Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлаа хангаж ажиллаарай
- 2022-06-02
- Улаанбаатар
- 0

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 6 үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Дараа нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Татварын хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн сүүлийн 14 хоногт хийсэн ажлын талаар мэдээллийг өгсөн юм.
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОЖ ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛНЭ

Баянгол дүүрэгт энэ онд хоёр байршилд замын ажил хийнэ. Үүнд Гэмтлийн эмнэлгийн хоёр эгнээ, 1,056 км авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрөв болгож өргөтгөн шинэчлэх бол Замчдын гудамжны замыг мөн засах юм. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга холбогдох хэлтсийнхэнд үүрэг болголоо. Тодруулбал, зөвхөн Гэмтлийн эмнэлгийн замыг өртгөхөд 20 орчим аж ахуй нэгж замын трасст өртсөн бөгөөд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн тухай Тохижилт нийтийн аж ахуй хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөлтийн яаралтай хийхийг дүүргийн Газар, зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст үүрэг болгосон. Мөн энэ үеэр дээрх замууд ачаалал ихтэй байдаг. Иймд хүүхдийн сургууль, цэцэрлэг амрах болон баяр наадмын үеэр буюу олны хөдөлгөөний эрчим хөдөө рүү чиглэсэн үед хийж дуусах ёстой. Иймээс холбогдох хэлтсүүд энэ асуудалд одооноос анхаарал хандуулж цаг алдахгүйн тулд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж, бэлтгэл ажлаа сайн хангаарай гэсэн юм.
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 11 ХОРООНЫ 304 ГАРААШ ЧӨЛӨӨЛНӨ
Баянгол дүүрэгт энэ онд 1146 гарааш чөлөөлж авто зогсоол болон орчны тохижилтын ажлыг хийнэ. Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 697 гарааш чөлөөлсөн бөгөөд ажлын явц 61 гаруй хувьтай байгаа гэдгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Батмягмар танилцуулсан. Түүнчлэн гарааш чөлөөлөлттэй холбоотойгоор тавдугаар сарын 30-ны өдөр дүүргийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд захирамжийн хүрээнд дүүргийн 1, 3, 4, 6, 11, 13, 14, 17, 18, 19, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан 304 гараашийг буулгаж авто зогсоол болон орчны тохижилтын ажлыг хийх юм.
ХҮҮХДҮҮД ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ НЬ ИХ БАЙНА
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс товч мэдээлэл өгсөн. ГБХЗХХ-ийн дарга Б.Даваажаргалын мэдээлснээр хүүхэд, хамгааллын байгууллагад ирж байгаа нийт дуудлагыг төрлөөр нь авч үзвэл хамгийн их буюу 36.5 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа бол сэтгэл санааны хүчирхийлэлд 26.4 хувь, бие махбодын хүчирхийлэлд 25.5 хувь нь өртөж байна. Түүнчлэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авч түр хамгаалах байраар үйлчлүүлсэн 2022 он гарсаар нийт 79 хүүхэд үйлчилгээ авснаас, асрамж халамжийн төвд 3 хүүхэд холбон зуучилсан. Одоогийн байдлаар 12 хүүхэд үйлчилгээ авч байна. Үйлчилгээ авч байгаа хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг тасралтгүй өгч, мэргэжлийн байгууллагад холбон зуучлан ажиллаж байна.
Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн байдлыг хангах, хүүхдийн аюулгүй орчинд тоглох, хөгжих эрхийг хангах чиглэлээр дүүргийн 25 хороо, сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлтэй хамтран ажиллаж, эвдрэл гэмтэлтэй тоглоомын талбайг засаж сайжруулах ажлыг зохион байгуулахаас гадна “Дэлгэцийн донтолт түүний хор уршиг” сэдэвт сургалтад Ерөнхий боловсролын 13, 113, 73-р сургуулийн 400 гаруй сурагч хамрагдсан гэсэн мэдээллийг өгсөн юм.

Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өмнөх Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт мод тарьж зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ингэхдээ сургууль, цэцэрлэг, ААНБ, СӨХ-дод орчны 50 метр зайд мод тарьж, зүлэгжүүлэлт хийх ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо. Дараа нь нийслэлийн Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, холбогдох газар хэлтсүүдэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүрэг даалгавартай ЭНД дарж танилцана уу.
Мөн дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:




Сэтгэгдэл (0)