ШХАБ бүх нийтийн хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын төлөөх дэлхийн хүчин болж өргөжөөд байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2022 оны 9 дүгээр сарын 16-нд Узбекистаны Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө бусад орны удирдагчид болон зочид төлөөлөгчидтэй зураг татуулав. Ши Жиньпин уг дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлсэн юм. (Синьхуа/Ли Тао)


Хүн төрөлхтөн урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй сорилтуудыг даван туулах гэж тэмцэж буй энэ эгзэгтэй цаг үед буюу есдүгээр сарын 16-нд Узбекистаны Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хэмжээний уулзалт болж, уг уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй дэлхийн удирдагчид оролцлоо.

Ши Жиньпин уг дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ ШХАБ-ыг “олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж буй хүчин” гэж тодорхойлон хэлсний сацуу “ШХАБ Евразийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэсэн юм.

БҮХ НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ

Бие биенээсээ ихээхэн хамааралтай болж буй энэ дэлхий ертөнцөд бүх улс үндэстний хувь заяа улам бүр нягт уялдаа холбоотой болж байна. Түүгээр ч зогсохгүй аюулгүй байдлыг хангаж чадахгүй бол хөгжил дэвшлийн талаар ярихын ч хэрэггүй болж байна. ШХАБ нь терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт давруу үзэл гэсэн гурван хүчин зүйлтэй тэмцэх үндсэн зорилготойгоор одоогоос 20 гаруй жилийн өмнө байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь ШХАБ-ын хүрээнд гишүүн орнуудын анхаарлын төвд байсаар ирсэн.

Терроризмын эсрэг конвенцид гарын үсэг зурж, хамтарсан цэргийн сургуулилалтууд хийхээс эхлээд хэт даврагч үзэл суртлыг интернетээр сурталчлахыг таслан зогсоох, Афганистан дахь энхийн үйл явцыг урагшлуулах зэргээр ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдлын хамтын ажиллагаа бүс нутаг, олон улсын тавцанд эрчимтэй хөгжсөөр байна. Илүү аюулгүй дэлхий ертөнцийг бий болгохын тулд ШХАБ-ын гишүүн орнууд илүү ихийг хийж чадна, хийх ч ёстой.

“Өнөөдөр дэлхий ертөнц амар амгалан газар биш болоод байна. Эв нэгдэл эсвэл хуваагдал, хамтын ажиллагаа эсвэл сөргөлдөөн гэсэн хоёр багц бодлогын сонголтын өрсөлдөөн улам хурцдаж байна” гэж Ши Жиньпин есдүгээр сарын 16-нд Самаркандын дээд хэмжээний уулзалтад үг хэлэх үеэрээ дэлхий нийтэд анхааруулаад, улс орныхоо хөгжил цэцэглэлт, сэргэн мандалтыг хөхиүлэн дэмжих таатай орчныг бүрдүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахыг ШХАБ-ын гишүүн орнуудад уриалсан юм.

Мөн тэрбээр аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсны сацуу “Хятад улсын санаачилсан Дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь энх тайвныг хөхиүлэн дэмжиж, дэлхийн аюулгүй байдлын сорилтуудыг шийдвэрлэх зорилготой” гэж цохон тэмдэглэсэн билээ. Бүх нийтийн хөгжлийг ахиулж, тогтвортой аюулгүй байдлыг хангаж, тэнцвэртэй бөгөөд үр дүнтэй аюулгүй байдлын тогтолцоог бий болгохыг бүх улс оронд мөн уриалсан.

Тэрбээр цааш нь ярихдаа “Бид энэ санаачилгыг хэрэгжүүлэхэд бүх улс орныг оролцохыг урьж байна” гэсэн юм.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятадын улс төр, эдийн засаг судлалын тэнхимийн эрхлэгч Сергей Луконины хэлснээр, Ши Жиньпиний санаачилсан Дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь дэлхийн энх тайвны хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлох нь гарцаагүй.

