд микрофон шилжүүлэхгүй байх, шилжүүлбэл дүрмийн дагуу хариуцлага ноогдуулах,
- Микрофон авч, бусдыг уриалан дуудах үйлдэл гаргаж, бөхийн барилдаан саатуулсан бөхийн барилдах эрхийг нэг жилээр хасах,
- Бөхчүүд, дэвжээд, аймгийн бөхийн холбоодоос ирсэн хүсэлтүүдийг "Үндэсний их баяр наадмын тухай хууль" шинэчлэн батлагдсаны дараа хэлэлцэн шийдвэрлэх,
- Аливаа барилдааны /түрүү үзүүрээс бусад үед/ элэг бүсээ тайлахгүйгээр Монгол бөхийн уламжилж ирсэн жаяг ёсыг гажуудуулж буй бөхийн барилдах эрхийг таван сараар хасах,
- МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын наймны өдрийн хурлаар шийдвэрлэсэн "Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)"-ийг хэрэгжүүлэхээр болсон байна. Дээрх шийдвэрүүд нь тогтоол гарсан өдрөөс эхлэн хэрэгжих аж.

Сэтгэгдэл (0)