Амьдрах орчноо сайжруулахын тулд саналаа өгөхөөс гадна Иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцоорой

Орчин тойронд нь тулгамддаг асуудлаа иргэд нь өөрсдөө тодорхойлон гаргаж саналаа өгдөг, иргэдийн өгсөн саналынх нь дагуу төлөвлөлт хийж, хэрэгжүүлдэг тогтолцоо бол “Орон нутгийн хөгжлийн сан” (ОНХС) юм.

ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд жил бүр 1-6 дугаар сард иргэдээс санал асуулгын хуудас бөглүүлэх, бүлгийн ярилцлага хийх, цахим гэсэн гурван хэлбэрээр санал авдаг.

Иргэд зөвхөн саналаа өгөхөөс гадна тухайн саналдаа олны дэмжлэг авч, батлуулахын тулд баг/хорооны Иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.

Иргэд хувиараа санал өгөхөөс илүүтэйгээр гэр бүл, гудамж, байр, хороогоороо нэгдэж ярилцан нийтийн эзэмшил газар, хүрээлэн буй орчноо сайжруулах ажилд санал өгөх нь илүү үр дүнтэй. Учир нь иргэдийн саналын хамгийн их санал авч эрэмбэлэгдсэн ажил дээр ИНХ-ын хуралдааны үеэрээ ярилцан, хэлэлцэж баталдаг.

"Санал өгөөд зогсохгүй Иргэдийн нийтийн хурлын хуралдаандаа оролцон саналуудыг эрэмбэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа нь бид улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаагаас гадна өөрсдийн амьдрах орчин, амьжиргаагаа сайжруулах том боломж юм" гэж Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Л.Дамдинрагчаа ярив.

ОНХС-д санал өгөх нь өөрийнхөө төлсөн татвараар өөрийнхөө амьдрах орчноо сайжруулах, нийгмийн хөгжилд зарцуулж буй хэрэг юм. Цугласан саналыг иргэд нийтээрээ хэлэлцэн эрэмбэлж, батлах нь хамгийн зөв шийдвэр гарахад нөлөөлнө.

"Ялангуяа малчдын хувьд айл, саахалтаараа ярилцан санал гаргах нь цөөнгүй" гэж Төв аймгийн Баян сумын Цавчир 3-р багийн иргэн Г.Батсайхан хэлэв.

Иргэдийн санал, санаачилгаар амьдрах орчныг нь сайжруулах цахим санал асуулга 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн хувьд улс орон даяар гар утасны аппликэйшнээр дамжуулан саналаа өгөх боломжтой болж байгаагаараа онцлог байна.

Иргэн таны саналыг авсны дараа ямар үйл явц өрнөж саналуудыг хэрхэн эрэмбэлэн баталдаг талаарх мэдээллийг хүргэе.

1. САНАЛ АВАХ

зураг

 

Иргэдийн саналыг зургаадугаар сарын 1 хүртэл цахимаар болон цаасаар, бүлгийн ярилцлагаар орон даяар авч дуусна. Иргэний саналыг харьяаллын дагуу, давхардалгүй авах Засгийн Газрын системүүд хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор ОНХС-ийн Удирдлагын мэдээллийн системийг төрийн үйлчилгээний E-Mongolia систем болон танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбосон. Иргэд "Е-Монголиа", "Орон нутгийн хөгжлийн сан" аппликейшнүүд болон цахим хуудсаар дамжуулан саналаа өгнө.

2. ИРГЭДЭЭС АВСАН САНАЛЫГ НЭГТГЭХ

зураг

 

Иргэдээс ирсэн саналыг баг, хорооны Засаг дарга ИНХ-ын хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэж нягталж, нэгтгэнэ. Ингэхдээ ОНХС-ийн үйл ажиллагааны журмын маягтуудыг үндэслэх бөгөөд уг загварын дагуу хамгийн олон дарааллаар санал авсан төслийн жагсаалтыг бэлтгэнэ.

