Хөгжлийн банкинд 2016, 2019 онд иж бүрэн хяналт, шалгалтыг Засгийн газраас хийсэн гэв

  Монгол Улсын Их Хурлаас өчигдөр төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банканд хийсэн хяналт шалгалтын талаарх тайлан мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

    Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш хоёр удаа буюу 2016, 2019 онд иж бүрэн  хяналт, шалгалтыг Засгийн газраас хийсэн байна. 2016 онд хийсэн иж бүрэн шалгалтаар 16 дүгнэлт, 90 зөвлөмж гаргаж байсан ба шалгалтын дараа Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталсан ба энэ хүрээнд Төв банк Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийдэг болсон байна.  2019 оны хяналт, шалгалтаар 62 зөрчил илрүүлж, 37 зөвлөмж, 3 дүгнэлт гаргасан болохыг Сангийн сайд танилцуулав. Энэ удаагийн шалгалтаар нэлээдгүй тооны чанаргүй зээлийн асуудлыг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ дагуух хяналт, шалгалт идэвхтэй үргэлжилж байгаа гэлээ.

Мөн үндэсний аудитын газрын Аудитын III газрын захирал Д.Энхболд “Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудит”-ын талаар танилцуулга хийв. 

    Үндэсний аудитын газраас 2014, 2015, 2019 онуудад Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой гүйцэтгэлийн аудит хийж байжээ. 2019 оны аудитаар тус банкны 2012-2017 оны үйл ажиллагаа, 2012-2018 оны зээлийн олголтод шалгалт хийсэн бөгөөд энэ үед “Мон Лаа”, Эгийн голын усан цахилгаан станц, Хөгжлийн банкны олон нийтэд мэдээлэл түгээхтэй холбоотой асуудлуудаарх баримт бичгүүд хууль хяналтын байгууллагад шилжүүлэгдсэн байсан тул эдгээрийг гүйцэтгэлийн аудитын үед хязгаарлаж, бусад үйл ажиллагааг 4 зорилтын хүрээнд гүйцэтгэлийн аудитад хамруулсан гэв. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)