Мөн Камбожийн Пномпень хот дахь Белтей олон улсын их сургуулийн ахлах профессор Жозеф Мэттьюс хэлэхдээ “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь хуваагдашгүй, шударга бөгөөд тэгш аюулгүй байдлын хамтын нийгэмлэгийг бий болгоход тусална гэдэгт би итгэлтэй байна” гэсэн юм.

БҮХ НИЙТИЙН ХӨГЖИЛ

Аюулгүй байдлын хувьд ижил төстэй сорилтуудтай тулгарч байгаа ШХАБ-ын гишүүн орнууд илүү сайн, илүү өргөн хүрээнд хөгжих нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байна. Ерөнхийдөө ШХАБ нь өнгөрсөн хугацаанд бүс нутаг, түүнээс ч давсан хамтын хөгжлийн томоохон хүчин болж өргөжин тэлсэн.

БНХАУ-ын санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын хүрээнд ШХАБ нь харилцаа холбоогоо өргөжүүлж, бүс нутаг болон дэлхий дахинд хөгжлийн асар их боломжийг нээж өгсөн. Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилга болон бүс нутгийн улс орнуудын хөгжлийн стратеги хоорондын уялдаа холбоог ахиулсаар ирсэн.

ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засгийн хэмжээ байгуулагдсан цагаасаа хойш ойролцоогоор 13 дахин өссөн байна. Мөн ШХАБ-ын гишүүн орнууд нь нягт уялдаа холбоотой байдаг учир тэдгээрийн худалдаа эдийн засгийн харилцаа ч жил ирэх тусам өргөжсөөр байна. 2021 онд Хятад улсын ШХАБ-ын бусад гишүүн оронтой хийсэн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиар өсөн 343.1 тэрбум ам.долларт хүрчээ. Ерөнхийдөө 2021 оны байдлаар, ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад худалдаа 6.6 их наяд ам.долларт хүрч, 20 жилийн өмнөхөөс 100 дахин өссөн байна.

Цаашид бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал болон хөгжил дэвшлийг улам бүр ахиулахын тулд хүртээмжтэй бөгөөд харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримталж, худалдаа болон хөрөнгө оруулалтыг либералчлах, хөнгөвчлөх ажлыг идэвхтэй ахиулж, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой бөгөөд жигд ажиллагааг хангаж, нөөц ба үйлдвэрлэлийн хүчин зүйлийн эмх цэгцтэй урсгалыг дэмжихийг есдүгээр сарын 16-ний дээд хэмжээний уулзалтын үеэр ШХАБ-ын гишүүн орнуудад БНХАУ-ын дарга уриалсан юм.

Ковид-19 цар тахлын хүчтэй цохилтыг хохирол багатайгаар даван туулж, дэлхийн хөгжлийг тэнцвэртэй, зохицуулалттай бөгөөд хүртээмжтэй өсөлтийн шинэ шат руу чиглүүлэхийн тулд Ши Жиньпин 2021 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд цахимаар холбогдон үг хэлэх үеэрээ Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн билээ.

Самаркандын дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр “Бүс нутгийн улс орнуудын тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжихийн тулд манай бүс нутагт энэ санаачилгыг хэрэгжүүлэхийн төлөө БНХАУ холбогдох бүх талтай хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаровын хэлсэнчлэн, Дэлхийн хөгжлийн санаачилга нь цаг үеийн чиг хандлага болон бүх улс орны ард түмний энх тайван, хамтын ажиллагаа болон хөгжлийн талаарх хүсэл эрмэлзэлтэй нийцэж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2022 оны 9 дүгээр сарын 16-нд Узбекистаны Самарканд хот дахь Олон улсын хурлын төвд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаардээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлэв. (Синьхуа/Ли Сюэрэнь


Узбекистаны Ферганар мужийн Сэтгүүлчдийн эвлэлийн дарга Мухаммаджон Обидов Дэлхийн хөгжлийн санаачилгыг “гайхамшигтай санаачилга” гэж тодорхойлоод, “Энэ санаачилгын гол мессеж нь ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, динамик хөгжлийг хангах, хамгийн чухал нь дэлхийн хөгжлийн хамтын цогцыг бий болгох явдал юм” гэсэн байна.

ШАНХАЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТУУШТАЙ ДАГАЖ МӨРДӨХ НЬ

Олон улсын хамтын нийгэмлэг нь сунжран үргэлжилж буй Ковид-19 цар тахал, дэлхийн дулаарал зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудтай тэмцэж байгаа бөгөөд эдгээр сорилтыг аль ч улс дангаараа даван туулах боломжгүй.

Өнгөрсөн жилүүдэд ШХАБ нь Шанхайн үзэл баримтлал дор эдгээр сорилтыг даван туулахын тулд дэлхий нийтийн эв санааг бэхжүүлэх арга замыг тууштай судалж ирсэн.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2022 оны 9 дүгээр сарын 16-нд Узбекистаны Самарканд хот дахь Олон улсын хурлын төвд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хэмжээний уулзалтын хаалттай хуралдаан болохын өмнө ШХАБ-ын бусад гишүүн орны удирдагчидтай зураг татуулж буй нь. (Синьхуа/Ли Тао)


ШХАБ-ын амжилтын туршлагаас харахад улс орнууд бие биенийхээ язгуур эрх ашиг болон сонгосон хөгжлийн замд хүндэтгэлтэй хандах; хамтын ашиг сонирхлын төлөө зөвлөлдөх, хамтран ажиллах зарчимд үнэнч байх; бие биедээ эрх тэгш хандаж, хүчтэй нь сул доройг, том нь жижгийг дээрэлхэх хандлагаас зайлсхийх; өөр өөр соёл, зан заншилтай улс орон, үндэстнүүд энх тайвнаар зэрэгцэн оршиж, санал зөрөлдөөнөө энхийн замаар буюу яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийн төлөө бат зогсох хэрэгтэй.

“Бид жинхэнэ олон талт үзлийг дэмжиж, дэлхийн засаглалыг сайжруулж, олон улсын дэг журмыг илүү шударга бөгөөд тэгш байлгахын тулд НҮБ төвтэй олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хэрэгжүүлж, ялагчгүй тоглоом болон улс төржилтөөс татгалзах хэрэгтэй” гэж Ши Жиньпин хэлжээ.

ШХАБ шинэ гишүүд болон яриа хэлэлцээний түншүүдээр хүрээгээ тэлж буй нь тус байгууллагын хамрах хүрээ болон нэр хүнд өсөж буйг нотлон харуулж байна. Есдүгээр сарын 16-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Иран албан ёсоор ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орон болсон юм.

Мөн энэ дээд хэмжээний уулзалтаар Беларусь улсыг гишүүнээр элсүүлэх ажлын эхлэлийг тавьж, Египет, Саудын Араб болон Катарт ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгож, Бахрейн, Мальдив, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт болон Мьянмарыг яриа хэлэлцээний шинэ түншээр элсүүлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

Ийнхүү хүрээгээ тэлснээр ШХАБ нь дэлхийн шударга ёсны төлөөх хүчирхэг нэгэн байгууллага болж байна.

ШХАБ-ын үйл хэрэгт харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, эрх тэгш байдал, зөвшилцөл, соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх зэрэг Шанхайн үзэл баримтлалын амин сүнс бүрэн шингэсэн байна.

Ираны Шахид Бехештийн нэрэмжит их сургуулийн хятадач эрдэмтэн Фархад Жаванбахт Хейрабади хэлэхдээ “ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаа, зохицуулалт нь олон талт үзлийг өргөжүүлэх үндэс суурийг тавьж, дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тус дөхөм болж, хүмүүст итгэл найдвар төрүүлж байна” гэлээ.

Түүний хэлсэнтэй санал нэг буйгаа Беларусийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Алексей Авдонин илэрхийлээд “ШХАБ нь тус байгууллагын гишүүн орнуудын ард түмэнд ашиг тусаа өгөөд зогсохгүй дэлхийн энх тайван, дэг журам болон хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж байна” гэсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)