3. ИНХ - ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ

зураг

 

Баг/хорооны Засаг дарга эрэмбэлсэн саналуудаа баг/хорооны ИНХ-д танилцуулна. Жагсаасан саналуудыг иргэд нийтээрээ хуралдан, санал тус бүрээр хэлэлцэж дахин эрэмбэлнэ. Ийнхүү хэлэлцэн жагсаалтыг гаргах ба түүнийгээ албажуулан ИНХ-ын тогтоол гаргана. Баг/хорооны Засаг дарга тогтоолоор батлагдсан төслийн санал бүрийн дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгээд ИНХ-ын тогтоолын хамт сум/дүүргийн Засаг дарга болон түүний ажлын хэсэгт хүргүүлнэ.

4. СУМ, ДҮҮРГИЙН АЖЛЫН ХЭСЭГТ ӨГӨХ

зураг

 

Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг байгуулах захирамжийг жил бүр 1 дүгээр улиралд багтаан гаргасан байдаг. Тус ажлын хэсэгт хөдөө аж ахуй, байгаль орчин, газар зохион байгуулалт, санхүү, иргэдийн төлөөлөл багтдаг. Улмаар сум/дүүргийн Засаг дарга баг/хороодоос ирүүлсэн ИНХ-ын тогтоолыг ажлын хэсэгт хүлээлгэж өгнө.

5. АЖЛЫН ХЭСЭГ УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТ ГАРГАХ

зураг

 

Ажлын хэсэг баг/хороодоос ирүүлсэн ИНХ-ын тогтоолуудыг орон нутгийнхаа хөгжлийн бодлогын баримт бичиг, тухайн жилийнхээ тэргүүлэх чиглэлтэй уялдуулан баталсан журмын дагуу үнэлж, нэгтгэнэ. Ингээд ажлын хэсгээс ОНХС-ийн урьдчилсан жагсаалт гаргах ба түүнийгээ эргээд сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэж өгнө.

6. ТЭЗҮ БЭЛТГЭХ

зураг

 

Сум, дүүргийн Засаг дарга нь ажлын хэсгээс ирсэн зөвлөмжийн дагуу нэгтгэсэн ажлуудын ТЭЗҮ болон хяналтын төсвийг хийх чиглэлийг есдүгээр сарын 15-аас өмнө Тамгын газарт өгнө. Ажилд шаардлагатай төсвийг мэргэшсэн төсөвчин газар дээрх нөхцөлтэй нь танилцан тодорхойлно.

7. СУМ/ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ЖАГСААЛТЫГ БАТЛАХ

зураг

Жилийн эцэст буюу арванхоёрдугаар сард болдог ИТХ-ын төсөв батлах хуралдаанаар ОНХС-ийн эрэмбэлсэн ажлуудыг хэлэлцэн, төсөвт тусгаж батална. Арванхоёрдугаар сарын 20 гэхэд иргэдээс ирсэн саналыг ИТХ-аар баталж дуусна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн аймаг/нийслэлд, аймаг/нийслэлийн ОНХС-аас тухайн сум/дүүрэгт хуваарилсан төсөвт багтаан иргэдээс ирсэн саналуудаа батална.

8. ТЕНДЕР ЗАРЛАХ

зураг

 

Нэгэнт төсөвт тусган хэрэгжүүлэхээр баталсан ажлын гүйцэтгэгчийг дараа жилийн эхээр нээлттэй тендер зарлан шалгаруулна.

Www.onhs.mof.gov.mn цахим хуудас, "Орон нутгийн хөгжлийн сан" аппликэйшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, ИНХ болон ИТХ-ын тогтоолуудаар баталсан жагсаалт, тендер шалгаруулалт, ажлын явц, санхүүжилтийн хуваарь зэрэг олон төрлийн мэдээллүүдийг авах боломжтой.

АППЛИКЭЙШН АШИГЛАХ ЗААВАР

Нүүр хэсэг

Аппликэйшний “Нүүр” хэсэгт 2022 онд ОНХС-д батлагдсан нийт төсвийг зарцуулалтын салбараар нь ангилж харуулдаг. Мөн та төсвийн жил буюу оноо сольсноор өмнөх жилүүдийн мэдээллийг үзэх боломжтой.

