“D-parliament” сайт, апликэйшнээр дамжуулан хуулийн төслийн хэлэлцүүлгийн цахим талбар үүснэ хэмээн ноён “спикер” онцоллоо

Энэ Улсын Их Хурал 2019-2024 онд Хууль боловсруулах, хэлэлцэх шатанд иргэдийн оролцоог хангах зорилгоор цахим парламент болох гол стратегийг боловсруулжээ.

Тиймээс иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулан хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Уг систем нь хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хэлбэр төдийхнөөр хангагддаг байдлыг засаж, цахим системээр дамжуулан ард түмэн засаглах эрхээ эдлэх боломж нээгдэнэ гэж Улсын Их Хурлын дарга тооцоолжээ.

Энэ ажлын хүрээнд иргэдээс хуулийн төсөлд санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлэх, хүсэлт гомдлыг нь хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн  үндсэн 4 функцтэй “D-Parliament” сайт, апликэйшн удахгүй нээлтээ хийнэ хэмээн Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар хаврын чуулганы нээлтийн индрээс онцлон хэлсэн нь олон нийтийн хүлээлтийг үүсгэлээ. 

Тус апликэйшнээр дамжуулан хуулийн төсөл хэлэлцэж буй үе шатыг иргэд олон нийтэд ил тодоор харуулж, хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцэгдэх хурлын товуудын мэдээллийг хүн бүхэн нээлттэй харах боломж бүрдэх нээ. Санал асуулгад иргэд өөрсдийгөө шууд төлөөлөн саналаа өгөх эрх нь нээгдсэнээр сонгодог утгаараа иргэдийн оролцоотой ардчилсан парламентын тогтолцоо “D-parliament” төслөөр дамжуулан хэрэгжинэ гэж ойлголоо. Парламентын үйл ажиллагаа шилэн болж, ард олонтойгоо чатботоор харилцан холбогдон, хууль тогтоох үйл явц иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм байна.

Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэн, тэр нь хуульд заасан тодорхой хүмүүсийн дэмжлэгийг авбал асуудлыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэж байгаа гэнэ.  

Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2,6 саяд хүрчээ. Мөн  хүн амын 84,7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна.  Нэгэнт ийм суурь бүтэц сайн бүрдсэн тул иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөхөд саадгүй гэж ноён “спикер”-ийн  хэлсэн үгийг сонгогчид анхааран хүлээн авлаа. Хүлээлт үүсгэж буй энэ төсөл удахгүй нээлтээ хийх мэдээлэл ч байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)