Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд БГД-ийн 24, 26 дугаар хороонд ажиллалаа

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Боловсролын ерөнхий газрын Санхүү, төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Ж.Энхтөр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал,  24 дүгээр хорооноос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Чойдог, хороон Засаг дарга нар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллаж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж нөхцөл болон түрээслэх боломжтой байруудтай танилцлаа.

“Нарны хороолол”-ын хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна

Баянгол дүүргийн 26 дугаар хороо нь  18 мянга гаруй хүн амтай бөгөөд цэцэрлэгийн насны 1764 хүүхэд байдаг. Иймээс Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд тус хороонд үйл ажиллагаа явуулдаг улсын 100, 262 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон хувийн цэцэрлэгийн төлөөлүүдтэй уулзаж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийн талаар санал солилцон тодорхой шийдлүүдэд хүрлээ. Тухайлбал,

1. Нийслэлийн 100 дугаар цэцэрлэг нь 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд холбогдох шаардлагатай арга хэмжээг авснаар  энэ хичээлийн жилд 404 хүүхдийг нэмж нийт 604 хүүхэд хүлээж авахаар холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ингэхдээ 4 шийдлийг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:   

  • Гэр цэцэрлэг байгуулах
  • Тус цэцэрлэгийн 24 цагийн бүлгийн ангийг өөрчилж өдрийн анги болгосноор 2 бүлэг нэмж нийт 80 хүүхэд авах
  • 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл нэмж барих
  • Цэцэрлэгийн байр худалдаж авах

2. Улсын тэргүүний 262 дугаар цэцэрлэгийн тухайд 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч мөн л холбогдох арга хэмжээг авснаар 245 нэмж нийт  485 хүүхэд хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.   

3. Түүнчлэн “Нарны хороолол”-д хувийн 7 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 6 цэцэрлэгийн холбогдох албан тушаалтнуудтай холбогдож санал сонслоо. Өнгөрсөн хичээлийн жилд нийт 275 хүүхэд хүлээж авсан. Энэ хичээлийн жилд төрөөс явуулж байгаа бодлого болон хувийн цэцэрлэгүүдэд  үзүүлж байгаа дэмжлэгийн хүрээнд 350 орчим хүүхэд авах боломжтой гэсэн юм. 

Үлдэж байгаа хүүхдүүдийн хувьд 100 хувь цэцэрлэгт хамруулахаар цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох түрээсийн байрны эзэдтэй уулзаж санал солилцож байна. Ташрамд мэдээлэхэд, тус хорооны хувьд өмнө нь засаг захиргааны нэгжээрээ БГД-ийн 3 дугаар хороонд харьяалагддаг байсан ч “Нарны хороолол”, “Есөн Эрдэнэ” хотхон шинээр байгуулагдсанаар хүн ам ихээр төвлөрч томоохон хороолол болсон учраас 3 дугаар хороог хувааж 26 дугаар хороо болгосон юм.

“Алтай хотхон”-ы хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой

БГД-ийн 24 дүгээр хороо, “Алтай хотхон” нь 3105 өрх, 10.000 гаруй иргэнтэй. Цэцэрлэгийн насны 896 хүүхэд байдаг. Тус хороонд улсын 295, 309 дүгээр цэцэрлэгээс гадна хувийн 2 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 

 

Нийслэлийн 295 дугаар цэцэрлэг нь 210 хүлээн авах хүчин чадалтай бол 309 дүгээр цэцэрлэг энэ онд ашиглалтад орсон. Нийт 440 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Улсын комисс хүлээж аваад байгаа юм. Харин 2 хувийн цэцэрлэг нь өнгөрсөн онд нийт 120 хүүхэд хүлээн авсан юм байна. 

Өнөөдөр Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Боловсролын ерөнхий газрынхантай тус хороонд ажиллаж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох хоёр түрээсийн байртай танилцлаа.

Эхнийх нь “Тайгам-Алтай” ХХК-ийн барьж байгаа 4 дүгээр ээлжийн 50 дугаар байрны Ж блокийн 3 давхар 937 м2 байр бол хоёрдахь нь тус хороонд шинээр баригдаж “KoyoTown” хотхон доторх 5 давхар барилга юм. Дээрх байруудыг түрээслэнэ гэвэл цэцэрлэгийн зориулалтаар бүрэн засварлаж өгөх боломжтой гэсэн мэдээллийг өгсөн. Мөн түрээсэлсэн тохиолдолд 24 дүгээр хорооны 896 хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрагдахаас гадна 26 дугаар хороо буюу “Нарны хороолол”-ын хүүхдүүдийг нэмж хүлээн авах боломжтой юм.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)