Башар Аль-Ассад 92 хүний аминд хүрэв
- 2012-05-28
- Дэлхий
- 0
Сирийн баруун зүгийн Хомс мужийн Хула хотод 92 энгийн иргэн амь үрэгдсэнийг тус улсын сөрөг хүчнийхэн мэдээлсэн. 

Сирийн баруун зүгийн Хомс мужийн Хула хотод 92 энгийн иргэн амь үрэгдсэнийг тус улсын сөрөг хүчнийхэн мэдээлсэн.
Үүнийг тус улсад ажиллаж буй НҮБ-ын ажиглагчид баталлаа. Хомс мужийн нийслэл Хомс хот Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг хамгийн их эсэргүүцдэг. Мужийн төв Хомсоос холгүй орших Хула хотод Башар Ассадыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн өрнөсөн байна.
Ассад хотын иргэдийг номхотгохоор Хула уруу цэргүүд илгээсэн байна. Засгийн газрын цэргүүд хот уруу бүтэн өдрийн турш танк, их буугаар бууджээ. Хүчирхийллээ зогсоохоо амласан ч дахин ийм үйлдэл хийсэн Сирийн Ерөнхийлөгчийг НҮБ хүчтэй шүүмжилж, Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахаар болсон байна. Энэ долоо хоногт багтаж хуралдах Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар Ассадад оногдуулах дарамтыг ихэсгэх, цэргийн хүч оруулах асуудлаар хэлэлцэх юм байна.
Учир нь Ассадын бүтэн өдрийн өршөөлгүй харгислалд амь үрэгдсэн 92 энгийн иргэний 32 нь хүүхэд байжээ. Ажиглагчдын баталж буйгаар тэдгээр хүүхдийн ихэнх нь 10-аас доош насныхан байжээ. Уг хэрэг Европын холбоо, Арабын лиг, Франц, Британи, Герман улсуудыг гүн цочролд оруулсан гэж тэд мэдэгдлээ. Башар аль Ассад тэргүүтэй Сирийн эрх баригчид эл хүчирхийллээ нуухыг оролдсон ч Лондон дахь Сирийн хүний эрхийн байгууллага тэдний бусармаг үйлдлийг удаа дараа мэдээлж, зургийг нь интернэтэд байршуулжээ.
Сири дэх ажиглагчид Лондон хот дахь хүний эрхийн байгууллагын мэдээллийг батлахын зэрэгцээ “Энэ бол жигшүүртэй балмад гэмт хэрэг. Сирийн Засгийн газар олон улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн энэ үйлдлээ зогсоох ёстой. Тэд Засгийн газрыг эсэргүүцэн хотын олон хүн цугладаг газрууд уруу хүнд техникээр галласан. Хула хотыг өнгөрөгч баасан гаригаас бямба гариг хүртэл буудсан” гэжээ.
Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, экс дарга, Сирийн тусгай элч Кофи Аннан нар мэдэгдэл хийж “Буруутай этгээдүүдийг шийтгэх ёстой” гэв. К.Аннан энэ хэрэгтэй холбогдуулан ойрын хугацаанд Дамаскт очиж, Башар Ассад болон сөрөг хүчнийхэнтэй уулзахаар болсон байна. НҮБ-ын тооцоогоор жил гаруй үргэлжилж буй Сирийн хүчирхийлэлд есөн мянга гаруй хүн өртөж амь үрэгджээ.
Түүнчлэн олон зуун мянган хүн шархдаж, 100 мянга орчим хүн тахир дутуу болсон байна. Харин Сирийн Засгийн газар амь үрэгдэгсдийг “Зэвсэглэсэн террорист бүлгийн гишүүн байсан” гэж мэдэгддэг байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
зочин (182.160.60.35)
хөөрхий энгийн ардыг хяддаг жинхэнэ алуурчин нөхөр байна даа