Италид онц байдал зарлалаа
- 2012-05-23
- Дэлхий
- 0
Италийн засгийн газар хүчтэй газар хөдлөлтөнд өртөж, их хэмжээний хохирол амссан хойд зүгийн муж Эмилиа Ромагнад онц байдал зарлалаа.

Италийн засгийн газар хүчтэй газар хөдлөлтөнд өртөж, их хэмжээний хохирол амссан хойд зүгийн муж Эмилиа Ромагнад онц байдал зарлалаа. Иргэний хамгаалалтын нийгэмлэгийн зүгээс улсын нутаг дэвсгэрт нүүрлэсэн гамшгийг арилгахад зарцуулахаар 50 сая еврог гаргахаар болсон тухай засгийн газар өчигдөр хийсэн мэдэгдэлдээ дурьдсан байна..
Ням гарагт болсон 5,9 баллын хүчтэй тус газар хөдлөлтийн улмаас долоон хүн харамсалтайгаар амиа алдаж, 50 гаруй хүн хүндээр бэртэж гэмтээд байгаа билээ. Одоогийн байдлаар, гамшгийн улмаас орон гэргүй бологсдын тоо 5260 даваад байна. Онц байдлыг 20 өдрийн турш зарлахаар болсон бөгөөд Засгийн Газраас Иргэний хамгаалалтын агентлагийг орон нутгийн удирдлагын ямар нэгэн зааварчилгаа авахгүйгээрбие даан шийдвэрлэж,Бологна, Модена, Феррара болон Мантуа хотуудад гамшгаас гарах арга хэмжээг нэн даруй авахыг үүрэг болгожээ.
Мягмар гарагийн өглөө Ерөнхий Сайд Марио Монти ард иргэдэд хандан, Засгийн Газрын зүгээс нутгийн оршин суугчид үй олноороо орон гэр, ажил албагүй болсонтой холбогдуулан, татварыг гамшгийн нөхцөл байдал бүрэн арилах хүртэл чөлөөлж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр “Бид та бүхэнтэй хэзээд үргэлж хамт байж, гамшгийн хор хохирлыг даван туулахад тань туслах болно” гэжээ.
Тус бүс нутагт анх газар хөдөлснөөс хойш дахин арав гаруй удаа чичирхийлсэн бөгөөд цаг агаарын байдал төдийлөн сайжрахгүй байгаа нь гэрэл цахилгааныг холбох, усны хоолойг гагнах, зам талбайг цэвэрлэх зэрэг гамшгаас учирсан хор хохирлыг арилгах ажилд саад учруулсаар байна. Газар хөдлөлтийн улмаас жижиг тосгон төдийгүй сүм хийд, цамхаг, цайз, түүнчлэн томоохон агуулах, дэлгүүрүүд, фермийн саравчнууд хүртэл авах юмгүй болж сүйджээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)