Зам тээврийн ноцтой осолд орсон 6 иргэнийг шуурхай тээвэрлэн ГССҮТ-д хүлээлгэн өглөө

Дорнод аймагт авто осолд орсон 3 иргэнийг өнөөдөр /2022.06.18/ ЭМЯ, ОБЕГ хамтран эмч нарын бүрэлдэхүүнтэй яаралтай нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэн, эрчимт эмчилгээнд оруулж байна.

Учир нь өчигдөр тус аймагт хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан бөгөөд ослын улмаас 6 иргэн хүнд гэмтэл аваад байсан.

Хоёр автомашинд нийт 9 зорчигч байсан бөгөөд 3 хүн газар дээрээ амь эрсдэж, биеийн байдал хүнд байгаа 6 иргэнийг ийнхүү өнөөдөр нисдэг тэргээр яаралтай  ГССҮТ-д авчирч байна.

"Зам тээврийн осолд орсон иргэдийн ихэнх нь тархи болон цээжний хавсарсан гэмтэлтэй байна"

Энэ талаар яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гантогтохоос тодруулахад "Эмч нарын баг зам тээврийн ослын улмаас яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд газар дээр очиж тусламж үйлчилгээ үзүүлэн, нисдэг тэргээр өнөөдөр Улаанбаатар хотод авч ирж, ГССҮТ-ийн эрчим эмчилгээнд оруулж байна.

Өчигдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төвд тухайн осолд орж биеийн байдал хүнд байгаа 6 иргэн хүргэгдсэн бөгөөд тус төвийн эмч нар биеийн байдлыг тогтворжуулах, хэвлийн гэмтэлтэй өвчтөнийг хэвлийн мэс засалд оруулж, арьс залгах мэс засал хийсэн байсан. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж, шөнө ажиглалт явуулсны үндсэн дээр өнөө өглөө эхний ээлжинд хавсарсан өвчтэй болон хүндрэх магадлалтай гэсэн 3 иргэнийг тээвэрлэж ирсэн. Араас 2 өвчтөн тээвэрлэгдэж ирж байна. Хэвлийн мэс засалд орсон иргэний биеийн байдлыг ажиглаж байгаад хот руу тээвэрлэх ажлууд хийгдэнэ.

Тусламж үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийн дунд 3 том хүн, 3 хүүхэд байгаа. Биеийн байдлын хувьд тархи болон цээжний хавсарсан гэмтэлтэй байна" гэв.

"ГССҮТ-д өдөрт эмнэлгийн тусламж авч байгаа өвчтний 40 хувь нь буюу 200 хүн авто ослын шалтгаантай гэмтэлтэй байна"

ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа “ГССҮТ-д өдөрт 500-600 үйлчлүүлэгч ирж байна. Үүнээс 40-50 нь хэвтэн эмчлүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт 3000-4000 орчим үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ авсан. Үүний 1500 гаруй буюу 40 хувь нь авто ослын шалтгаантай гэмтэл байна. Амралт зугаалгын сар эхэлж байгаа энэ үед зам тээврийн осол маш их байгаа. Ялангуяа гэр бүлээрээ хүүхэдтэйгээ явж байгаад осолд орж байгаа тоо маш их гарсан. Ослын улмаас хүүхдүүд маш их гэмтэж байна.

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг 12 ортой үйл ажиллагаа явуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 12 ор дүүрсэн байгаа. Үүнээс зургаа нь 2 сартайгаас 11 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс ард иргэдэд анхааруулж хэлэхэд, хөдөө орон нутаг руу аялах, зугаалахад автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, машины суудалд хүний тоогоор сууж, хүүхдийг тусгай зориулалтыг суудлаар тээвэрлэх, өөрийн болон хайртай гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, зорчихыг анхааруулж байна" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)