У.Цогтбаяр: Нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя

Ард, иргэдийн жагсаал өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахгүй, тэдний төлөөллийг хүлээн авч уулзахгүй байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүмжилж, хууль хяналтын байгууллагуудын удирдлагатай уулзаж, үүнд онцгойлон анхаарахыг үүрэгдсэн.

Энэ үеэр Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордны гадна гарч ирж жагсагч иргэдтэй уулзлаа. Түүний яриа төдийлөн сайн сонсогдохгүй, жагсагчдын дууг давж гарахгүй байсан ч өчигдөр хүргэсэн мэдээлэлтэй төстэй агуулгыг ярьж байсан юм. Тэрбээр жагсагчдын төлөөллөөс ордон руу оруулж, асуудлыг хамтдаа хэлэлцэхийг санал болгосон юм.

Энэ үеэр иргэдийн төлөөлөл, жүжигчин У.Цогтбаяр гарч ирэн "Сая юу ч сонсогдсонгүй ээ. Ерөнхий сайд аа, залуучуудыгаа тоогоод гарч ирсэнд баярлалаа. Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя. Мөнгөө авъя, ах аа! Хэдэн жилийн хулгай юм бэ. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж та хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Та МАН-ын санхүүтэй холбоотой бүх хүнээс битгий айгаач. Та ард түмэнтэйгээ хамт гэж хэллээ. Тийм юм бол битгий нуу, битгий ерөнхий ярь. Та нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго. Ард иргэд олон хоног хүлээлээ" гэсэн юм. 

Ерөнхий сайд жагсагчдаас 100 хүртэлх иргэний төлөөллийг хүлээн авч уулзахаар болсон ба тэднээс нүүрсний хулгайн асуудлыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулна гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)