ТЕГ: Улсын чухал обьектуудыг хяналтад авч, улс төрчийн аминд халдахыг төлөвлөж байсан этгээдүүдийг шалгаж байна”

Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэрэг, хэрэгтэй холбоотойгоор баригдан саатуулагдсан иргэдийн талаар иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор албан ёсны мэдээлэл өглөө.

-ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр:
Иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгаж, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын таван иргэнийг саатуулан шалгаж байна. Тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай зэвсгүүд илэрчээ.

 Дээрх этгээдүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан.

Үзлэг, нэгжлэгийн явцад нийт 12 ширхэг галт зэвсэг илрээд байна. Эдгээрийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.

Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд, зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь тогтоогдсон.

Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Б.Баасанцогтыг сэжигтнээр баривчилсан. 

Иймд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй тул иргэдийг жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.76.203)

    2022-04-06

    Эхлээд АН-ын олигархуудыг буулгаж авах хэрэгтэй. Коммунист байсан улсад жинхэнэ бизнесмэн гэж байдаггүй юм.