Төлөвлөлт

Төлөвлөлт хэсгээс иргэдийн анх өгсөн саналууд, түүнийг ИНХ-аар хэрхэн баталсан, цаашлаад “ОНХС-ийн ажлын хэсэг”-ээр хэрхэн эрэмбэлсэн, хамгийн сүүлд ИТХ-аар хэрхэн баталсан зэрэг төлөвлөлтийн үе шатуудыг өөрийн сум, дүүрэг, баг, хороогоор сонгон харах боломжтой.

Хэрэгжилт

Хэрэгжилт хэсгээс энэ ажилд хэдэн иргэн саналаа өгсөн, ямар хугацаанд хэрэгжих, гэрээний дүн, тендер шалгаруулсан журам, шалгарсан гүйцэтгэгч компани, тухайн ажлын явц хэдэн хувьтай, ямар шатандаа хэрэгжиж байгаа зэргийг гэрэл зургийн хамт харах боломжтой.

зураг

 

ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажилд иргэдээс хэрхэн санал авах вэ?

Иргэдийн санал авах хэсгээс дараа онд ОНХС-ийн төсвөөр ямар ажил хэрэгжүүлэх талаар иргэний саналыг авдаг. Та гурван төрлийн санал өгөх боломжтой.

  • Үүнд, танай сум, дүүргийн ЗДТГ-аас дараа онд хэрэгжүүлэхээр санал болгож буй ажлыг дэмжиж буй эсэх,
  • Хоёрдугаарт, танд өөрт дараа оны ОНХС-аар хэрэгжүүлэхэд санал болгох ажил байгаа эсэх,
  • Гуравдугаарт, “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг зарцуулахад өгөх санал буюу ОНХС-д цугласан “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг мал аж ахуй, бэлчээрийн менежменттэй холбоотой ажлуудад зарцуулахад иргэдээс санал авдаг.

Иргэн аппликэйшнээр гаргаж буй саналуудаа зөвхөн нэг удаа илгээх боломжтойг анхаарна уу.

Туслах цэс

Туслах цэсээс ОНХС-тай холбоотой мэдээ мэдээлэл үзэх, хууль эрх зүйн ойлголт авах, мөн баг, хороондоо хандсан өргөдөл, гомдол илгээж, ОНХС-ийн талаар гарын авлагыг ашиглаж болно.

зураг

 

Саналаа хэрхэн өгөх вэ?

  1. Play Store болон App Store-оос “Орон нутгийн хөгжлийн сан” гэж хайх, эсвэл QR код уншуулан аппликэйшнээ татаж авах.
  2. Аппликэйшн рүү нэвтрэхэд “ОНХС-ийн мэдээлэл”, “Санал өгөх” гэсэн хэсгүүд гарч ирэх бөгөөд “Санал өгөх” хэсэг рүү дарж нэвтэрнэ.
  3. Санал өгөх хэсэгт дарахад E-Mongolia ДАН системээр бүртгэлээ баталгаажуулан нэвтэрнэ.
  4. Нэвтэрсний дараа ОНХС аппликэйшнээс таны иргэний үнэмлэх, хаягийн мэдээлэлд хандах  хүсэлт гарч ирэх ба “зөвшөөрөх” товчийг дарснаар санал өгөх боломжтой болно. Энэ нь та зөвхөн орон нутгийнхаа харьяаллаар давхардалгүй саналаа өгөх боломжийг бий болгож байгаа болно.
  5. Аппликэйшний санал өгөх хэсгийн “санал асуулга” талбарт гурван сонголт байрлана. Сонголт бүр дээр саналаа өгнө.
  6. Санал нэмж дууссаны дараа илгээх товчийг дарснаар таны саналыг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ. Цахим саналуудаа нэг иргэн нэг л удаа илгээх боломжтойг анхаарна уу.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)