Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй Италийн үндэсний судалгааны зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзаж, “3R4UB” төслийн талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /ариглая, ангилъя, ашиглая/ дадал буюу “3R4UB” төсөл нь нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжихөөр зорьж буй энэ цаг үед байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах “3R4UB” төслийг 2024 он хүртэл хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байна. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болсон ногоон хөгжлийг бий болгох, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, улмаар байгалийн нөөцийг үр ашигтай ашиглахад чиглэсэн энэхүү төсөл нь хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд олон нийтэд хог хаягдлыг багасгах, зүй зохистой ангилан ялгах зэрэг зөв уриалгыг хүргэхэд чухал ач холбогдолтой. Иймд Хотын даргын хувьд бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байна. Мөн төсөл хэрэгжиж буй салбарт хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Элчин сайд Лаура Ботта судалгаа болон түүнээс гарах дүгнэлт чухал хэдий ч үүнийг үр дүнтэй болгох гол хүчин зүйл бол бодлого, шийдвэр гэдгийг онцолж байв. Мөн Италийн үндэсний судалгааны зөвлөлийн төлөөлөгчдийн зүгээс төслийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, тулгамдаж буй асуудал зэрэгт үндэслэн мастер төлөвлөгөө гаргахаа хэлж байлаа.

Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 1.3 сая тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал бий болдог бөгөөд Улаанбаатар хот үүнээс 11.4 хувийг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нийслэлд бүртгэлтэй нийт 34 хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар 14 байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь гол төлөв хуванцар болон бор цаасны дахин боловсруулалт хийдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)