Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын дэлхийн 7 хоног эхэллээ

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын дэлхийн 7 хоног жил бүрийн 10 дугаар сарын сүүлийн долоо хоногт тохиодог. Энэ өдрүүдийг дэлхий дахин 2011 оноос хойш хуанлид дугуйлах болсон бөгөөд 11 дэх удаагийн MILweek энэ жил Нигери улсын Абужа хотод болж буй юм. Монгол Улсын хувьд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн санаачлан 2018 оноос энэхүү долоо хоногийг үндэсний хэмжээнд зарлан, тэмдэглэх болсон юм.

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (ХММСБ) нь хүмүүст мэдээлэл ашиглахын давуу талыг нэмэгдүүлж, аливаа сөрөг нөлөөллийг багасгахад туслах цогц мэдлэг, чадвар юм. Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийг ойлгохын тулд өдгөө хэвлэл мэдээллийн бүхий л хэлбэрийг хэрхэн үр дүнтэй ашиглахаа мэддэг байх нь чухал боллоо.

Сонин, сэтгүүл, бусад хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл, номын сан, музей, архивын үйлчилгээ, радио, телевиз, интернэт болон харилцааны бусад тоон технологи нь шаардлагатай мэдээллийг олж авах, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцоход шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хэрэгцээтэй мэдээллээ үр дүнтэйгээр олж авч, ашиглахын тулд шүүмжлэлтэй, үр дүнтэйгээр бусадтай харилцах, технологи ашиглан агуулга бүтээх, түгээхэд суралцах нь нас, хүйс, гарал үүслээс үл хамааран бүх иргэнд зайлшгүй шаардлагатай болоод байгаа. 

ХММСБ-ын энэ жилийн дэлхийн 7 хоногоор “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” гэсэн уриан дор нэгдэж байна. Иймд  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын (ХММСБ) долоо хоногийн хүрээнд энэ жил Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний оролцогч талуудын IV форумыг зохион байгуулна.

Форум маргааш буюу 10 дугаар сарын 25-нд 12.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно. Форумд төр, засгийн болоод төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцоно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)