Профессор Ц.Лувсандорж: Бөх барилдах, морь уралдуулах, уул тахих гурав хөгжлийн чөдөр болоод байна

Монгол Улсын Боловсролын их сургуулийн профессор Ц.Лувсандоржтой ярилцлаа.


-Та саяхан “маш хурдан хоригловол зохих гурван үрлэгэн” гэсэн нийтлэл бичсэн. энэ талаар ярихгүй юу?

-Тийм, би долдугаар сарын 30-ны өдөр нийтлэл оруулсан. Түүндээ бөх барилдах, морь уралдуулах, уул тахихыг хоригломоор байна гэж бичсэн. Бөх бол манай уламжлалт өв соёл ч гэлээ хичээллэж байгаа хүмүүстээ хортой. Биедээ их ачаалал авч залуудаа зүрхний савлагаатай болж байна. Хавраас хойш хоёр, гурван сар бэлтгэж, барилдаж, найрлаж, наадамлаж байна гээд маш олон залуу баялаг бүтээхгүй цаг нөхцөөж байна. Энэ нь XIII зуунд бий болж XXI зуунд ч хэвээрээ байгаа нь улс оронд ч, хүнд ч үр өгөөжгүй, хохиролтой юм. Бөхийг хориглочихвол залуус бэлэг сэлт гэж хүний гар харахгүй, эрдмийн мөр хөөж, мэдлэг чадвараар илүү баталгаатай сайхан амьдралын замыг эрт олох нөхцөл бий болох юм. Ийм сайхан эрүүл саруул залуучууд бөх гэж хайран цагаа яйран өнгөрөөж явахын оронд баялаг бүтээгч болж улс орондоо хувь нэмэртэй явбал өөрсдөд нь их хэрэгтэй. Ийм зорилгоор бөхийг яаралтай энэ улсад хоригломоор байна.

-Морь уралдуулахын тухайд?

-Энэ талаар олон жил ярьж байна. Морь уралдуулахыг ч бас хоригломоор байна. Ийм цэнгүүн эрт галавын үе, дайтаж, байлдахаас өөр онцын хийх зүйлгүй цагийн хүмүүсийн хийдэг үйл юм.

Морины уралдаан бизнес, харгислал, мөнгөний золиос болж хөгжиж байгаа нь хазгай. Мөнгөтэй хүмүүсийн эл бизнес ядуу ардын морины хүүхэд, морь хоёрыг хохироож байна. Морио сүлдэндээ тахиж, хүүхдэд ээлтэй Монгол гэдэг үгний эсрэг үйл. Журамгүй, хүнлэг бус, адгуусаа хохироож хүүхдийн амь насаар тоглодог зүйл болчихлоо. Энэ байдлыг орхиж жам, ёсонд нь оруулахын тулд дахиад л хориглох хэрэгтэй гээд байгаа юм. Морины эзэн гэдэг чинь хэдхэн мөнгөтэй хүн бусдыгаа хохироодог бохир бизнес болсон. Тиймээс хориглоод зөв замаар нь эхлүүлэх ёстой. Морины уралдаан гэдэг чинь гадны оронд хүүхэд хохироохгүй, бизнесийнхээ зарчимаар явдаг юм. Хэтэрхий дураараа, бүдүүлэг байдлыг дэвэргэж болохгүй.

-Нөгөө талаас бөх барилдах, морь уралдуулах бол монгол түмний үндэсний их баяр наадмын чухал хэсэг. Бидний ондоошил гэж үзэх хүмүүс цөөнгүй. Та түр хориглоё гэв үү, бүр хориглоё гэсэн санал дэвшүүлж байна уу?

-Шууд хориглож, аажмаар зөв байранд нь оруулах ёстой. Учир нь үндэсний бөх сүүлийн 30 жил үндсэн уламжлалаасаа гажсан. Тиймээс зохих хэмжээнд хориглож, үнэт зүйлээр нь цааш авч явах ёстой гэсэн санааг дэвшүүлсэн юм. Нэгдүгээрт, яг энэ байдлаараа бол бид баярлаж наадамлаад л байдаг. Үүний цаана үнэт зүйл, өөрөө өөрийгөө үгүй хийх талбар бий болоод байна. Зодоон, найраа гээд ногоон дэвжээн дээр болж байгаа эдгээр зүйлс нийгэмд асар буруу үлгэр үзүүлж байна. Хоёрдугаарт, 1024 сайхан залуу эх орондоо ажиллаж, эрдэмд шамдаж баялаг бүтээж байвал хэрэгтэй шүү дээ. Наадмаар барилдахаар гарч ирж байгаа 1024 бөхөөс үнэн барилдсан нь хэд билээ. Эдгээр мянган сайхан залуу эх орныхоо төлөө дуугарч, эрдэм ном сураасай гэж бодож явдаг. Уламжлалыг жинхэнэ соёлын үнэт зүйл болтол нь хөгжүүлэхгүй л юм бол энэ байдлаараа явахааргүй байна.

-Уул тахихыг хориглох талаар?

