Сирийн элчин сайдуудыг хөөлөө
- 2012-05-31
- Дэлхий
- 0
Сирийн Хула хотод бүтэн өдөр үргэлжилсэн цуст хүчирхийллээр 150 гаруй хүн амь үрэгдэж, 300 орчим хүн хүнд, хөнгөн шархадсаны дараа тус улсын Элчин сайдуудыг барууны орнууд хөөлөө. 


Сирийн Хула хотод бүтэн өдөр үргэлжилсэн цуст хүчирхийллээр 150 гаруй хүн амь үрэгдэж, 300 орчим хүн хүнд, хөнгөн шархадсаны дараа тус улсын Элчин сайдуудыг барууны орнууд хөөлөө. Барууны орнууд өнгөрөгч мягмар гаригт ийм шийдвэр гаргажээ.
Тэд Хулагийн хүчирхийлэлд амь үрэгдсэн хүмүүсийн тал орчим хувь нь хүүхдүүд байсанд Сирийн Засгийн газрыг буруутгаж уг шийдвэрийг гаргасан байна. Харин Сирийн эрх баригчид дээрх хүчирхийлэлд Засгийн газар холбоогүй, исламист цэргүүдийн үйлдэл гэж мэдэгджээ.
Барууны орнуудыг Сирийн Элчин сайдуудыг эх орноосоо хөөсөн энэ үед НҮБ болон Арабын лигийн тусгай төлөөлөгч Кофи Аннан Дамаскт зочилж байгаа юм. К.Аннан Дамаск хотод Сирийн удирдагч Башар альАссадтай уулзсаны дараа тус улсыг “дээсэн дөрөөн дээр байна” гэж тодорхойлжээ.
Учир нь Башар Ассад түүний цус урсгасан хүчирхийллээ зогсоох хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, Хулагийн хүчирхийлэлд бид оролцоогүй гэж үгүйсгэсэн байна. Сирийн сөрөг хүчин болон тус улс дахь олон улсын сэтгүүлчид, хүний эрхийн байгууллага, тэдний идэвхтнүүдийн баталж буйгаар Хулаг Засгийн газрын цэргүүд бууджээ. Үүнээс өмнө тэд нь Хула уруу Засгийн газрын олон танк, их буу зэрэг хүнд зэвсгийн бүтэн салаа ирж явааг дуулгасан юм.
НҮБ-аас мэдээлснээр, өнгөрөгч баасан гаригт эхэлсэн уг халдлагын үеэр хэд хэдэн өрх ам бүлээрээ амь үрэгдсэн байна. Орой эхэлсэн гэнэтийн энэ довтолгооны үеэр тэдгээр өрхийн гишүүд бүгд гэртээ байжээ.
Барууны голдуу дэлхийн орнууд энэ явдалд Сирийн Засгийн газрыг буруутгаж, Ассадыг удаа дараа давтаж буй уг үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардлаа. Түүнчлэн Францын Гадаад харилцааны сайд Лоран Фабиус “Le Monde” сонинд өгсөн ярилцлагадаа Сирийн удирдагч Башар альАссадыг ард түмнийхээ алуурчин гэж цоллоод эрх мэдлээ өөрөөсөө илүү бусдыг удирдах чадвартай хэн нэгэнд шилжүүлэх хэрэгтэй гэж дурджээ.
Сири дэх НҮБ-ын энхийг сахиулах хүчний тэргүүн Эрве Ладсу “Ассадын Засгийн газар террорист бүлгүүдийг устгаж байна гэж хэтэрхий өөртөө итгэснээс ийм явдал боллоо” гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар АНУ, Франц, Британи, Канад, Герман, Итали, Испани, Нидерланд, Швейцарь, Австрали, Болгар улс Сирийн Элчин сайдыг хөөсөн болон хөөх болсноо албан ёсоор мэдэгдээд байна.
Тэднийг дэмжиж ойрын хэдэн цаг болон хэдэн өдрийн дотор Сирийн Элчин сайдыг нийслэлээсээ хөөхөө нэлээд хэдэн орон илэрхийлсэн гэнэ. Барууны орнууд “Хулагийн хүчирхийлэл Ассадыг огцрох болсныг сануулж байна. Олон улс ч ийм бодолтой байгаа. Башар Ассад Хулагийн хүчирхийллээр НҮБын ерөнхий нарийн бчигийн дара асан Кофи Аннаны төлөвлөгөөг хүлээн авахгүй гэдгээ эргэлзээгүй нотоллоо” гэж мэдэгджээ.
Үүнээс өмнө Сирийн сөрөг хүчний зарим гишүүн “К.Аннаны төлөвлөгөө Ассадад хугацаа олгохоос цааш хэтрэхгүй” гэж онцолж байсан аж. Хулагийн хүчирхийлэлтэй холбогдуулан НҮБ Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахаар болсон билээ.
Зөвлөлийн хуралдаан дээр барууны орнууд Сирид цэргийн хүч оруулах асуудлыг дахин тавих нь тодорхой байна. Харин Сирид цэргийн ажиллагаа явуулахаар болбол Франц Улс тэргүүлэхгүй гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Тус улсын экс Ерөнхийлөгч Николя Саркози Ливийн удирдагч Муаммар Каддафийг унагах НАТО-гийн цэргийн ажиллагааг эхлүүлж байсан билээ.
Үүнээс улбаалж барууны орнууд Франсуа Олландаас Сирид явуулах НАТО-гийн ажиллагааг тэргүүлэн оролцох эсэхийг лавлажээ. Хариуд нь, Ф.Олланд ийм бодолгүй байна. Харин Москваг Башар аль-Ассадад үзүүлэх дэмжлэгээ зогсоох, бууж өгөхийг ятгах зэрэг ямар нэгэн үйлдлээр Сирийн хүчирхийллийг зогсооно гэдэгт найдаж байна гэсэн байна. Олон улс ч Москваг энэ асуудлыг зүгээр орхихгүй байхыг хүсчээ.
Ф.Олланд ирэх баасан гаригт Парист ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Сирийн асуудлаар хэлэлцэхээр болсон байна. Тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Хула хотын хүчирхийлэлд гүнээ харамсч байна гээд уг явдлыг шударгаар мөрдөн шалгахыг талуудад уриалсан байна.
Тэрбээр Сирийн хүчирхийллийг зогсоох энхийн элч Кофи Аннантай утсаар холбогдож, Хулагийн хүчирхийллийн талаар ярилцжээ. К.Аннаныг Дамаскт очих үеэр Сирид үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын ажиглагчид Хула хотын ойролцоогоос их буу, танкны шинэ мөр олсноо дуулгаж, хөнгөн зэвсэгтэй босогчид Хула хотод халдаагүй гэсэн байна.
Юутай ч олон улс Хулагийн хүчирхийллээр “далимдуулан” Ассадыг унагахыг хичээж байгаа ба Москваг үүнд нэгдэхийг уриалж байна.

Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)