Хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байгааг НҮБ-ын тэргүүн анхаарууллаа

Хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр Цөмийн Зэвсгийг Хориглох тухай гэрээнд нэгдсэн орнуудын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ энэ санаагаа илэрхийлсэн байна.

“Хүн төрөлхтөн ганцхан болгоомжгүй алхам хийвэл цөмийн дайн эхлэх аюулын ирмэг дээр байна. Өнөөдрийг хүртэл биднийг зөвхөн аз түшиж ирлээ. Гэхдээ аз бол стратеги биш. Бас цөмийн дайнаас сэргийлэх зүйл ч биш” гэж хэлсэн Гуттереш сүүлийн үед олон улсын хэмжээнд гарсан үйл явдлууд, тухайлбал Украины дайн, Солонгосын хойг, Ойрх Дорнод дахь дайсагнал геополитикийн сөргөлдөөнийг шинэ дээд түвшинд хүргэснийг анхааруулжээ.

Кубын пуужингийн хямралын дараа 1968 онд дэлхийн ихэнх улс орнууд цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг хориглох, цаашдаа цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах зорилготой гэрээг байгуулж байв.

Уг гэрээнд нэгдээгүй дөрвөн улс нь Энэтхэг, Пакистан, Израил, Умард Солонгос юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад 13,000 орчим цөмийн зэвсэг идэвхтэй байгаа. 1980-аад оны дунд үед энэ тоо 60,000 хүрч байжээ.

Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, Орос улстай зөрчилдсөн бүхэн “түүхэндээ үзэж байгаагүй хортой үр дагавар” амсахыг анхааруулж байв.

Өчигдөр эхэлсэн чуулганд илгээсэн захидалдаа тэр “цөмийн дайн хэзээ ч гарах ёсгүй, гарсан тохиолдолд хэн ч ялахгүй” гэж мэдэгджээ.

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен олон улсаас аюулгүй байдлын баталгаа авсныхаа дараа 1994 онд Зөвлөлтийн үеийн цөмийн зэвсгээсээ татгалзсан Украин улс өнөөдөр Оросын эзлэн түрэмгийлэлд өртөөд байгааг шүүмжилсэн байна.

Энэ үйлдэл нь тусгаар тогтнолоо хамгаалах, гаднын эзлэн түрэмгийллээс өөрийгөө хамгаалахын тулд “цөмийн зэвсэгтэй байх хэрэгтэй юм байна” гэсэн буруу ойлголтыг дэлхийн улс орнуудад төрүүлж байгааг тэр анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)