-Энэ бол яах аргагүй мухар сүсэг. Лам, бөөгөөс үүдэлтэй, бидний дээр үе, шинжлэх ухаан хөгжөөгүй, дэлхий хавтгай гэдэг үеийн ойлголт. Байгаль орчноо хайрлан хамгаалах, түүнийг цэвэр тунгалаг байдлаар нь, жам ёсоор нь хадгалж хайрлах нь эртнээс өнөөг хүртэлх хүн төрөлхтний хамгийн эрхэм ёс, үнэт зүйл юм. Уул тахих гэдэг уул бохирдуулах, дарцагуулах, суваргажуулах, хөшөөжүүлэх гэсэн утга биш. Харин байгаль, уул усаа хамгаалах, тэдний зүй ёсны орших нөхцөлийг нь эвдэхгүй байх, байгалийн зүй зохистой ухаалаг харьцааг л уулыг хайрлаж хамгаалж байна гэж тусгаж авбал ононо. Дэлхийн хаа сайгүй сайхан уул байна аа байна. Тэр бүхнийг дэлхий тахиж байна гэж бохирдуулаад байгаа юм алга. Марсын Олимпийг эндээс тахиад байгаа юм алга, харин түүнийг судалж л байна.

Дэлхийн ихэнх улс орон энэ зан үйлийг орхичихсон. Уулаа тахих нэрийдлээр их мөнгө үрж, уул усыг бохирдуулж байгаа улс манайхаас өөр байхгүй. Шинжлэх ухаан хөгжөөд энэ хэрэггүй юм байна гэдгийг ойлгочихсон байхгүй юу. Дахин хэлье, үеэ өнгөрөөсөн ойлголт гэсэн үг. Уул усыг үнэхээр хайрлах гэж байгаа бол хамгаалах талаас нь шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийж түүний өөрчлөлтийг нь олж тогтоож, сөрөг нөлөөг нь багасгах хэрэгтэй. Тийм учраас энэ гурван үрлэгэнг энэ улсад маш яаралтай хориглох хэрэгтэй. Тэгэхэд эхлээд эвгүй мэт авч эцэстээ их эвтэйхэн байх болно. Хөгжилтэй, хөгжсөн юм шиг байх болно. Хамгийн гол нь хүн бүрт эдийн засгийн хувьд тэр хориг их эвтэй байх юм. Улсад бол бүр эвтэйхэн болно. Хэмнэсэн мөнгөөрөө гадаад өрөө төлнө гээд л.

-Тэгвэл уламжлал гэж юу юм бэ?

-Уламжлал гэдэг чинь шинжлэх ухаанаа дагаж өөрчлөгдөж, шинэчлэгдэж явдаг. Энэ гурван гаж зүйлийг өөрчлөх цаг болсон. Шууд өөрчилж болохгүй, хориглож байгаад өөрчлөх ёстой.

Уламжлал хөгжлийн чөдөр байх ёсгүй. Урагшилж биш, ухарч байгаа буруу зүйлс аяндаа цаг хугацааны аяст орхигддог шүү дээ. Гэтэл манайд бүх юм байдгаараа, бүр гажсан зүйлийг үнэт зүйл болгож хөгжүүлж болохгүй. Харин ч уул яаж өөрчлөгддөг, тогтдог юм гээд шинжлэх ухааны туршилтаа явуулах хэрэгтэй. Төрийн дээд албан тушаалтнууд нь хүртэл хадаг уулан дээр уядаг. Ийм байж болохгүй, энэ чинь XXI зуун. Уламжлал, үнэт зүйлээ гажуудуулсан эдгээр зүйлийг хориглох хэрэгтэй. Хүн ярьж болохгүй зүйл биш шүү дээ.

Буруу зүйлийг өөрчлөхгүйгээр цааш явахгүй. Энэ гурав бол чөдөр байна. Энэ тал дээр үндэсний хэлэлцүүлэг хийх шаардлагатай, өөрчлөх ёстой байхгүй юу. Уламжлал ухаарлаар шинэчлэгдэж, соёлжиж, иргэншиж байдаг нь хөгжлийн жам ёс юм. Хөгжил, иргэншил ийм л байдлаар явагддаг. Уламжлал хөгжлийн чөдөр байх ёсгүй. Өөрчлөгддөггүй зүйл үгүй.

 

А.Гантуяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • William (197.211.61.60)

    2022-08-03

    ข่าวดี คุณกำลังมองหาโอกาสในการเปลี่ยนระดับการเงิน ต้องการเงินเพื่อสร้างหรือมีชีวิตที่ดี คุณสามารถขายไตหนึ่งข้างของคุณเป็นเงิน 800,000 ดอลลาร์และยังคงสุขภาพแข็งแรง ติดต่อ drmax.hospital@gmail.com พวกเขาให้การดูแลที่ดีที่สุดและจ่ายเงินครึ่งหนึ่งก่อนที่คุณจะมาถึงและหลังการผ่าตัดยอดเงินที่เราจ่ายให้คุณ ติดต่อพวกเขาวันนี้และปราศจากความยากจนตลอดไป drmax.hospital@gmail.com

  • William (197.211.61.60)

    2022-08-03

    ข่าวดี คุณกำลังมองหาโอกาสในการเปลี่ยนระดับการเงิน ต้องการเงินเพื่อสร้างหรือมีชีวิตที่ดี คุณสามารถขายไตหนึ่งข้างของคุณเป็นเงิน 800,000 ดอลลาร์และยังคงสุขภาพแข็งแรง ติดต่อ drmax.hospital@gmail.com พวกเขาให้การดูแลที่ดีที่สุดและจ่ายเงินครึ่งหนึ่งก่อนที่คุณจะมาถึงและหลังการผ่าตัดยอดเงินที่เราจ่ายให้คุณ ติดต่อพวกเขาวันนี้และปราศจากความยากจนตลอดไป drmax.hospital@gmail.com