Х.Мубаракийн хоёр хүүг эцгийнх нь өрөө рүү шилжүүлнэ
- 2012-06-04
- Дэлхий
- 0
Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракт тус улсын шүүх бүх насаар нь хорих ял оноожээ. 

Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракт тус улсын шүүх бүх насаар нь хорих ял оноожээ. Үүнийг эсэргүүцэн тус улсын олон иргэн нийслэл Каирын төв талбайд жагсч байна.
Каирын эрүүгийн шүүх Египетэд дэлгэрсэн иргэдийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн 800 гаруй энгийн иргэний үхэлд экс Ерөнхийлөгч Х.Мубарак болон түүний хоёр хүү, албаны бусад хүнийг буруутгасан юм. Египетийн “Аль-Ахрам” сонинд бичсэнээр Х.Мубаракийг нийслэл Каирын ойролцоох “Тора” хэмээх цогцолбор шоронд хорьжээ.
Уг шоронд Х.Мубаракийн хоёр хүү Ала болон Гамал Мубарак нар хоригдож байгаа аж. Тэд шоронгийн захиргаанаас эцгийнхээ хоригдож буй камер уруу шилжүүлэхийг хүсчээ. Египетийн хуулиар ял эдэлж буй нэг гэр бүлийн гишүүдийг хамтад нь хорих ёстой аж.
Тиймээс Ала, Гамал нар тун удахгүй 84 настай эцэг дээрээ очно гэж “АльАхрам” сонинд бичжээ. Х.Мубарак олон нийтийн эсэргүүцлийн улмаас өнгөрөгч 2011 оны хоёрдугаар сард сайн дураараа албан тушаалаасаа огцорсон бөгөөд түүнийг шүүх хурал жил гаруй тойрсны дараа өнгөрөгч бямба гаригт болж өндөрлөсөн юм.
Учир нь экс Ерөнхийлөгчийн биеийн байдал сайнгүй байснаас ийнхүү удаа дараа хойшилсон билээ. Харин түүний хөвгүүдийг эцгийг нь засгийн эрхээс буусны дараахан хорьсон.
Гэхдээ тэдэнд шүүхээс хараахан ял оногдуулаагүй байгаа юм. 18 өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн 800 гаруй энгийн иргэний үхэлд мөн буруутгагдаад буй Ала, Гамал нарт авлига, луйврын хэргээр нэмж эрүү үүсгэн мөрдөн шалгаж байгаагаас ийнхүү шүүх хурал хойшилсоор байгаа аж.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)