Бөхчүүд сумочдыг буулгаж авлаа

“Их Монголын алтан одод-2” үндэсний бөхчүүд, сумочдын сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн пүрэв гаригт боллоо. 

“Их Монголын алтан одод-2” үндэсний бөхчүүд, сумочдын сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн пүрэв гаригт боллоо. Хүмүүнлэгийн үйлст зориулахаар “Хакухо” сан, “TLG-13”, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран, “Мон лаа” компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг шоу тоглолт Монгол бөхийн өргөөг хөгжөөн дэмжигчдийн алга ташилт, үзэгчдийн уухайгаар доргиосон юм. 
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, озэки Какурюү М.Ананд, нацу башёгийн түрүү бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүё Э.Санчирболд, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нараар тэргүүлсэн бөхчүүд хурд хүчээ үзэхээр эх орондоо иржээ. 
Тэдэнтэй Японы оюутны сумогийн ёкозуна Ямагүчи сумогоор бус сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөр ирсэн байв. Харин үндэсний бөхчүүд Даян аварга Г.Өсөхбаяр, улсын отгон аварга С.Мөнхбат, арслан До.Ганхуяг, Х.Мөнхбаатар, гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нараар багаа бүрдүүлсэн байлаа. 
Тоглолтын өмнө зохион байгуулагчид сумочдын багт “нууц хөзөр” байгаа хэмээн хэлж байсан. Энэ тухай үзэгчдийн зүгээс олон таамаг дэвшүүлсэн ч хэн нь ч тааж чадаагүй юм. Сумочдын багийн нууц гишүүн Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар холбогчийн үүрэг гүйцэтгэхээр тоглолтын талбайд гарч ирсэн нь өнөөх нууц хөзөр аж. Түүнийг тоглохоор гарч ирэхэд зарим хүн “Тоон дотор үсэг юу хийж явна аа” хэмээн хошигноод амжсан. 
Үнэхээр ч сумочид төдийгүй бөхчүүд дундаас хөдөлмөрийн баатар маань тэмдэгтэй юм шиг л содон харагдаж байсан. Хоёр баг халаалтаа хийх зуур тоглолтыг тайлбарлагч тэдний хувийн дугаар чухам ямар утгатайг тайлбарлав. 
Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозуна Хакухо “69” дугаартай тоглосон бол озэки Харумафүжи 70 дахь ёкозуна болохыг бэлгэдэж “70” дугаартай гарав. Харин үндэсний бөхчүүдээс Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбат “20” дугаартай, 87 жилийн ойн баярын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн До.Ганхуяг “87” гэх мэт бэлгэдэл бүхий тоог сонгосон байлаа. Өнгөрсөн жил зохиогдсон “Их Монголын алтан одод” тэмцээнд сумочдын баг түрүүлсэн. 
Харин энэ удаагийн тэмцээнд үндэсний бөхчүүд даагаа нэхэх зорилготой тоглолтоо идэвхтэй эхлүүлэв. Сумочдын багийнхан дамжуулалтаа сайн хийж багийн түлхүүр тоглогч Хакухогоор хэд хэдэн шидэлтийг амжилттай хийлгэсэн. 
Харин холбон тоглогч Х.Цагаанбаатар үүргээ сайн гүйцэтгэж багтаа оноо авахад хувь нэмрээ оруулаад амжив. Бөхчүүдийн хувьд тоглолт сайтай ч гар нийлэх тал дээр тааруу харагдсан. Үүнийг шийдэн доор зогссон багийн тоглогчид хоорондоо бөмбөгөө булаацалдаж байгаад өрсөлдөгчдөдөө оноо авах боломж олгож байгаагаас харж болохоор байв. 
Гэхдээ тэд тэмцээний өмнөх бэлтгэлээ сайн хийсэн нь тоглолтын үеэр ажиглагдаж байлаа. Тэмцээний эхний хагаст бөхчүүдийн илт давуу тоглолтоор завсарлагааны цаг эхлэхэд тэдний дунд олс таталт, шидэлт, ойрын зайн гүйлтийн сонирхолтой тэмцээн зохион байгуулсан. Баг тус бүрээс найман тамирчин оролцсон олс таталтын тэмцээнд сумочид түвэггүйхэн ялсан юм. 
Шидэлтийн тэмцээнд баг бүрээс сайн гэсэн тамирчид өрсөлдөж сумочдын баг хагас оноогоор түрүүлэв. Энэ үеэр зохион байгуулсан тэмцээнээс хамгийн сонирхолтой нь ойрын гүйлтийн тэмцээн байсан юм. Сумочдыг төлөөлж, озэки Харумафүжи, үндэсний бөхчүүдээс улсын гарьд М.Баяржавхлан нар хурд хүчээ сорьсон. 
Хоёул ижил 130 кг жинтэй тул тэднийг ийнхүү уралдуулахаар урьдаас төлөвлөжээ. Озэки, гарьд хоёр яг зэрэг барианд орсон ч хөтлөгч “Харумафүжигийн толгой нь түрүүлж барианы шугам давсан” гэж дүгнэсэн. Ингээд тэмцээний дөрөвдүгээр үед бөхчүүдийн ээлж дараалсан довтолгоо амжилттай болж сумочдын багийг 33:16 -гийн харьцаатайгаар давуу ялав. 
Өмнөх шоунд их аварга Асашёорюү тэргүүтэй сумочид тэргүүлж байсан тул хүчтэнүүдийн амжилт 1:1 болж байна. Харин тэдний хайнаа хагалах тоглолтыг энэ ондоо багтаан хийх тухай чихэнд чимэгтэй мэдээгээр тоглолт өндөрлөсөн билээ.

 Б.СЭЛЭНГЭ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zulaa (203.169.50.123)

    2012-05-29

    Daraagiin togloltiig zaaval uznee