Оросыг зөвшөөрвөл Сирид довтолно

-Уильям Хейг ОХУ-ын эрх баригчдыг ятгахаар Москвад ирлээ- 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Хула хотыг их буу, танкаар бүтэн өдөр галлах тушаал өгсний улмаас амь үрэгдэгсдийн тоо хамгийн сүүлийн мэдээгээр 116-д хүрчээ. Тэдний дотор 49 хүүхэд, 34 эмэгтэй байгаа аж. Харин дээрх хүчирхийллээр 300 гаруй хүн шархадсан байна. 
Үүнээс өмнөх мэдээлэлд амь үрэгдсэн хүүхдийн 30 орчим нь 10-аас доош насныхан байсан гэж дурдсан юм. Эл хэрэгт туйлын ихээр цочирдсоноо НҮБ мэдэгдэж, Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахаар болсон. Аюулгүйн зөвлөлийн хуралдаан энэ долоо хоногт багтан Нью-Йоркт болно гэж Оросын “Russia 24” телевиз мэдээлэв. Энэ уулзалтаар Сирид цэргийн хүч оруулах асуудлыг дахин хэлэлцэх аж. 
Үүний өмнөх уулзалтаар Аюулгүйн зөвлөлийн орнууд Сирид цэргийн хүч оруулахад санал хураахад Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хоёр орон ОХУ, Хятад эсрэг байр суурьтай байсан. Тиймээс зөвлөлийн байнгын гишүүн гурван орон, байнгын бус 10 орны дэмжсэн төлөвлөгөө хэрэгжээгүй юм. Орос, Хятад улс Ливид явуулсан шиг ажиллагааг Сирид явуулахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдээд, асуудлыг энхийн замаар шийдэхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Үүний дагуу НҮБ тэтгэвэртээ гарсан, экс ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаныг Сирийн хүчирхийллийг зогсоох энхийн элчээр томилсон юм. 
Үүний дагуу Сирид цэргийн хүч оруулах төлөвлөгөөг дэмжихийг ОХУ-ын эрх баригчдад уриалахаар Их Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хейг Москва хотод хүрэлцэн ирлээ. Тэрбээр өнгөрөгч баасан гаригаас бямба гариг хүртэл үргэлжилсэн Хулагийн хүчирхийллийн дараа буюу ням гаригт Москвад ирсэн юм. У.Хейг ОХУ-д хийх ажлын айлчлалын гол зорилго Сири байх болно гэдгийг Москваг зорихоосоо өмнө мэдэгдэж, “Хулад гартаа зэвсэггүй энгийн номхон иргэд амь үрэгдсэнд туйлын их харамсч байна. Тэнд олон хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсэний дүрс бичлэгээс үзлээ” гэсэн байна. У.Хейг “Ард иргэдээ харгисласан Башар аль-Ассад хариуцлагаа үүрэх ёстой. 
Сирид дарамт үзүүлэх төлөвлөгөөг ОХУ дэмжиж, олон улстай нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэж “Твиттер”-тээ бичжээ. Түүний хэлснээр, Сирийн идэвхтнүүдийн батлагдаагүй тооцоогоор тус улсад өнгөрөгч 2011 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Башар альАссадыг огцрохыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш 12600 гаруй хүн амь үрэгджээ. Харин НҮБ-ын саяхны тооцоогоор тус улсад амь үрэгдсэн хүний тоо 10 мянга давсан байна. 
Ямартаа ч ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр У.Хейг тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай уулзсан байна. Тэд Сирийн хүчирхийлэл, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны асуудал, Европ дахь НАТО-гийн пуужингийн хамгаалалтын систем болон хоёр орны харилцааны талаар ярилцжээ. Энэ зуур НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Дамаскт зочилж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадтай уулзахаар төлөвлөжээ. Дашрамд дурдахад У.Хейг хамгийн сүүлд 2010 оны аравдугаар сард Москвад айлчилж байсан юм. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)