“ОХУ-ын зорилго Сирид энх тайван тогтоох”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн асуудлаар Парист зочилж Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж ярилцсаныхаа дараа “Бид Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад юм уу тус улсын сөрөг хүчний алинд нь ч дэмжлэг үзүүлэхгүй. Гэхдээ Сирид энх тайван тогтоохыг хүсч байна...

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн асуудлаар Парист зочилж Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж ярилцсаныхаа дараа “Бид Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад юм уу тус улсын сөрөг хүчний алинд нь ч дэмжлэг үзүүлэхгүй. Гэхдээ Сирид энх тайван тогтоохыг хүсч байна. Сирид энх тайван тогтоох нь ОХУ-ын зорилго” гэж сэтгүүлчдэд хэлжээ. 
Тэрбээр цааш нь “Сирид томоохон хэмжээтэй иргэний дайн дэгдэхээс сэргийлж тус улс дахь хүчирхийллийг зогсооход шаардлагатай бүхнийг Сирийн ард түмний төлөө бид хийнэ. 
Бидний Сири дэх улстөрийн зорилго энэ байх болно” гэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх баруун орнууд Сирийн эрх баригчдыг Хула хотод хүчирхийлэл үйлдэж 150 гаруй хүний аминд хүрсний дараа Сирид цэргийн хүч оруулахад ОХУ-ыг дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд энэ асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Франц, Германд зочилж байгаа юм. Одоо тэрбээр Берлинд Германы канцлер Ангела Меркельтэй уулзаж байна. 
В.Путин Берлинийг зорихоос өмнө Францын сэтгүүлчдэд “НАТО Ливид довтолсны дараа юу боллоо. Муаммар Каддафийг ямар хувь заяа угтсаныг бүгд мэдэж байгаа. 
Сиртэ хотод босогчид нэвтэрсний дараа юу болсныг Та нар мэдэж байна уу. Яагаад энэ тухай бичихгүй байгаа юм бэ. Тэнд хүнлэг, энэрэнгүй явдал байсан уу. Египетийн ард түмэн гаднын оролцоогүйгээр бүхнийг хийж байна. Тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ” гэж хэлжээ. 
Гэхдээ барууны орнууд Сирийн байдал Египетээс өөр гэдгийг онцолж байна. Учир нь Сирид хүчирхийлэл жил гаруй үргэлжилж 10 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. 18 өдөр үргэлжилж 800 гаруй хүн амь үрэгдсэний дараа сайн дураараа огцорсон Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак шиг Сирийн Ерөнхийлөгч Башар альАссад огцрох нь битгий хэл харин ч босогчдыг хүчээр дарахаар улам бүр зүтгэсээр байна. Арабын ертөнцийн буурай хөгжилтэй орнуудын төрийг олон жил барьсан Ерөнхийлөгчдийг голдуу онилсон “Арабын хавар” хэмээх хувьсгал эхэлсэн л бол хүчээр дарагдахгүй гэдгийг барууны сэтгүүлчид тэмдэглэх болжээ. 
“Арабын хавар” дэгдэхээс сэргийлж Ойрхи Дорнод, Африкийн орнуудын төрийн эрхийг атгагчид парламент, Ерөнхийлөгчийн сонгууль явуулах, иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг ардчилсан нэмэлт өөрчлөлтүүдийг Үндсэн хуульдаа оруулж байгаа юм. Харин Башар аль-Ассад ганцаараа үүнийг сөрж зогсохоор шийдсэн бололтой. 
Хэдийгээр В.Путин Сирийн асуудалд хэтэрхий хөндлөнгөөс оролцохын эсрэг байгаа ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр К.Аннаны төлөвлөгөөг Сирийн хүчирхийллийг зогсооход хувь нэмэр оруулж байгаа гэж мэдэгдсэн байна. В.Путиныг Францад зочлохоос өмнө тус улсын Ерөнхийлөгч Ф.Олланд хэрвээ Аюулгүйн зөвлөл Сирид цэрэг оруулахаар болбол энэ ажиллагаанд Франц Улс оролцохгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Э.ТӨГС 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)